Чөлөөт ДАШТ: 125 кг-д хэн түрүүлэх вэ? 

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн тэмцээн эхэлнэ. 70, 79, 86, 125 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд болно.

Хүнд жинд М.Лхагвагэрэл 1/8 финалаас барилдана. Тэрээр Сербийн дагестан бөх Магомедгаджи Нурасулов, Узбекистаны Хасанбой Ахмаджонович Рахимов хоёрын ялсантай эхний барилдаанаа хийнэ. Дагестан залуу энэ жилийн Газрын дундад тэнгисийн орнуудын наадмын аварга бол Рахимов 2021 оны Исламын орнуудын наадмын хүрэл медальт бөх. 2019 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн ч допингоор хураалгаж байжээ. М.Лхагвагэрэл ялахад 2021 оны Азийн аварга Казахстаны Олег Болтинтой наймд таарах магадлал өндөр байна. Энэ талд дэлхийн чансааг тэргүүлэгч Гүржийн Гено Петриашвили байгаа. Нөгөө талд мэдээж Туркийн Таха Акгюль.

Таха Акгюль (Турк) – Риогийн олимпын аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (Ташкент-2014, Лас-Вегас-2015), ДАШТ-ий хос мөнгөн медальт (Париж-2017, Нур-Султан-2019), хос хүрэл медальт (Будапешт-2013, Осло-2021), 2015 оны Европын наадмын аварга, Европын 8 удаагийн аварга (2012, 2013, 2014, 2017, 2018, 2019, 2021, 2022).

Гено Петриашвили (Гүрж) – Токио олимпын мөнгөн медальт, Риогийн олимпын хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга (Париж-2017, Будапешт-2018, Нур-Султан-2019), ДАШТ-ий мөнгөн медальт (Осло-2021), ДАШТ-ий хүрэл медальт (Будапешт-2013, Лас-Вегас-2015), Европын хошой аварга (Рига-2016, Рим-2020).

Амир Заре (Иран) – Токио олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга.

Сүүлийн хоёр олимпын циклд Таха Акгюль, Гено Петриашвили хоёр энэ жинд тэргүүлж байгаа. Тэд хоорондоо найм барилдаж, Таха 5 ялсан байдаг. Харин Ираны Амир Заре өнгөрсөн жил Ослод хагас шигшээд Тахаг 4:0, финалд Петриашвилиг (9:2) ялсан билээ. Энэ жил Гено Европын АШТ-д финалд Тахад ялагдсан, дараа нь Итали, Тунисийн тэмцээнд ялсан. Харин Таха Еврод түрүүлснээс гадна Яшар Догуд түрүүлсэн. Амир Заре энэ жил ганцхан Казахстаны Болат Турлыханов тэмцээнд оролцож, түрүүлсэн билээ. Амир Таха хоёр нэг хэсэгт орсон байгаа. Энэ гурваас гадна манай М.Лхагвагэрэл, Хятадын Живей Денг, Польшийн Роберт Баран нар медалийн төлөө өрсөлдөх нь ойлгомжтой. Хашир туршлагатай Ник Гваздовскийг сонгон шалгаруулалтад ялсан АНУ-ын Хайден Зиллмер хэрхэн барилдах нь их сонирхолтой.  

Дэлхийн чансаа

1. Гено Петриашвили (Гүрж) – 102400; 2. Таха Акгуль (Турк) - 88200; 3. Амир Заре (Иран) - 87200; 4. М.Лхагвагэрэл (Монгол) - 70600; 5. Гейбл Стивсон (АНУ) – 51000; 6. Ник Гваздовский (АНУ) - 38800; 7. Олег Болтин (Казахстан) - 37520; 8. Геннадий Кудинович (Герман) - 28000; 9. Юсуп Батырмурзаев (Казахстан) - 27440; 10. Хейден Зиллмер (АНУ) - 6400.

125 кг-ын жингийн сүүлийн 10 жилийн дүн

ДАШТ-2021. Осло. 1. Амирхоссейн Заре (Иран); 2. Гено Петриашвили (Гүрж); 3. Таха Акгюль (Турк); 3. М.Лхагвагэрэл (Монгол); 5. Олег Болтин (Казахстан); 5. Ник Гваздовский (АНУ); 7. Зелимхан Хизриев (ОХУ); 8. Юссиф Хемида (Египет); 9. Александр Колдовский (Украин); 10. Роберт Баран (Польш).

Токио олимп 1. Гейбл Дин Стивсон (АНУ); 2. Гено Петриашвили (Гүрж); 3. Амирхоссейн Заре (Иран), Таха Акгуль (Турк); 5. Живей Денг (Хятад), М.Лхагвагэрэл (Монгол); 7. Эгзон Шала (Косово); 8. Геннадий Кудинович (Герман); 9. Денис Хроменков (Беларусь); 10. Диаелдин Абдельмотталеб (Египет).

ДАШТ-2019. Нур-Султан. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Таха Акгюль (Турк); 3. Живей Дэнг (Хятад); 3. Александр Хоцяновский (Украин); 5. Эгзон Шаала (Косово); 6. Ядоллах Мохеби (Иран); 7. Жамалудин Магомедов (Азербайжан); 8. Александр Романов (Румын); 9. Алан Хугаев (ОХУ); 10. Ник Матюхин (Герман).

ДАШТ-2018. Будапешт. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Живей Дэнг (Хятад); 3. Парвиз Хади (Иран); 3. Николас Гваздовский (АНУ); 5. Анзор Хизриев (ОХУ); 5. Сумит (Энэтхэг); 7. Таха Акгуль (Турк); 8. Катриэль Муриэль (Аргентин); 9. Даниель Лигети (Унгар); 10. Ермухамбет Инкар (Казахстан).

ДАШТ-2017. Парис. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Таха Акгуль (Турк); 3. Николас Гваздовский (АНУ); 3. Леван Берианидзе (Армен); 5. Анзор Хизриев (ОХУ); 5. Н.Золбоо (Монгол); 7. Кори Жарвис (Канад); 8. Айал Лазарев (Кыргызстан); 9. Ядоллах Мохеби (Иран); 10. Таики Ямамото (Япон)

Олимпын наадам-2016. Рио-де-Жанейро. 1. Таха Акгуль (Турк); 2. Комейл Гасеми (Иран); 3. Ибрагим Саидов (Беларусь); 3. Гено Петриашвили (Гүрж); 5. Леван Берианидзе (Армен); 5. Тервел Длагнев (АНУ); 7. Даниель Лигети (Унгар); 8. Жарвис Кори (Канад); 9. Камал Абдельмоталеб (Египет); 10. Ален Засеев (Украин)

ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Таха Акгуль (Турк); 2. Жамалудин Магомедов (Азербайжан); 3. Гено Петриашвили (Гүрж); 3. Билял Махов (ОХУ); 5. Ж.Чулуунбат (Монгол); 5. Леван Берианидзе (Армен); 7. Даулет Шабанбай (Казахстан); 8. Нобуеши Аракида (Япон); 9. Парвиз Хади (Иран); 10. Айал Лазарев (Киргиз).

ДАШТ-2014. Ташкент. 1. Таха Акгуль (Турк); 2. Комейл Гасеми (Иран); 3. Хажимурат Гацалов (ОХУ); 3. Тервел Длагнев (АНУ); 5. Александр Хоцяновский (Украин); 5. Алексей Шемаров (Беларусь); 7. Ж.Чулуунбат (Монгол); 8. Аслан Дзебисов (Азербайжан); 9. Ник Матухин (Герман); 10. Живей Денг (Хятад).

ДАШТ-2013. Будапешт. 1. Хажимурат Гацалов (ОХУ); 2. Ален Засеев (Украин); 3. Гено Петриашвили (Гүрж); 3. Таха Акгуль (Турк); 5. Живей Дэнг (Хятад); 5. Тервел Длагнев (АНУ); 6. Рарес Чинтоан  (Румын); 8. Жамалудин Магомедов (Азербайжан); 9. Даниэль Лигети (Унгар); 10. Комел  Гасеми (Иран).

Олимпын наадам-2012. Лондон. 1 Билял Махов (ОХУ)/Комейл Гасеми (Иран); 3. Тервел Длагнев (АНУ); 3. Даулет Шабанбай (Казахстан); 5. Ж.Чулуунбат (Монгол); 5. Алексей Шемаров (Беларусь); 7. Таха Акгуль (Турк); 8. Рарес Чинтоан (Румын); 9. Эль Дисонку (Египет); 10. Даниель Лигети (Унгар).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top