[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] +35 насныхны АРЬС АРЧИЛГАА ба ЭРҮҮЛ МЭНД

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Амьдралын үнэнтэй нүүр тулахдаа асуудлаас зугтах биш боломжийг эрж хайх нь хамгийн зөв зам байдаг. 

35-аас дээш насанд хүний бие организмд биологийн хөгшрөлт явагдан, дааврын тэнцвэрт байдал алдагдаж эхэлдэг. Энэ насанд үрчлээ үүсэх нь нэмэгдэж, арьсны уян хатан байдал суларна. Бодисын солилцоо удааширснаас зарим эмэгтэйчүүдэд илүүдэл жингийн асуудал үүсдэг. Тэгвэл эдгээр асуудлыг зохицуулахад туслах зөвлөгөөг хүргэж байна. 


Дааврын тэнцвэртэй байдал чухал... Бүр хамгаас чухал

Гормоны тэнцвэр алдагдахад зүрх судас, арьс, яс, мэдрэлийн систем зэрэг бусад эрхтэн системд өөрчлөлт ордог. 35-аас дээш насанд жирэмслэх чадвар багасдаг нь дааврын өөрчлөлттэй холбоотой. Үүнийг дагаад бүх эрхтэн системд өөрчлөлт ордог. Бие организмд дааврын өөрчлөлт явагдаж байгааг хүн өөрөө мэдэхгүй. Үс унах, хараа муудах, үе мөч өвдөх зэрэг өөрчлөлтүүд гормоны тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэдэг хамгийн чухал дохио болдгийг бүсгүйчүүд анхаарч, аль болох байгалийн гаралтай эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь маш чухал. 

 

  • 35-аас дээш насанд эмнэлэгт хандаж, дааврын өөрчлөлтийн түвшинг тодорхойлуулах шаардлагатай.
     
  • Мөн энэ насанд эмэгтэйчүүдийн эмч, хөхний эмчийн хяналтад байх нь чухал юм. Биед далд өвчин байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээнд заавал хамрагдаарай.
     
  • Цэвэршилт нь дааврын өөрчлөлттэй холбоотой. Эмэгтэй хүн бүрт амьдралын тодорхой насанд цэвэршилт явагддаг. Цэвэршилт дунджаар 45-55 насанд тохиолдох бөгөөд янз бүрийн шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр нь дааврын өөрчлөлттэй холбоотой байдаг.

Биеийн жингээ хяна
 

Бодисын солилцоо удааширснаас үүдэн биеийн жин хурдан нэмэгдэх тал руугаа ордог +35 насанд та өөрт тохирох дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгосон байх ёстой.

Ялангуяа суугаа хэв маягтай ажил эрхэлдэг бүсгүйчүүд +35 насанд хөдөлгөөнийг амьдралын зөв хэв маягаа болгож, согтууруулах ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн, буруу өөх тосноос татгалзах нь зүйтэй. 

Дасгал хөдөлгөөн нь явган алхах, ууланд алхах, фитнесс, йог, аэробик, сунгалт, бүжиг зэргийн аль нь ч байж болно. Спортоор хичээллэдэг, хоногт унтаж амрах ёстой хэмжээндээ унтаж амарч чаддаг эмэгтэйчүүд наснаасаа залуу харагддаг.

Илүүдэл жингээсээ салах, жингээ барихад дээрх аргуудаас гадна дотор хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах, дотор өөхийг шатаах замаар эрүүлжих олон арга бий. Тухайлбал, Детокс хийхэд туслах орчин үеийн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Өөрсдийн гараар бэлтгэх смүүти, жимсний ундааны хэрэглээ. Мэдээж эрүүл хооллолт. 

Арьс арчилгаагаа илүү нарийн болго

Арьсаа сайн арчилж, цэвэр байлгах нь үрчлээ үүсэхээс хамгаалах хамгийн сайн арга. +35 наснаас хүний үрчлээ нэмэгдэж, 55-60 насны үед дээд цэгтээ хүрдэг байна. Гэхдээ арьсаа зөв арчилснаар энэ асуудлыг багасгах боломжтой.

+35 насанд арьс арчилгаа илүү нарийн, зорилтот байх ёстой. Зүгээр л цэвэрлэж, чийгшүүлэх нь хангалтгүй. Учир нь энэ насанд арьс уян хатан чанараа алдаж, илүү мэдрэмтгий эсвэл хуурай болж, үрчлээс, нөсөө толбо гарч, өнгө нь бүдгэрч эхэлдэг. Мэдээжийн хэрэг амьдралын хэв маягаас их зүйл шалтгаална. Тамхи татах, стресс, эрүүл бус хооллолтын сөрөг ул мөр арьсан дээр илэрч гарч ирдэг. Тиймээс нөсөө толбо, арьсанд туслах химийн найрлага багатай, байгалийн гаралтай, арьс хөгшрөх, үрчлээтэх, унжихыг сааруулж, батга, сэвх, толбо, нүүрний өнгөний өөрчлөлтийг сэргээх бүтээгдэхүүнийг гаднаасаа түрхэхээс гадна орчин үеийн технологиор бүтээж буй дотроос уух нэмэлт бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хэрэглэх нь чухал. 

Ялангуяа арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсны хөгшрөлтийн эрсдлийг бууруулан, коллагенийг нөхөн сэргээж, цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн энэ насныханд талх шиг л хэрэгтэй. 

Гэхдээ арьсаа чангалж байна гээд хэт хүчтэй бүтээгдэхүүн сонгохоос илүү зөөлөн бүтэцтэй, зөөлөн үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгож, арьсаа будаг, бохирдлоос сайтар цэвэрлэж, гэмтээхгүй байхыг чухалчлаарай. Мөн арьсны дээд давхаргыг үе үе гуужуулж байх ёстой. Ингэхдээ зөөлөн, бүдүүн ширхэггүй гуужуулагч сонгоорой.

Өдөр тутамдаа нүүрээ хөнгөн массажил. Арьсаа маш сайн чийгшүүл. Арьс хуурайшвал хурдан хөгширдөг. Тиймээс чийгшүүлэх нь үргэлж нэгдүгээрт байх ёстой.

Нүдэндаа анхаарал хандуул

+35 насанд нүдний орчмын нимгэн арьсыг арчлахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Өдөр бүр та энэ эмзэг хэсгийг чангалж, чийгшүүлж, бэхжүүлдэг тос хэрэглэ. Зовхины маск, наалт хэрэглэж болно.

Нүдний будгийг заавал зориулалтын нүдний будаг арилгагчаар арилгаарай. Хамгийн сүүлд нь арьсныхаа онцлогт тохирсон тоникоор цэвэрлэгээгээ дуусга.

 

Нэмж зөвлөхөд...

 

  • Нүүрэндээ нэг л тосыг байнга бүү хэрэглэ. Тосоо сольж бай.
     
  • Тосоо зузаан түрхэх хэрэггүй. Арьсыг чийгшүүлэхийн тулд багахан тос түрхэхэд хангалттай.
     
  • Кремийг зузаан түрхэх хэрэггүй. Их крем түрхсэн бол салфеткаар арчиж багасгаж болно.
     
  • Тосыг гадагш гарахаас 1 цагийн өмнө түрхээрэй. Шөнийн тосыг унтахаасаа 40-60 минутын өмнө түрх.
     
  • Хоногт заавал найман цаг унтаж амрахыг зорь.
     
  • Өдөр бүр шинэ ногоо, жимс жимсгэнэ хэрэглээрэй.
     
  • Ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүнийг дотроосоо уух нь энэ насныханд хоол шиг чухал зүйл. 
     
  • Өдөрт өөрийн биеийн жинд тохирох хэмжээний ус уух нь маш чухал. 
     
  • Нүүрэндээ төдийгүй биеийн арьсандаа анхаар. Биедээ өдөр бүр чийгшүүлэх тос түрхэж, массаж хий.
     
  • Сунгалт, дасгал хийгээрэй.
     
  • Түргэн хоолноос татгалзаж, гэртээ шим тэжээлтэй хоол бэлдэж сурах хэрэгтэй.
     
  • +35 насанд нарны шил зайлшгүй шаардлагатай. Нүдний эргэн тойрны арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахад нарны шил чухал нөлөөтэй. 
     
  • Халуун бигнүүр тавих хэрэгтэй. Цэвэр алчуур юм уу тусгайлан бэлтгэсэн самбайг халуун усанд дүрж, усыг нь сайн базаж, үрчлээтэй газраа тавиад  2-3 минут байлгана. Дараа нь зөөлөн арчиж цэвэрлэх эсвэл хүйтэн усаар шүрших хэрэгтэй.
     
  • Yрчлээ үүсэж эхэлсэн үед өдөр бүр 5 минут гарын хурууны өндгөөр зөөлөн тогшиж, иллэг хий. Энэ нь цусны эргэлтийг сайжруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top