Төрөөс утга зохиол, ном хэвлэлийн салбарыг чухалчилж үзэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 02

Номын цагаан буянг үр хойчисдоо сурталчлан өвлүүлсээр ирсэн манай ард түмний өв уламжлал арвин билээ. Аман зохиолын хэлбэр хүн төрөлхтөний хөгжлийн явцад бичгийн хэл рүү шилжсэнээр утга зохиолын салбар хөгжиж бидний мэдэх үлгэр, домог номын хуудсанд залрах болсон. Тиймээс утга зохиол нь үндэсний өв уламжлалыг илэрхийлэх соёлын чухал өв юм гэдгийг манай улсын Соёлын яам хүлээн зөвшөөрч буй. Цаасан хэлбэрийн ном унших соёл эргэн дэлгэрч, хүүхэд залуус номын баярыг тэсэн ядан хүлээдэг болсон энэ цаг үед Утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн хэлэлцүүлэг өчигдөр болж өндөрлөсөн юм. Өдгөө ном борлуулах зах зээлд олон нийтэд зориулсан дотоодын болон гаднын зохиолчдын бүтээл их бий. Харин хүүхдийн уран зохиолын ном ховордож, чанарын шаардлага хангахаа байсныг эцэг эх болон багш нар шүүмжлэх болсон. Үүн дотор үндэсний гэх тодотголтой хүүхдийн зохиол хуруу дарам цөөн болсон байна. Тиймээс Соёлын яам, Соёл урлагийн газар, МУ-ын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөн Монголын зохиолчдын эвлэл, Хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын үндэсний номын сан, Ном зүйн инновац хөгжлийн хүрээлэн хамтран зохион байгуулагчаар оролцов.


 

ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ УТГА ЗОХИОЛЫН БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САН ХӨМРӨГТ ОРУУЛНА

 

Тус үйл ажиллагааны эхэнд зохион байгуулагчдын төлөөлөл соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд утга зохиол, ном хэвлэлийн салбар орсон талаарх илтгэлийг танилцуулсан юм. Утга зохиол, ном хэвлэлийн салбарыг тэргүүлэх чиглэлийн нэг болгосны хувьд манай улс үндэсний хэмжээний цахим номын сантай болох асуудлыг дэвшүүлсэн байна. Мөн үндэсний сан хөмрөгийг хадгалж, хамгаалж үлдэх, зохиогчийн эрхийг хамгаалах асуудал ч багтжээ. Түүнчлэн монголын уран зохиолыг дэлхийд сурталчлах, гаднын шилдэг бүтээлийг орчуулах, бүх нийтийн уран зохиолын боловсролыг дээшлүүлж нийтийн уншлагыг түгээн дэлгэрүүлэх гэдгийг ч тусгасан аж. Хамгийн чухал асуудал болох салбарын хүний нөөцийг нэмэх, чадавхжуулах гэсэн асуудал ч нэн тэргүүнд оржээ.       

Засгийн газраас энэ чиглэлд анхаарч буй асуудлын талаар Соёлын яамны соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг “Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын баримт бичигт ард түмний эв нэгдэл, оюун санааны энхийн манаанд зогсох салбар нь утга зохиол багтах ёстойг тусгасан. Тиймээс үүн дээр суурилан соёлын яам өнгөрсөн жил соёлын бүтээлч үйлдвэрлэлийн жилийг зарлаж суурь судалгаа хийсэн. Үүнд 12 салбарын 93 чиглэлийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгож буйг тодорхойлсон. Энэ удаагийн нэгдсэн хэлэлцүүлгийг жил бүрийн арваннэгдүгээр сард зохион байгуулагддаг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар болох гэж буйтай холбогдуулан хийж байгаа юм.

Мөн утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн бодлогыг тодорхойлж, үндэсний форумыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сараар зохион байгуулахаар төлөвлөж байна. Утга зохиол болон хөгжим, дүрслэх урлагийн том хэмжээний бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авдаг. Өнгөрсөн жил бид Соёлын тухай хуулийг батлуулсан. Үүнд утга зохиолын шилдэг бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авах журмыг боловсруулсан. Ингээд журмын төслийг утга зохиолын салбарынхандаа танилцуулж хэлэлцүүлгээр санаа бодлыг нь хүлээн авахаар ажиллаж буй юм” гэв.

 

СУРАГЧДАД ЗОРИУЛЖ УНШЛАГЫН ЦАГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

 

Хэлэлцүүлэгт ирсэн зохиолч, номын сан болон хэвлэх үйлдвэрийн ажилчид салбарынхаа асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрч, үзэл бодлоо солилцохоор ирсэндээ тун чиг сэтгэл ханамжтайгаар биестэйгээ мэнд мэдэлцэж бас мэтгэлцэж байлаа. ЕБС-ийн номын санч, хүүхдийн зохиолч, яруу найрагч гээд энд ирсэн хэн бүхэн хүүхдийн ном зохиолд санаа зовж явдаг талаарх шүүмжийг харамгүй урсгав. Тийм ч учраас тус салбар хэлэлцүүлгийн хоёрдугаар сэдэв нь хүүхдийн номд тавигдах шаардлага стандартын төсөл байв.

Тухайлбал, ахмад зохиолч Ү.Хүрэлбаатар, хүүхдийн зохиолч Сундуй, МЗЭ-ийн хяналтын зөвлөлийн дарга Урангоо нар энэ салбарт шинэчлэл хэрэгтэй байгаа талаарх шүүмж хэлсэн юм. Тэд хүүхдийн уран зохиолыг төрөөс хамгаалах, онцгой анхаарах хэрэгтэй байгаа, энэ чиглэлийн улсын уралдааныг зохион байгуулах хэрэгтэй гэв.

Мөн хүүхдийн зохиолчийг бэлтгэх, МУБИС, МУИС-д мэргэжлийн анги нээж хүний нөөцийг бэлтгэх шаардлагатайг дурдлаа. ЕБС-иудад уншлагын цаг бий болгож эхэлсэн ч цөөн хэдэн сургуульд л хэрэгжиж буй нь чамлахаар үзүүлэлт учир үүнийг бүх боловсролын байгууллагад хэрэгжүүлж эхлэх нь чухал байгааг мөн онцлов.

Нийтийн уншлага сайжирч, өргөн хүрээтэй болсноор хүүхэд багачуудын унших дадал нэмэгдэж, ном сонгох сонголт ч өөрчлөгдөнө хэмээн найдсан байна. Үүнээс гадна олон нийтийн дунд хүүхдийн ном, уран зохиолын бүтээлийг бага насны ангиллаар төсөөлдөг ойлголт түгээмэл ажээ. Үлгэрийн ном, сургамжит өгүүллэг төдийхнөөр хүүхдийн уран зохиолыг хязгаарлавал өсвөр насны хүүхэд уншихад тохиромжтой номын сонгол хумигдана. Тиймээс өсвөр насны хүүхдийн онцлогт тохирсон тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн ном бичих, орчуулах ажилд ханцуй шамлан орох ёстой талаар хэд хэдэн оролцогч хэлж байлаа.

Мөн сүүлийн үед арилжааны зорилготой уран зохиол манай улсад эрчээ авсан тул мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг үнэлэх үнэлэмж буурсан байна. Тиймээс олон нийтэд хандсан бүх нийтийн уншлага танин мэдэхүйн ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлага тулгарчээ.

 

ХҮҮХДИЙН НОМЫН АГУУЛГАД ХҮЙСИЙН ЯЛГАА БАЙЖ БОЛОХГҮЙ

 

Хүүхдийн төв номын сангийн хананд хадаатай байх зохиолч Д.Гармаа агсны бүтээлийн талаарх самбар нүдэнд туслаа. Түүний “Чулуу залгидаг охин”, “Хөгжөөнтэй туужууд”, “Хадан хотын мангаанууд” гэх мэт хүүхдийн бүтээлийг уншиж өсөөгүй хүн өдгөө ховор биз ээ. Тэртээ 1955 оноос хойш зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн түүний үеийн бүтээлээс хойш хүүхдийн зохиолоор мэргэшсэн зохиолч ховордсоор өнөөдөр энэ чиглэлийн уран бүтээлч гарын таван хуруунд багтахаар цөөн болсон байна.

Энэ талаар хүүхдийн зохиолч, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Наранцэцэг “Хүүхдийн зохиол ямар байх тал дээр хүмүүс ихэвчлэн нас, бие, сэтгэхүйн онцлогт таарсан байх гэдгийг л ярьдаг. Ингэхдээ сургуулийн өмнөх нас, сургуулийн бага нас, өсвөр нас гэсэн ангиллаар ялгадаг нь зарим талаараа өрөөсгөл ойлголт болдог. Гэтэл орчин цагт хүүхэд эхийн хэвлийд байхаасаа л ном сонсож, гадаад орчинтой танилцаж байна. Хүүхдийн хөгжил ураг байхаасаа эхэлж байна шүү дээ. Тиймээс хүүхдийн нас бүхэн өөр өөрийн онцлогтой.

Мөн хэвлэлийн газрууд хэт их ашиг хөөснөөс болж зах зээлд хөвгүүдийн, охидын унших ном, гүнжийн үлгэрүүд гэх мэтээр хүйсийн ялгааг хэт сурталчилсан, ангилсан бүтээл гаргах болсон. Тэдгээр номууд мэдээж өнгө үзэмжийн хувьд онц сайн хэдий ч агуулгын хувьд найруулга, орчуулгын алдаатай байх нь бий. Ингэж ялгавал худалдан авч буй эцэг эх ч мөн ялгаатай хандлагыг хүлээн зөвшөөрч хүүдээ зөвхөн “хөвгүүдийн унших” гэж тодотгосон номыг худалдан авч өгөх сонирхолтой болдог. Зохиол бүтээл нийт хүүхдэд зориулах агуулгатай байх болохоос биш аль нэг хүйсийн хүүхэд унших ёстой гэсэн агуулгаар хязгаарлавал өрөөсгөл болно.

Энэ салбарт хүүхдийн зохиол бичих хүн олдохоо байсан. Байгаа нь дан нас өндөр гарсан хүмүүс зонхилох болсон. Миний нас 50 гарсан ч энэ салбартаа залууд тооцогдож байгаа юм. Тиймээс залуусыг дэмжиж энэ салбарын хүний нөөцийг нэмэх төсөл хөтөлбөр боловсруулаасай” гэв.

 

ЦАХИМ БОЛОН ЦААСАН НОМЫН ХӨГЖИЛ хамт УРАГШЛАХ ЁСТОЙ ГЭВ

 

Цаасан хэвлэлийн номоос гадна цаг үеэ дагаад цахим хэлбэрээр уншигчдад хүрэх ном элбэгшсэн. Ялангуяа цар тахлын үеэр олон нийтийн газрууд хаалттай удсанаар хүмүүс цахим хэлбэрт шилжсэн ном уншихыг илүүд үзэх хандлагатай болсон байна.

Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээг үзүүлдэг дотоодын компанийн нэг болох ESAN  Үндэсний цахим сангийн харилцагчийн менежер Б.Гантигцэцэг “Манай санд 30-35 мянга гаруй цахим бүтээл байршиж байгаа. Үүнд утга зохиол, хувь хүний хөгжил, академик төрлийн бүтээл багтаж буй. Академик бүтээлд нь эрдэм шинжилгээний өгүүлэл, мастер болон докторын дипломын ажил хүртэл багтдаг. Манай улсад одоогийн байдлаар академик төрлийн бүтээлийг бусад төрлийн ном зохиолтой хамтад нь цахим орчинд албан ёсны эрхтэйгээр байршуулж байгаа сан нь манайх байна.

Мөн Оюуны өмчийн газартай хамтран зохиол бүтээлийг албан ёсны эрхтэйгээр цахим сандаа байршуулж байгаа. Цаашдаа үндэсний хэмжээний цахим номын сан гэдэг утгаараа академик төрлийн бүтээлээ илүү нэмж, хувь хүний хөгжил болон уран зохиолын номын ангиллыг илүү нарийвчилж, нэмж хөгжүүлэх тал дээр анхаарч байна. Утга зохиолын бүтээл цаг үеэ дагаад өөрчлөгдөж буйн адил цахим хэлбэрээр унших номын хөгжил ч дагаад хөгжих ёстой. Хэдхэн жилийн өмнө номын сангууд хайлтын системдээ л цахим категорыг нэвтрүүлж байсан. Харин одоо хэвлэмэл бүтээлийн хэрэглээ буцаад өндөр болсон ч цахим хэлбэрээр унших бүтээлийн хэрэгцээ шаардлага дагаад өсөх хэрэгтэй байх.

Мөн манай санд аль ч их дээд сургуулийн диплом болон эрдэм шинжилгээний бүтээлүүд бий. Үүнээс өмнө хэрэглэгчид бусдын бичсэн академик бүтээлтэй танилцахдаа заавал тухайн сургуулийн оюутан, ажилтны эрхээр цахим хаягтаа нэвтэрч байж уншдаг байсан. Харин одоо бол МУБИС-ийн төгсөгчийн бичсэн эрдэм шинжилгээний бүтээлийг уншихыг хүсвэл манайд бүртгэлтэй хэрэглэгч өөрийн эрхээр нэвтэрч тодорхой үнээр түрээслэн авч танилцах боломжтой. Энэ нь академик төрлийн бүтээлийг унших нь зөвхөн оюутан багш гэлтгүй олон нийтэд нээлттэй болж байгаа онцлогтой юм”  гэв. 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top