“Өргөө” амаржихын захирлын үүргийг “Амгалан”-гийн захирал түр орлоно

2022 оны 10 сарын 17

Эрүүл мэндийн сайд С. Энхболд “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгт аравдугаар сарын 12-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх сонсох ажиллагааг зохион байгуулж, 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл тус эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр “Амгалан” амаржих газрын захирал Ц.Батболдыг томилжээ. Мөн тус эмнэлгийн удирдлагын багт дэмжлэг, зөвлөгөө өгөх, амаржих газрын хэвийн үйл ажиллагааг хангах ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд, газрын даргаар ахлуулсан багийг давхар томилжээ.

Сануулахад “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг зөрчлүүдээ засах ЭМЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас өгсөн хугацаатай зөвлөмж, даалгаврын биелүүлээгүй, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн заалтуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Түүнчлэн Ж.Энхцэцэг нь төрөх эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар үйлчлүүлэгчдийг чирэгдүүлж, өөрийн хамаарал бүхий хувийн эмнэлэг рүү явуулдаг гэх асуудлыг сөхсөн.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар хувийн эмнэлэг ажиллуулж, бизнесийн ашиг олох асуудал улсын аль ч эрүүл мэндийн байгууллагат байх ёсгүй. Ямар ч эрүүл мэндийн байгууллагын удидлага үүнтэй тэмцэх ёстой” гэдгийг тодотгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top