ОХУ-ын нүүрсний экспорт буурч, БНХАУ дотоодын үйлдвэрлэл түүхэн хэмжээнд хүрчээ

2022 оны 12 сарын 21

Москвад тавьсан Европын хориг арга хэмжээний улмаас Ази руу чиглэсэн ОХУ-ын экспорт өссөн. Хоёрдугаар  сарын 24-нд Украин руу олон мянган цэргээ оруулсны дараа Европ Москвагийн эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авсан билээ. Тухайн үед  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дотоодын бизнес эрхлэгчдийг Ази, Латин Америктай нягт харилцаа тогтоохыг уриалсан.

Мөн Европын холбоо Украинтай холбоотой хориг арга хэмжээний хүрээнд наймдугаар сарын 10-наас эхлэн Оросын нүүрсний импортод хориг тавьсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ-д ложистикийн хүндрэл учирсан нь нийлүүлэлтэд саад болж, Хятадын  эрэлт буурч байгаа нь чулуужсан түлшний эрэлтэд нөлөөлж Хятадын Оросоос импортлосон нүүрсний хэмжээ аравдугаар сард өмнөх саруудынхаас буурсан хэвээр байна.

ОХУ-аас аравдугаар сард 6.43 сая тонн нүүрс орж ирсэн бол есдүгээр сард 6.95 сая тонн, наймдугаар сард 8.54 сая тоннд хүрч дээд амжилт тогтоож байжээ. Гэхдээ энэ нь 2021 оны аравдугаар сарын түвшнээс 26 хувиар өндөр хэвээр байна. Өвлийн улиралд эрчим хүч үйлдвэрлэх, халаалтын салбарт түлшний эрэлт нэмэгдэж байгаа тул Оросын нүүрсний экспортын хязгаарлалт нь Хятадад улам хүндэрч болзошгүй аж. Мөн бэлэн вагоны хомсдол нь тээврийн асуудлыг улам хурцатгаж байгаа юм байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, 1-11 дүгээр сард зүүн чиглэлийн ачааны нийт экспорт өнгөрсөн оны мөн үеийн 135 сая тонноос 132.4 сая тонн болж буурсан байна.

Баруун Сибирийн Кузбасс нүүрсний гол олборлогч бүс нутаг энэ жил болон ирэх жил нүүрсний экспортын зорилтоо биелүүлж чадахгүй байх магадлалтай гэж орон нутгийн захирагч Сергей Цивилев өнгөрсөн сард мэдэгдэв.

Тэрбээр “Энэ онд тус бүс нутаг 58 сая тонныг экспортлох ёстой байсан бол Оросын төмөр зам хамгийн ихдээ л  48.5 сая тонныг л экспортлох боломжтой. Ирэх онд 63 сая тонн тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бол төмөр замууд 52.5 сая тонныг тээвэрлэх санал тавьсан” гэжээ. Түүнчлэн БНХАУ-ын дотоодын нүүрсний үйлдвэрлэл огцом өсөөд байна. Хятад улсын хэмжээнд энэ оны 1-11 дүгээр сард олборлосон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсөж, дөрвөн тэрбум 90 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. 

Хятадын эрчим хүчний үндэсний газрын цахим хуудаст мэдээлснээр, дурдсан хугацаанд нийт олборлолтын 81 хувийг тус улсын хойд нутгийн дөрвөн бүс нутаг болох Шаньси, Шэньси, Шинжаан-Уйгурын өөртөө засах муж болон Өвөр Монголын өөртөө засах орон эзэлжээ. Эдгээр бүс нутагт  1-11 дүгээр сард гурван тэрбум 320 сая тонн нүүрс олборлосон байна.  Өвөлжилтийн оргил ачааллыг даван туулах эгзэгтэй цаг мөчид нүүрсний олборлолтын хэмжээг харьцангуй өндөр түвшинд байлгаж байгааг Хятадын эрчим хүчний үндэсний газар онцолжээ. Энэ сарын эхний хагаст үндэсний компаниудын олборлолтын дундаж үзүүлэлт хоногт 12.51 сая тонн байжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top