Маргааш “Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний хурал болно

2023 оны 04 сарын 20

“Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал маргааш /2023.04.21/ 10:00 цагт "Улаанбаатар" зочид буудалд болно.

Тус сургуулиас санаачлан 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол жилээс жилд өргөжиж, оролцогч байгууллагуудын хамрах хүрээ өргөжиж байна.

Хурлаар төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах чиглэлд өндөр ач холбогдолтой бөгөөд хүүхдийн чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг хэлэлцүүлэх, нийгэм олон нийтэд танилцуулах, асуудлын шийдлийг хэлэлцдэгээрээ ач холбогдолтой юм.

Тэгвэл энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг, төрийн бус байгууллагаас нийт 70 илтгэл ирүүлсэн байна. Хуралд бэлтгэх ажлын хэсэг илтгэлүүдтэй нэг бүрчлэн танилцаж, 124 багш, судлаачийн 54 илтгэлийг сонгон шалгаруулж, эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлүүлсэн байна. Үүнээс 40 илтгэлийг “Хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын асуудал”, “Тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамруулах боловсрол”, “Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн менежмент”  гэсэн гурван салбар хуралдааны хүрээнд хэлэлцүүлнэ.

Энэ жилийн хурлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЖАЙКА олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбоо, Хүний нөөцийн хөгжлийн ассоциаци, Монголын хүүхдийн хөгжлийг дэмжигч Оригами төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжин оролцож байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top