Л.Энх-Амгалан: Гурван ээлжээр хичээллэхийг ХАЛАХ бодлого барина

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар танилцуулав.

Боловсролын салбарт хийж буй ажлууд, авах арга хэмжээний талаар түүний өгсөн мэдээллээс зарим зүйлсийг онцлоё.

Монгол Улсын боловсролын чанар, тэр дундаа хөтөлбөрийн тухайд дээд эрэмбийн ур чадварыг эзэмшүүлэх тал дээр сул байна.

Математик, англи хэл зэрэг хичээлийн хоцрогдол их байгааг Дэлхийн банкнаас хийсэн судалгаа харуулсан. Шалгалтад бэлдэж сургадаг хөтөлбөрөөс амьдралд бэлддэг хөтөлбөрт шилжих нэн шаардлагатай байна.

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах, боловсролын салбарт цахим шилжилтийг хурдасгах арга хэмжээ авч байна. Тухайлбал, сурагчдад зориулсан “Eduten”, “Pearson”, “Suraad”, “Medle”, цэцэрлэгийн насныханд зориулсан “Elf” платформуудыг туршиж эхэлсэн. 

Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Хамрах тойрогт цэцэрлэгт бүртгэхдээ сугалаагаар шийддэг байсныг халсан нь зөв шийдэл болсон. Бүртгэлийг цахимаар хийж, хамрах тойргийг зарлахдаа улсын болон хувийн цэцэрлэгүүдийг багтааснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 95 хувьд хүргэж чадсан байна.

Богино хугацаанд авсан энэ арга хэмжээний дүнд сургуулийн өмнөх насны 141 мянган хүүхдээс 120 гаруй мянгыг нь цэцэрлэгт хамруулж чадсан. Энэ бол бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогдох үзүүлэлт.

Энэ хүрээнд улсын төсвөөс гаргасан 100 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хувьсах зардлыг санхүүжүүлсэн бол нийслэлээс баталсан 82.7 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөл, нэг давхрын цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, томоохон хотхон, хороололд түрээсийн цэцэрлэг бий болгох, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжих, мөн ачаалал ихтэй улсын цэцэрлэгийг өргөтгөх, засвар үйлчилгээ хийх арга хэмжээ авсан.

Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд бодлогын арга хэмжээ авах шаардлагатай байна.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 296 сургуульд 364 орчим мянган хүүхэд суралцаж буй. Цаашид сургуулиудын ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллэхийг халах боломж бүрдүүлэх нь чухал. Гэвч 2023-2024 оны хичээлийн жилд 54 сургуулийн 669 бүлэг, 33 мянга гаруй сурагч гурван ээлжид шилжин хичээллэхэд хүрээд байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг оролцоог дэмжих, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, цэцэрлэг болон сургуулийн зориулалттай барилгыг урт хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр эзэмших боломжийг бий болгох нь чухал.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Са(66.181.179.160) 2023 оны 05 сарын 01

Садаа гуай барина тавина зайлсхийнэ гэхээ болио энэ жилийн тэдийг 3 ээлжтай байсныг 2 ээлжтэй болгоно гэж ярьж бай

0  |  0
Top