Цэвдэг дээр баригдсан Чойжин ламын музей ба СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ШААРДЛАГА

2023 оны 05 сарын 10

Олон нийтийн сүлжээнд сүүлийн өдрүүдэд Чойжин ламын сүм музейн хашаанд шинээр барилга барих гэж байгаа талаарх мэдээлэл гарч, иргэд соёлын өвөө устгах эрсдэлтэй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн.

Харин Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн тус сүм музей нь музейн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй учраас үзмэрийг хойч үедээ үлдээхийн тулд зайлшгүй сан хөмрөг хадгалах зориулалтын байртай байх шаардлагатай гэдгийг тайлбарлан, мэдээлэл хийв. Ингэхдээ сүмийн барилга бүхий хэсгийг хөндөхгүйг тодотгосон юм. Түүнчлэн музейн ажилтнууд стандартын шаардлага хангаагүй, хүйтэн нөхцөлд ажилладаг учраас эрүүл мэндийн асуудалд орж байгааг ч дуулгасан.

Харин Соёлын сайд Ч.Номин тус сүм музейн барилга хийгээд зүлгэ ногоог устгахгүй. Харин музейн ажилтнуудаас тавьж буй сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлт нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд гэдгийг хэлж байгаа.

ЦЭВДЭГ ДЭЭР БАЙГУУЛАГДСАН ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ

Өнөөдөр монголчууд бидэнд өвлөгдөж ирсэн түүх соёлын хосгүй өв Чойжин ламын сүм музей нь Төрийн их Чойжин Лувсанхайдавын хоёр дахь сүм юм. Анхны Занхан сүм, гэр өргөөг 1899-1901 онд байгуулсан боловч 1903 оны өвөл учир битүүлгээр шатаж, бүр мөсөн устсан байдаг.

VIII Богд Жавзандамба хутагтын дүү Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээлгэсэн энэхүү сүмийг барихын тулд тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нар “Далхын дэнж” буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй цэвдэгтэй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн шинжиж, сонгосон гэдэг. Ингээд 1904 оноос монгол, хятад урчуудын ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн үзэмж төгөлдөр сүм, өргөө байгуулах ажлыг эхэлж, 1908 оны үед бүрэн гүйцээжээ.
 


Ингээд 1908 оноос эхлэн 1930-аад оны сүүл үе хүртэл лам хуврагууд хурал номын үйл ажиллагаагаа таслалгүй явуулж байж. Гэтэл 1930-аад онд төр, засгаас шашин, сүм хийд, лам нарын талаар хатуу бодлого баримтлан, ард олны шүтэж бишрэх эрх чөлөөг хязгаарлаж, сүм хийдийн үйл ажиллагааг хаажээ. Ийнхүү сүмийн хувь заяа хэрхэх торгон мөчид 1930 онд Оросын уран барилгач Васильев, 1937 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн эрдэмтэд Чойжин ламын сүмийг үзэж уран барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлсон нь төр засгийн тэргүүн нарын сонорт хүрч, 1938 онд Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ. Ингэснээр тус сүм нь Монголчуудын бүтээсэн шашин, соёлын их өвийг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий соёл байгууллага болж байж.

Хожмоо өдгөөгийн сүм музейн удирдлагууд Монголын урлагийн зөвлөлтэй хамтран 2017-2018 онд Рожер Перрийн санхүүжилтээр музейн дурсгалт барилгад учирч болох 9 төрлийн эрсдэлийн судалгааг мэргэжлийн байгууллага, эрдэмтдээр судлуулсан байдаг. Судалгаагаар Чойжин ламын сүм музейн хашаан дотор Улаанбаатар хотын хамгийн том цэвдэг байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн Монгол Улсын “Улаан ном”-д орсон ургамлууд ургадаг бөгөөд хашааны гадна талын хөрсний бүтэц тэс өөр, цэвдэггүй байгааг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Тиймээс ч эрдэмтэд цэвдгийг үгүй хийж болохгүй гэдэг зөвлөмж өгсөн байдаг.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН АЖИЛТНУУД МУЗЕЙГАА ХЭРХЭН АВЧ ҮЛДСЭН БЭ?

Чойжин ламын сүм музей нь зургаан сүм, Хүндэтгэлийн хаалга, Ямпай хаалга бүхий цогцолбор бөгөөд Соёлын яамны харьяа, төрийн үйлчилгээний төсвийн байгууллага байгаа юм.

Тус музейд өдгөө Монгол Улсын хосгүй нандин 6000 гаруй үзвэр хадгалагддаг. Тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын мутрын болоод сургууль хийцийн бүтээлүүд хадгалагддаг,  байгуулагдаад 115 жил, музей болоод 85 жилийн түүхийг туулж байна.

Энэхүү музейд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор 2 га хамгаалалтын бүс тогтоон өгчээ. Гэвч 2010 оныг хүртэл музей нь кадастрын зураг, гэрчилгээгүй байж.

Улмаар музейн таван газрыг дөрвөн иргэн хуулийн этгээд эзэмшин, кадастр, гэрчилгээ авч, зарим нь барилга байгууламж барьсан байв.

Өөрөөр хэлбэл, хэрмэн хашаагаар хязгаарлагдах 1 га газраас бусад эргэн тойрны газрыг хуулийн этгээдүүд авсан байжээ. 2010 онд музейн шинэ удирдлага ирснээр эл асуудлыг хөндөн, хууль шүүхийн байгууллагаар явж эхэлсэн байна.
 


Тус музейн ажилтнууд газрынхаа төлөө 13 жил уйгагүй тэмцэж, шүүх хуулийн байгууллагаар явсны эцэст Засгийн газрын тогтоолоор тогтоосон 2 га газраа буцаан авч чаджээ.

Энэ талаар Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн “Манай музей дээр газрын маргаан үүссэн. Энэ асуудлаар Өмчийн харилцааны газар, Газрын алба гэх мэт шат шатны байгууллагуудад удаа дараа хандсан ч шийдэгдэхгүй байсан.

Музей бол үнэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдалд хүрсэн. Музейд хуульч өмгөөлөгчийн орон тоо байдаггүй, тийм төсөв байхгүй. Бид үнэхээр хүнд байдалтай, хана мөргөж ирсэн. Музейн хамт олон 13 жилийн турш музейн ажил хийхээс гадна таван газраа буцааж авахын тулд нөр их хөдөлмөр гаргасан, маш их хэл аманд орсон, олон дарамт шахалт үзсэн.

Эцэст нь бид гурван шатны шүүх дээр маргааныг эцэслэн, Засгийн газрын тогтоолд заасан хэмжээгээр музейн бүх газраа эргүүлэн авч чадсан.  Ингээд музей 2 га газраараа кадастрын зурагт орж, гэрчилгээ авсан.

Яг үнэнийг хэлэхэд тухайн үед музейд тусалж дэмжих хэн ч байгаагүй, гурван шатны шүүхээр музей дангаараа явсан. Бид аргаа бараад хууль шатны байгууллагууд, өмгөөллийн байгууллагуудаар явсан. Бидэнд мөнгө байхгүй, бид энэ газрыг монголынхоо үр хойчид өвлүүлмээр байна, та нар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд туслаач ээ гэж, хувь хүмүүсийнхээ хувьд гадуур гуйлга гуйж явахад “Монгол өмгөөлөгч” гэдэг компани дэмжиж, сүүлийн жилүүдэд манай шүүхийн үйл ажиллагаанд оролцон, энэ газрыг аварч хамгаалахад тусалсан.” гэв.

МУЗЕЙН САН ХӨМРӨГ, ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ БАРИХ ШААРЛАГА, ХЭРЭГЦЭЭ

Дээр өгүүлсэнчлэн эрдэмтэн, судлаачдын цэвдгийг хэвээр хадгалах хэрэгтэй тухай зөвлөмжийн дагуу Чойжин ламын сүм музейн цогцолборыг өнөөг хүртэл төвийн халаалтад холбоогүй. Музейг анхны төрхөөр нь арчилж, сэргээн засварлалт хийж, хамгаалж иржээ.

Харин музейн ажилчид жилийн дөрвөн улирал шавар гэрт цахилгаан халаагуур тавьж ажилладаг. Шавар гэр нь зундаа чийг өгч, өвөлдөө цантаж8 байнгын хүйтэн байдгаас ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Жилийн 4 улирал тасралтгүй ажилладаг тус музей нь өвөл, хавар, намартаа маш хүйтэн, гадаа -25 байхад сүмдээ -40 хүртэл хүйтэн байдаг аж.

Музей нь зөвхөн үзвэр үзүүлэхээс гадна мэдлэг боловсрол түгээх, сургалт судалгаа явуулах, эрдэм шинжилгээний ажлыг хийх ёстой. Гэтэл наад зах нь эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломж нь бүрдээгүй байгааг холбогдох хүмүүс учирлаж байна.

Нөгөө талаар тус сүм нь анх музей бус шашин номын зориулалтаар баригдсан учраас үзмэрүүдийг удаан хугацаанд хадгалах боломжгүй аж.
 


Энэ талаар музейн захирал Д.Отгонсүрэн “Хүн ус агааргүйгээр амьдарч чадахгүй, тайзгүйгээр урлаг оршихгүй. Яг түүнтэй адил музей гэдэг бол үзэсгэлнгийн сан хөмрөггүйгээр оршин тогтнох боломжгүй.

Гэтэл энэ музей нь сүм хийдийн зориулалтаар баригдсан, зориулалтын бус барилгад байгаа учраас сан хөмрөгийн өрөөгүй юм.

Тухайлбал, үзэсгэлэнгийн танхимын багтаамжаас шалтгаалаад музей үзмэрийн 10-20 хувийг үзэсгэлэнгийн танхимд гаргаж, сан хөмрөгтөө 70-80 хувийг нь хадгалдаг. Сан хөмрөгтөө үзмэрүүдийг хадгалж, үзэсгэлэнгээ баяжуулж, төрөл бүрийн үзэсгэлэн гаргаж, та бүхний мэлмийг баясгадаг.

Хоёрдугаарт, сан хөмрөг дээр үзэсгэлэнд тавигдаж байгаа үзмэр, эд өлгийн зүйлээ судалж шинжил, арчилж, тордож цэвэрлэдэг. Гэтэл манай музейд сан хөмрөгийн өрөө нь байдаггүй. Энэ музей учраас сан хөмрөгийн өрөө байх зайлшгүй шаардлагатай.

Энэ сан хөмрөгийг урт удаан хугацаанд үр хойчдоо өвлүүлэхийн тухайтад сан хөмрөгийн өрөөг байгуулах гээд байгаа юм.

Энэ музей зөвхөн 20 ажилтны ажлын байр биш, Монгол Улсын түүх соёлын өв. Үүний бид үр хойчдоо өвлүүлэхийн тухайтад зүрх нь буцалж байгаа монгол хүн бүр анхаарах ёстой.

Гуравдугаарт, музей бол хүний хүчин зүйлээр хүмүүст хүрдэг. Гэтэл энд ажиллаж байгаа хүмүүс маш хүйтэн орчинд, 115 жилийн өмнө лам нар эсгий гуталтай ном хурдаг байсан энэ газарт 21 дүгээр зуунд эсгий гуталтайгаа ажиллаж байна. Манай ажилчид эрүүл мэндийн маш олон асуудалтай болсон. Бид жил бүр эрүүл мэндийн үзлэгт ордог. Тэгэхэд бөөр, давсаг, эмэгтэйчүүд, сүүлийн жилүүдэд бид гуурсан хоолойны үрэвсэл гэдэг өвчтэй болсон. Өнөөдөр бид монгол гэрт шахцалдаад оффислодог. Тэнд архивын бичиг хэргээ агуулах сав байхгүй.

Ажилчид маань үйлчлүүлэгчдэдээ таатай орчныг бүрдүүлэх гэж сэтгэл зүрхээрээ 580 мянган төгрөгийн цалин аваад ажиллаж байна. Өнөөдөр бид сүмээ нээж чадахгүй хэмжээнд хүрсэн. Манайд ажиллах хүн олдохгүй байна.” гэв.
 

ОЛНЫ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРААД БАЙГАА САН ХӨМРӨГИЙН БАЙРЫГ ХААНА БАРИХ ВЭе

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Чойжин ламын сүм музейд Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барина гэж оржээ.

Нэгэнт улсын бодлогоор барихаар болсон энэ барилыг хаана барих нь олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэл дагуулаад байна.
 


Тэгвэл сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимыг олны мэдэхээр музейн урд зогсоол болон Хурмын ордон хоёрын дунд байх музейн эзэмшлийн 12 м өргөн зурвас газар барихаар скийз зургийг гаргажээ.

Цахим сүлжээнд явж байгаа энэхүү зураг нь эхний хувилбар бөгөөд газрын түвшнөөс доош сан хөмрөгийг байршуулж, лобораторийн барилгын орой хэсэг харагдах байдлаар зураг төсөл гарсан байна. Гэхдээ энэ зураг төслийг өөрчлөх боломжтой, эцсийн хувилбар биш гэв. 

Эцэст нь өгүүлэхэд, сан хөмрөг, үзэсгэлэнгийн барилга баригдсанаар эрдэмтэн, судлаачдын анхааруулаад байгаа цэвдэгт сөргөөр нөлөөлөхгүй гэх баталгаа одоогоор тодорхойгүй байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top