SOS I Ойрын өдрүүдэд ХЭТ ХАЛАЛТ болж, +40 хэм хүрнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 29

Азийн бүс нутгаар бүхэлдээ халуун өдрүүд эхэлж байна. 

Өнөөдрөөс төвийн аймгуудын нутгаар 4 хоног, говийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар 7 хоногийн туршид хэт халалт үүсэх төлөвтэй байна.

Долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд буюу бямба гаригаас мягмар гариг хүртэлх хугацаанд говийн бүс нутгаар хэт халж, Дорноговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар өдөртөө +38+40 градуст хүрэхээр байна. 

Улаанбаатар хот орчимд ч мөн бүгчим халж, бүгчмийн индекс аюултай түвшинд байх тул наршилтаас сэргийлж, бага насны хүүхэд, даралт өндөр, зүрх судасны өвчтэй хүмүүс гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байна.

Ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагууд анхаарууллаа. 
 


2023 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 

Долоодугаар сарын 29-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Долоодугаар сарын 28-наас нийт нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +37...+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 радус, өдөртөө +29...+34 градус дулаан байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top