BTS-ийн Жей-Хоуп “Дахиад тулаанд!” цэргийн дүрэмт хувцастай зургуудаа дэлгэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 17

BTS хамтлагийн гишүүн Жей-Хоуп инстаграмдаа цэргийн дүрэмт хувцастай гэрэл зургуудаа оруулаад, “Дахиад тулаанд!” гэсэн тайлбар бичжээ.

29 настай Жей-Хоуп цэргийн алба хааж буй BTS-ийн хоёр дахь гишүүн бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн 18 сарын цэргийн албанд татагдсан юм. Түүнээс өмнө BTS-ийн хамгийн ахмад гишүүн болох 30 настай Жин өнгөрсөн оны 12 дугаар сард цэргийн алба хааж эхэлсэн.

BTS-ийн армийнхан гэж өөрсдийгөө нэрлэдэг шүтэн бишрэгчид нь гуравхан цагийн дотор 5.5 сая лайкаар дүрэмт хувцастай Жей-Хоупыг “мялаажээ”. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард цэргийн урьчилсан бэлтгэлээ хангасныхаа дараагаар сургалт хариуцсан ажилтны туслахаар томилогдсон юм. BTS-ийн бусад таван гишүүн ч ойрын жилүүдэд цэргийн алба хаах болно.

БНСУ-д хөдөлмөрийн чадвартай эрчүүд бүр 18-21 сарын хугацаатай цэргийн алба хаадаг хатуу хуультай. Эрчүүд 28 нас хүрэхдээ цэргийн алба хаасан байх ёстой ч урлаг соёлынхонд цаад хязгаарыг нь 30 нас гэж заасан байдаг. Гэхдээ эх орныхоо нэр төрийг Дэлхийн тавцанд өргөсөн, онцгой гавъяа, амжилт байгуулсан жүжигчид, тамирчдад хөнгөлөлттэй ханддаг. Үүний дагуу Азийн наадмын аварга болсон нэрт хөлбөмбөгч Сон Хён Мин хөнгөвчилсөн хэлбэрээр цэргийн алба хаасан удаатай. Харин K-pop оддын хувьд хөнгөлөлт үзүүлдэггүй юм.

BTS бол дэлхийд зартай хамтлаг болохоор гишүүдийг нь заавал цэргийн алба хаалгах эсэх тухай яриа Өмнөд Солонгосын төр засгийн хүрээнд ч, энгийн иргэдийн дунд ч дэгдээд амжсан. Ард иргэдийн үзэл бодол хуваагдсан бол Батлан хамгаалахын сайд нь энэ тал дээр байр сууриа илэрхийлэхдээ “Хамтлагийн гишүүд цэргийн алба хааж, шударга ёсыг хөхиүлэн дэмжиж буйгаа сурталчилбал сайн байна” гэсэн юм.

Цэргийн албанаас янз бүрийн аргаар чөлөөлөгдөх гэсэн заль мэх цөөнгүй гардгийн зэрэгцээ залуучуудыг сурлага, хөдөлмөр, мэргэжлийн замналаа түр орхиход хүргэдэг нь Солонгост тун “хөндүүр” сэдвүүдийн нэг юм.

BTS-ийнхэн ойрын жилүүдэд цэргийн алба хаах учир хамтлагийн гишүүдийн бие даан ажиллах тал дээр илүү анхаарахаа Hybe Corp мэдэгдээд амжсан.

BTS хамтлагийг 2013 онд үүсгэн байгуулсан. 2020 онд англи хэл дээр Dynamite дуугаа гаргасан нь мегахит болж, Billboard HOT 100-г тэргүүлсэн анхны k-pop урсгалын бүтээл болсон юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
p.e.hjn(202.126.90.140) 2023 оны 08 сарын 17

gvyee tgd oorsdoo tsergiin alba haana gdd bhd l shuugaan degdeezde ugaasaa superstar gdgtei ni delhii dayar sanal niileed bhd ... yorn l mundaguud

0  |  0
к(192.82.67.61) 2023 оны 08 сарын 18

Манай хөөрхөн хүүхдүүд үнэхээр гайхалтай шүү

1  |  1
Top