Б.Түвшинтулга: Ур чадварын түвшин ба ажлын байрны шаардлага хоёрын хооронд асар том ангал үүссэн

2023 оны 08 сарын 25

Монгол улсад ажиллах хүчний хомсдол бодитой нүүрлэж эхэлжээ.

Энэ нь ажилтан ажилд авна гэсэн заруудын тоо өмнөх жилүүдээс 30-50% өссөн гэдэг статистикаас тод харагдана. Өмнө нь компаниуд ур чадвартай, сайн ажилтан хайдаг байсан бол одоо энгийн ажлын байран дээр ч ажиллах хүн хайх болсон байна. Тиймээс бид хөдөлмөрийн харилцаа тойрсон эдгээр болон бусад асуудлаар “Zangia.mn” платформын захирал Б.Түвшинтулгатай ярилцлаа.


-Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том онлайн платформ бол Zangia.mn. Тэгэхээр энэ зах зээл дээр ямар өөрчлөлт, хөдөлгөөн бий болж байна, ямар хандлага ажиглагдаж байгааг та бүхэн хамгийн сайн мэдэж, тоо баримт, дүгнэлтийг гаргах боломжтой. Энэ утгаараа би тантай ярилцъя гэдэг хүсэлтийг тавьсан юм. Тиймээс ярилцлагын эхэнд яг одоо манай хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал ямар байгаа талаар товчхон мэдээлэл өгнө үү.

-За тэгье. Ковид-ийн нөхцөл байдлын дараа зөвхөн манай улс гэлтгүй дэлхий дахинд эдийн засаг сэргэж, хүний нөөцийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Үүний хажуугаар хүмүүсийн ажиллах нөхцөл байдал их ондоо болсон. Тухайлбал Ковид-ийн үед их олон ажлын байрыг зайнаас ажиллах хэлбэрт оруулсан байсан, мөн олон байгууллагууд үйл ажиллаагаагаа хумьж ажлын байраа цөөлсөн; эргээд эдийн засаг сэргэхийн хэрээр маш олон ажлын байрны эрэлт шинээр бий болсон юм.

Манай платформ өнөөдрийн байдлаар 10,000 компанийн, 20,000 ажлын байрны зарыг 850,000 бүртгэлтэй хэрэглэгчтэй холбож байгаа. Монголын хөдөлмөрийн зах зээл дээр ойролцоогоор 1-1.1 сая иргэн идэвхтэй байдаг гэж үзэхэд, бид хөдөлмөрийн зах зээлийн нийт шилжилт хөдөлгөөний 80-90%-ийг дангаараа хариуцаж ирсэн. Тиймээс хөдөлмөрийн зах зээл дээр болж буй том өөрчлөлтүүдийг хамгийн түрүүнд мэдэрч, түүнийхээ дагуу шийдэл эрэлхийлж суудаг. Өмнөх жилүүдэд ажлын зарын тоо дунджаар 14,000 орчим байдаг байсан. Ковид-ийн үеэр бараг 9,000 хүртлээ буурсан. Харин одоо 2 дахин буюу 20,000 хүрсэн гэхээр эргээд огцом өссөн байгаа биз. Хэдхэн жилийн өмнө бид ажлын байр хомс байна, ажилгүй хүн их байна гэж байсан бол одоо эсрэгээрээ, ажиллах хүчний хомсдолд орж эхэллээ гэдгийг энэ тоо харуулж байна. Мэдээж энэ нь олон шалтгаан үр дагавартай, олон жилийн системийн хэмжээний угшилтай их том бэрхшээл л дээ.

Гэхдээ үүнийг 2 үндсэн хүчин зүйлд хувааж тайлбарлах гэж хичээе.

Нэг дүгээрт, Монгол улсын хэмжээнд ажил эрхэлж буй нийт 1-1,1 сая гаруй хүмүүсийн маань боловсролын түвшин болон ур чадварын түвшин нь дэлхийн хөгжсөн орнуудтай харьцуулбал маш доогуур байгаа. Яг өндөр боловсролтой, туршлагатай ур чадвартай хэсэг нь хэт цөөдөөд байна гэсэн үг. 

Харин нөгөө талд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10,000 орчим ААН-үүдэд маань зах зээлийн хурдаар хөгжөөд байгаа хэдий ч түүндээ тохирсон сайн ур чадвартай ажилтнууд олж чадахгүй байгаа. 

Тэгэхээр энэ хооронд их том зөрүү гарч ирчхээд байна аа даа. Ажлын байран дээр тавигдах шаардлага нэмэгдээд, өсөөд байдаг, харин хүний ур чадвар нь огт хөгждөггүй. Боловсролын ба ур чадварын түвшин ба зах зээлийн шаардлага 2-ийн дунд үүссэн асар том ангал маань энэхүү бэрхшээлийн суурь байна гэж бид оношилж байгаа.

Цаашилбал, дундаж ажилтны чадвар, мэдлэг нь бүтээмжтэй холбоотой ба түүгээрээ дамжаад тухайн улсын хөгжилтэй шууд холбогддог. USNEWS агентлагийн 2022 оны судалгаагаар дэлхий дээрх хамгийн өндөр чадвартай боловсон хүчинтэй 85 орныг жагсаахад, тэргүүлэгч улсууд нь нөгөөх л барууны болон хойд Европын улсууд байсан ч, энэ дотор Казахстан, Узбекстан зэрэг өсөж буй улсууд орсныг дурдах нь зүйтэй. Монгол харамсалтай нь эхний 85-д ороогүй.

Хоёр дугаарт, иргэдийн гар дээрээ авч буй цалингийн хэмжээ. Сүүлийн жилүүдэд ялангуяа залуучууд маш олноороо гадагшаа явж байна. Хэл устай, боловсролтой, бас тодорхой хэмжээнд ажлын туршлага хуримтлуулсан, эд хөдөлмөрлөх насны залуусаа гадаадын улс орнууд руу бид алдаж байна. 2022 оны статистикийн мэдээн дээр улсын хилээр зөвхөн гадаадын улс оронд байнга оршин суухаар гарсан иргэний тоо 93,000 орчим гэж гарсан байсан. Аялал жуулчлалын зорилгоор гараад тэндээ үлдсэн хэсгээ нэмбэл бүр л их тоо гарч ирэх байх. Он гарснаас хойш бараг 7,000 гаруй залуус байнга оршин суухаар гараад явчихсан байна. Хуучин чинь айл болгоноос нэг хүн Солонгост байдаг байсан бол одоо гэр бүл болгоноос нэг хүн Австрали руу явах нь холгүй байна.

Яагаад ийм байна вэ? Энэ залуучууд чинь Монголд байгаа амьдрах орчноо голж байна, цалингаа голоод явж байна. Нөгөө улсуудад маань ч бас хүний нөөцийн хэрэгцээ эрс өсөж байна шүү дээ. Япон жишээ нь залуу үе нь ажил хийх хүсэл сонирхол бага болсон, хүн ам нь хөгширсөн ажиллах хүчний хомсдолд орж байна. Австрали Ковид-оос болж үйлчилгээний салбарт байгаа ажиллах хүчээ маш ихээр алдсан тул үүнийгээ нөхөх гэж маш нээлттэй визний бодлого явуулж байгаа. Үүнд, Монгол залуус их хамрагдаж байна. Солонгос-д мөн адил. Манай иргэдэд боломж олдож байгаа учраас тэд явж байна. Эдгээр орнууд маш өндөр өртөгтэй, манайхны очоод хийж байгаа ажил нь доогуур хэмжээний цалингаар ажилладаг ажлууд. Тэгсэн ч тийм өртгөөр тэнд амьдраад, олсон цалингаараа хадгаламж үүсгэх боломж олдоод байгаа нь эх орондоо ажиллаж амьдарснаас дээр байна гэдэг бол нэг зүйлийг хэлээд байна шүү дээ. Тэгэхээр бид одоо дотооддоо яаж энэ ажиллах хүчнийхээ бодлогыг явуулах вэ, ажиллах нөхцөлийг нь хэрхэн сайжруулах вэ, хүнээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй болоод байна.

Ямар ч хүн амьдралын хэрэгцээгээ хангаж, дээр нь үр хүүхдүүддээ сайхан орчин бий болгохын төлөө ажил хийж байгаа. Ийм суурь нөхцөлүүд нь хангагдахгүй, цалин нь хүрэлцээгүй бол хүн ажил хийх мотиваци үгүй болно. Гэтэл цалингийн хэмжээ нь зөвхөн компаниудын өрсөлдөх чадвараас гадна макро эдийн засгийн сэргэлт, Монгол улсын хөгжил, төрийн боловсон хүчин рүүгээ хандуулах бодлого гэх зэрэг маш том хүчин зүйлүүдээс хамаарах тул, энэ бүгд нэгдэж байж дээшлэх зүйл.

-Яаж ямар бодлогоор үүнийг зохицуулах боломжтой вэ, төрийн бодлого байх ёстой гэж та бодож байна уу?

-Төрийн бодлого энд маш чухал. Гэхдээ төрийн бодлого боловсруулах бас хэрэгжүүлэх хугацаа гэдэг чинь өөрөө асар удаан, өртөг өндөртэй, тэгээд бас хэрэгжүүлэлт нь тууштай юу, үгүй юү гэдэг асуудлууд. Хэтдээ бол бодлогоор энэ салбар хөгжинө. Гэтэл зах зээлийн хурд, Монголын эдийн засгийг авч яваа 10,000 компаниудын үйл ажиллагаа төрийн бодлогыг сайжрахыг, тогтвортой болохыг хүлээгээд байх боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ ачаа ойрын хэдэн жилдээ компаниуд руу яалт ч үгүй очоод байгаа. Өөрөөр хэлбэл компаниуд маань өрсөлдөөнийхөө жам ёсоор асуудалд хандаж шийдэхээс өөр аргагүй болсон гэсэн үг.

Цалингийн хэмжээ маш доор, мөн ур чадварын хэмжээ маш сул гэсэн 2 хүчин зүйл байгаа. Энэ 2 маань хоорондоо их уялдаатай ч, цалингийн хэмжээ бол макро үзүүлэлтүүдээс их хамаарах зүйл.

Харин хүний нөөцөө бэлдэж, ур чадвар хөгжүүлэх тал дээр улсын бодлого гэж хүлээж суулгүй, компаниуд өөрсдөө энэ тал дээр санаа тавьсан нь илүү хурдан үр дүн өгөхөөр байна. Улсын бодлого гээд явсан олон жишээнүүд ямар ч үр дүнгүй болоод байгааг бид бэлээхэн харж байна. Тиймээс компаниуд шууд зоригтойгоор хүнээ хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө тусад нь төсөвлөх хэрэгтэй. Хувь хүн өөрөө мэдээж шинэ мэдлэг, мэргэжил эзэмших тал дээр санаа тавих сонирхолтой. Гэхдээ энэ чинь өртөг зардал өндөртэй мөн тэр бүр цаг заваа зарцуулах боломжгүй байна шүү дээ. Улаанбаатарын түгжрэл ямар байгаа билээ, цалин хэд билээ, бүтэн цагаар ажиллаж байгаа хүн хэдэн цагт ажлаа тараад хэдэн цагт сургалтад суугаад хэдэд гэртээ харих вэ.

-Та тэгэхээр ажлын байран дээрх сургалт их чухал гэсэн санааг хэлж байна уу?

Энэ дээр яг бодит байдлаа л ний нуугүй ярьсан нь дээр байх. Компаниуд маань хүнээ сур гэж дэмждэггүй, энэ тал дээр анхаарахаас илүү ажлаар дардаг, хүнээ сургаад хөгжүүлээд ажилд авахаас илүү бусад компанид сураад туршлагажчихсан бэлэн хүнийг булаах, илүү цалингаар авах гэх мэт илүү амар аргыг хайгаад байна. Манайд хүнээ сургах, хөгжүүлэх гэдэг соёл компаниудад үнэхээр үгүйлэгдэж байна. Гэтэл энэ чинь урт хугацаандаа явуургүй, тогтворгүй байдлыг л бий болгож байна. Энгийн жишээгээр хэлэхэд үйл ажиллагаа явуулж байгаа 10,000 компани байна. Эдгээр компаниудад ажиллаж буй ажиллах хүчнээ 100% гээд үзчихье. Тэгмэгц тэр 100%-ийн маань яг ур чадвартай, авьяастай хэсэг чинь 1-2 хувь л байна шүү дээ. За хамгийн ихдээ байж болох нь 5% гэж бодоход энэ хэдээ л өөр хоорондоо head hunting буюу ямар нэг амлалтаар урвуулж авах замаар байнга булаацалдаж байна шүү дээ.

Тэгээд ямар ч арга хэрэглэсэн нөгөө 10,000 компанийн чинь зөвхөн топ 2-3% нь л энэ хүмүүсийг авч ажиллуулна шүү дээ. Тэгэхлээр нөгөө ажиллах хүчний маань үлдсэн тэр 97-98% нь яг яах ёстой вэ. Гологдчихсон ч ажиллахад бэлэн, сонирхолтой тэр хэсгийнхээ чадварыг яагаад хөгжүүлэхгүй, дэмжихгүй байна. Яг одоо, өнөөдөр хамгийн шилдэг хүнийг авна гэх бодлогоосоо илүүтэйгээр, хандлага сайтай, компанидаа үнэн ч хүмүүсээ 1-2 жил бэлдэхэд тэр бэлдсэн хүмүүс бол ямар ч гаднын үнэтэй мэргэжилтнээс урт хугацаандаа компанидаа илүү үнэ цэнэ бүтээх хүмүүс зөндөө байдаг.

Дэлхий даяар энэ асуудлыг ганцхан аргаар шийдсэн нь ердөө л байгаа хүнээ хөгжүүлэх, сургах.

Нэг жишээ хэлье л дээ. Google компани дээр 70-20-10 гэсэн зарчим нэвтрүүлсэн байдаг. Ажлын цагийн 70 хувьд нь ажлаа хийнэ, 20 хувьд нь сурна. Бүр хүчээр сурах ёстой, тэр ажлын байран дээр ирээдүйд хэрэг болох, сайжруулж болох зүйлсийг тэр хүн заавал суралцах ёстой. Харин 10% нь чөлөөт буюу креатив санаануудыг хэлэлцэх цаг гэж байгаа юм. Жишээ нь Facebook-ийн захирал Шерил Сэндберг энэ 10 хувьдаа өөрийнхөө багтайгаа хамтдаа уран зургийн дугуйланд суудаг гэж байгаа юм. Хүн чинь робот биш шүү дээ. Цалин өглөө гээд өдөржин шөнөжин ажлаар дараад орхих биш чөлөөт цагт нь хүртэл анхаарах нь үр өгөөж, бүтээмжийг сайжруулдаг гэдгийг тэнд ойлгочихсон байна. Тэгвэл бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ ерөөсөө л тухайн байгууллагын соёлтой их холбоотой байгаа биз.

Мөн төрд ажиллаж буй 300,000 албан хаагчийг төрийн бодлогоор үргэлж сургаж, ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарах тийм тогтолцоог бий болгох хэрэгтэй.

-Тийм юм байна. Та бүхэн Ковид-ийн өмнө олон улсын хүний нөөцийн томоохон арга хэмжээнд оролцоод ирсэн байсан. Энэ хурал дээр жишээ нь ямар асуудал яригдсан бэ?. Хүний нөөцийн хомсдолыг шийдсэн сайн туршлагууд юу яригдсан бэ?

Zangia.mn-ийн баг 2019 онд Society for Human Resource Management хэмээх дэлхийн хамгийн том хүний нөөцийн хуралд оролцсон. Уг хуралд 90 орны 18,000 хүний нөөцийн экспертүүд оролцсон. Ковид-оос хойш энэ хурал 2-3 жил цуцлагдаад, цахим хувилбарт шилжээд, дөнгөж энэ жилээс заалны уулзалтаа сэргээж байгаа. Тухайн үед Монгол улсаас ганцхан манайхан очиж таарлаа л даа. Гэтэл Солонгосоос 200 хүн, Хятадаас 80-аад оролцогч, бусад хөгжиж буй улсуудаас маш олон хүмүүс очиж байна, ач холбогдол өгч байна. Уг уулзалт дээр яригдаж байгаа гол сэдэв бол ерөөсөө л up-skilling буюу одоо ажиллаж байгаа ажилтнуудынхаа ур чадварыг л хэрхэн яаж креатив буюу сонирхолтой байдлаар нэмэх вэ гэдгийг л ярьж байна. Тасралтгүй суралцах буюу байнгын сургалт боловсруулалт нь ажлын байрны нэг хэсэг болж байна. Гайгүй хүн авсан, боломжийн цалин өгсөн одоо тэгээд ажлаар дарах биш байнга тэр хүн хэрхэн өсөж байна, анх ямар ур чадвартай орж ирсэн бэ, ямар болж өссөн бэ, өөр ямар түвшинд очиж болох вэ гэдгийг тооцоолох нь гол ажил болсон байна. Хүний хөгжил чинь компанийн хөгжил, компанийн хөгжил чинь улсын хөгжил шүү дээ. Хүний хөгжлийн, мэдлэгийн тэр түвшин чинь л улсын мэдлэгийн түвшнийг илтгэнэ шүү дээ.

Тэгэхээр жишээ нь хэл сурах цагтай болохын тулд ажлаасаа гардаг байж болохгүй. Түрүүний жишээтэй адил дэлхийн манлайлдаг компаниуд сардаа нэг өдрийг ч юм уу ажлын өдөр биш чөлөөт өдөр болгосон байна. Тэр өдрөө хүмүүсээ сонсдог, яаж хөгжмөөр байна, ажлын байр нь тохиромжтой байгаа эсэх зэргийг ярилцдаг өдөр болгосон байна. Тэгэхээр нэг захирал гээд нэг захирагчтай тэгээд хүнийг хүссэн, хүсээгүй ажлыг нь хүчээр ташуурдаад хийлгэдэг биш хамтдаа баг болж хөгжиж нэг зорилгын төлөө ажиллаж байгаа гэдгээ ойлгуулж, ойлгож байж урагшилдаг болжээ.

-Тэгвэл Компаниуд хүнээ сургах тал дээр юу хийх ёстой вэ, бүх компаниуд топ компаниуд шиг дэргэдээ академигүй, байнга сургалт аваад байх эдийн засгийн боломжгүй, мөн туршлагагүй шүү дээ?

Яг энэ асуудлыг хөнгөвчилж, энэ салбарын асуудлыг шийдэх зорилгоор бид Zangia Academy хэмээх платформыг байгуулсан. Тэгэхээр хүнээ хөгжүүлэхийн тулд компаниуд эхлээд хөрөнгө хуваарилна, дараа нь хичээл заах платформоо бэлдэнэ, дараагаар нь багшаа, сэдвээ сонгоно, дараа нь заалгах цагаа товлоно гэх мэт маш их ажил тулгардаг. Гэтэл шууд нэгэн доор гол нь үнэ төлбөргүйгээр энэ асуудлыг шийдэх боломжтой болсон. Манайх технологийн компани. Технологийн компанийн аливаа салбарт оруулах хамгийн том хувь нэмэр бол тухайн салбарын үйл ажиллагаа явуулах өртгийг технологиор дамжуулж бууруулах л байдаг. Жишээ нь Google гэх технологийн компани өөрийн Google Maps гэдэг бүтээгдэхүүнээрээ бидний түгжрэлийн талаарх мэдээлэл олж авах процессын өртгийг шууд 0 болгож байгаа. Үүнтэй адил бид компаниудад хүнээ хөгжүүлэх тэр процессын өртгийг 0 болгох зорилготой ажиллаж байна.

Zangia Academy-ийг бид хийхдээ нийт Монголчуудад дутагдаж байгаа ур чадваруудыг нь нөхье, мэдлэгтэй болгоё гэдэг зорилготойгоор байгуулаад өөрсдийн харилцагч компаниудаасаа гурван үе шаттай судалгаа хийж байгаад хамгийн эрэлттэй мэргэжлийн хичээлүүдийн жагсаалт гаргаж, тэдгээрийг оруулсан маш том хөтөлбөр боловсруулж хийсэн.

Байгуулагдаад яг нэгхэн жил болж байгаа хэдий ч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Zangia Academy дээр 150 гаруй шинэ хичээл орж үүнийг 170,000 хүн үнэгүй хичээлүүд үзэж, шалгалтад хамрагдаж, хамрагдсан шалгалтдаа сертификат авсан байна. Үүнтэй зэрэгцэж 800 гаруй компани өөрсдийн ажилчдаа үнэ төлбөргүй сургаж, боловсруулж байна. Хэрвээ 800 гаран компани өөрсдөө платформ бүтээгээд, 10-20 багш нар олоод, хүнээ сургана гэхэд хамгийн багадаа 20 сая төгрөг зарцуулна. Ингээд бодохоор Zangia Academy компаниудад багадаа 16 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хүргэсэн байгаа.

Хувь хүн талаасаа 170,000 хүн суралцаж байгаагаас нэг хүн дунджаар 3 хичээл үзсэн байдаг ба нэг хичээлийн үнэ багаар бодоход 100,000 төгрөг гэж үзвэл нэг хүн дунджаар 300,000 төгрөгийн хичээл үзэж, бид нийт 51 тэрбум төгрөгийн үнэ цэнтэй мэдлэг, боловсролыг ард түмэндээ 1 жилийн дотор үнэгүй түгээсэн байна. 

Бас дээр нь тухайн ажилтан ямар түвшинд суралцаж, ямар шалгалтуудыг өгч байна вэ гэдгийг хянах, үнэлэх боломжийг бид компаниудад олгож өгсөн. Хувь хүн суралцлаа гэхэд жишээ нь эксел программыг ямар түвшинд эзэмшээд шалгалтаа хэр өгсөн гэдгийг сертификатаар баталгаажуулаад өгчихөөр компаниудад ямар ур чадвартай хүн авч байгаа вэ гэдгийг тодорхойлоход их амар, цаг зав, эдийн засгийн хувьд ч хэмнэлт бий болж байгаа юм. Манай платформ дээрх хичээлүүд бүгд өндөр түвшний шалгалттай байдгаараа онцлог. Мөн бид Францын компанитай хамтарч ажилтны сэтгэл зүйн байдлыг тодорхойлох олон улсын шалгалтуудыг оруулж байгаа.

Тэгэхлээр Zangia.mn платформ дээр байгаа хүн тестээ өгөөд түвшнээ мэдчихнэ, хэрэгтэй сургалтдаа суучихна, тэр хэмжээнд өөрийгөө бодитойгоор үнэлүүлээд тохирсон ажилдаа орж чадахаар аль аль талдаа хялбарчилсан ийм системийг бид угсарсан байгаа билээ.

Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр үүсээд буй бүх асуудлыг ганц байгууллага шийдэж чадахгүй ч, Zangia.mn уг асуудлыг технологийн аргаар шийдэхийн тулд хамгийн их хөрөнгө ба чармайлт оруулж байгаа, хамгийн олон компанийг хамруулсан, хамгийн олон хэрэглэгчтэй платформ болоод байгаа билээ. 

Цаашид улсын хэмжээнд тулгараад буй ур чадвар, мэдлэгийн асар их хоцрогдлыг арилгах тал дээр бид төвлөрч ажиллаж байгаа хэдий ч, бусад компаниудын оролцоо, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Үүнд компаниуд зоригтойгоор хүнээ хөгжүүлэхэд анхаарах чухал. Наад зах нь шинээр ямар ур чадварууд хэрэгтэй байгаа юм гэдгээ хуваалцдаг, ажилтнуудаа зоригтойгоор дэмждэг, сурах бололцоогоор хангах зэргээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажилд авах гэхээр гологдоод байдаг баахан хүмүүстэй, тэд нарыгаа аль нэг халамжаар тэжээдэг бүхэл бүтэн давхарга үүссэн, тэжээхийн тулд бусад ажилдаг хэсгээсээ өндөр татвар авдаг тийм улс орон байж болохгүй.

Ямар ч хүн эх орондоо л сайхан амьдрахыг хүснэ. Тэгэхээр яаж эдийн засгийн баталгааг нь бий болгох вэ, яаж таатай ажлын байрыг бий болгох вэ гэдгээ л шат дараатайгаар бодож хэрэгжүүлэх шаардлага бүгдийнх нь өмнө ижилхэн тулгарсан гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болоод байна.

-Цаг заваа зарцуулаад бидэнтэй ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын зорьж хэрэгжүүлж байгаа ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Top