ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Өнөөдөр 2023.08.28. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 06 цаг 04 минутад мандлаа, 19 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Энэ өдөр Испанид Улаан лоолийн баяртай бол Черногорт Эзэн хаант улс тунхагласны баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Сара Ремер, Америкийн кино найруулагч Дэвид Финчер, Японы видео тоглоом зохион бүтээгч, Покемоны “эцэг” Сатоши Тажири, мэргэжлийн сүмоч Фүтэно, Испанийн хөлбөмбөгч Боян Кркич зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1937 оны энэ өдөр ЗХУ-ын ДХАК-ын орлогч сайд Фриновский Монголд айлчлах үеэрээ “Японоос Монголыг эзлэх” төлөвлөгөө гэгчийг Дотоод яамны сайд Х.Чойбалсанд гардуулсан байна. Улмаар энэ өдөр өндөрлөсөн “Заговор-1” /Хуйвалдаан-1/ гэсэн уг бичигт даруй дайчлан баривчлах шаардлагатай 115 хүний нэрсийг орос хэлээр бичиж машиндан, мөн “П.Гэндэнгийн мэдүүлгийн хуулбар” гэгчийг бас гардуулсан нь” П.Гэндэн, Г.Дэмидийн удирдсан хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын хэрэг” гэгч ор үндэсгүй зүйлийн суурийг тавьж, Монголд цуст хэлмэгдүүлэлт эхэлжээ. Энэ 115 хүний нэрсийн дотор Монголын төр засгийн дээд албан тушаалтнууд, “Ж.Лхүмбийн хэрэг” гэгчид урьд нь холбогдож байсан 67 хүн ба тэр үеийн нийгэм, улс төр, соёл, цэргийн нэрт зүтгэлтнүүд байв.

1995 оны энэ өдөр Монголд эдийн засгийн хоёрдогч зах зээл нээгдэж, үнэт цаасны арилжаа явуулж эхэлжээ. Үүгээр Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа эхлүүллээ.

1998 оны энэ өдөр УИХ Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлав.

2007 оны энэ өдөр БНХАУ-ын Өнгөт Металл ХК Монгол Улсын Сүхбаатар аймаг болон Монголд байгуулах төмөрлөгийн уурхайд хамтарсан хөрөнгө оруулсан барилгын ажил дуусч, ашиглалтад оржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1937 оны энэ өдөр Японы алдарт “Тоёота” компанийг үүсгэн байгуулав.

1946 оны энэ өдөр Монгол Улсыг НҮБ-д элсэхэд АНУ хориг тавьжээ.

1961 оны энэ өдөр Канадын Торонтод “Хоккейн алдрын танхим” нээгдлээ.

1963 оны энэ өдөр Мартин Лютер Кинг “Надад мөрөөдөл бий” алдарт үгээ хэлжээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(103.57.93.224) 2023 оны 08 сарын 28

Хэдэн сараар зурхайгаа оруулахгүй таг болох юм..эсвэл бүр болиоч

0  |  0
Top