ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Өнөөдөр 2023.08.30. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 06 цаг 07 минутад мандлаа, 19 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын халим загасны өдөр, Дэлхийн наран шарлагын өдөр. Казахстанд энэ өдөр Үндсэн хуулийн баяр, Туркт Ялалтын баяр, Татарстанд БНУ-ын өдөр, Киргизэд Архивын ажилтнуудын баяр аж.

Энэ өдөр АНУ-ын жүжигчин Кэмерон Диас, Беларусын Ерөнхийлөгч  Александр Лукашенко, Английн дуучин Тео Хатчкрафт, Доминиканы тамирчин, 400 метрийн зайн олимпын хошой аварга  Феликс Санчес, Америкийн домогт сагсан бөмбөгч Роберт Пэриш, АНУ-ын теннисчин Энди Роддик, Их Британийн продюсер Пол Окенфолд зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1860 оны энэ өдөр Лондонд Их Британийн анхны трамвай үйлчилгээнд гарчээ.

1918 онд Фанни Каплан гэгч эмэгтэй Владимир Ильич Лениний амь насанд халджээ.

1946 оны энэ өдөр Солонгосын Коммунист нам нь Өмнөд Солонгосын хөдөлмөрийн нам, Хойд Солонгосын хөдөлмөрийн нам болон хуваагдлаа. 

1973 онд Кенид заан агнахыг хуулиар хоригложээ.

1974 оны энэ өдөр Загребд (Югослав) төмөр замын осол болж, 153 хүн амиа алдан, 90 хүн гэмтжээ.

1993 онд Эйфелийн цамхаг 150 сая дахь үйлчлүүлэгчээ хүлээн авлаа.

1995 оны энэ өдөр Йон Стефенсон фон Течнер, Гейр Иварсёй нар “Opera Software” компанийг байгуулав.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top