ГЭГЭЭН МУЗА: "Инээмтгий хүн" жүжиг зургаан номинацид өрсөлдөж байна

2023 оны 09 сарын 10

“Инээмтгий хүн” визуал драмын жүжиг 2023 оны есдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд тоглогдоно.


“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна.

Театрын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг Гэгээн муза олон улсын театрын наадамд Монголын хамгийн отгон Pro театрын бүтээл "Инээмтгий хүн" жүжиг зургаан номинацид өрсөлдөж байна.

Үүнд Монгол Улсын гавьяаж жүжигчин Ц.Төмөрхуяг тус жүжгийн Урсус-ийн дүрээр шилдэг эрэгтэй гол дүрд өрсөлдөж байгаа бөгөөд жүжгийн ерөнхий найруулагч Б.Даваасүрэн, Ерөнхий зураач Б.Анхбаатар, Хөгжмийн зохиолч: Дахалэ. С. Ж, эмэгтэй гол дүрд СТА Т.Энэрэл, Туслах эрэгтэй дүрд СТА О.Итгэл нар тус тус нэр дэвшиж байна.

“Гэгээн муза” наадамд ирсэн бүтээлүүдийг таван төрлөөр шалгаруулдаг хэдий ч энэ жил “Хөгжимт бүжгийн төрөл”-д шалгаруулалтад цөөн тооны бүтээл ирсэн тул дөрвөн төрөлд шалгаруулахаар болсон.

Энэ удаагийн наадамд 22 орны 33 бүтээл ирсэн. Эдгээр бүтээлийг шүүгчид бүтэн бичлэгээр нь үзээд, найман орны бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулсан.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын нэр хүндтэй дөрвөн шүүгч зочин шүүгчээр оролцож байгаа. Тодруулбал, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пун, Япон Улсын Токио дахь “D’UOMA ex machina” театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумуту Ацуши, Словени Улсын Любляна Младинско театрын уран сайхны удирдагч, жүжгийн зохиолч Татьяана Ажман, Гүрж Улсын тайзны урлаг судлалын ухааны доктор, профессор Леван Хетагури нар ажиллаж байгаа юм.

 

ХОЁРДУГААР ШАТАНД ӨРСӨЛДӨЖ БУЙ БҮТЭЭЛҮҮД:

Драмын жүжгийн төрөлд:

-“Сычуаны сайн хүн”, /УДЭТ/

 “Тамгагүй төр”, /”Херо энтертаймент групп” ХХК/

-“Опал”, /Орфей театр/

-“Шөнө буусан аадар”, /Мөрөөдлийн театр/

“Инээмтгий хүн”,  /Pro театр/

-“Ууган хүү”, /ОХУ-ын Буриадын драмын театр/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 10

Энэ гэгээн муза гэж алиа юмыг одоо больмоор юм аа,кк

0  |  0
Top