Шашны тэргүүн юуны учир Төрийн тэргүүнээс чөлөө гуйв

2023 оны 10 сарын 20

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мяндаг тушаалаасаа буух хүсэлт гаргасан тухай мэдээлэл тархлаа.

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамбын өндөр сэнтийд 1992 оноос хойш тасралтгүй 31 жил суусан, түүнээс ч өмнө Дэд хамбаар зургаан жил заларсан түүний юуны учир ийнхүү ширээнээсээ шилжиж, ширдгээсээ буух болсны учир жанцан хэдэн жилийн өмнөөс улбаатай гэх. Тэрбээр цагтаа шашин номын үйлийн зэрэгцээ төрийн  хэрэгт ч оролцож явсан хүн. Монгол Улсын иргэн хүний хувьд АИХ-ын 38 дугаар тойргийн депутат байж шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан эрхэм. Ардчилсан шинэ Үндсэн хуулиар хуучны уламжлалт Буддын шашнаа сэргээж, Монгол газар Бурхны шашин дахин дэлгэрэх боломжийг үүсгэж, хэний ч хараат бусаар шүтэх, бишрэх эрхийг нээхэд тэрбээр хувь нэмрээ оруулсан. Энэ бол төр хийгээд шашны харилцаанд саад болохгүй зүйл. Гэвч түүнийг хэргэм сэнтийгээс нь буулгах яриа залуу, дунд насны хуврагуудын дунд сүүлийн жилүүдэд ил, далд явж байсан.

Харин ямар шалтгаанаар Монголын бурхан шашны төвийн тэргүүн хамбатан Төрийн тэргүүнтэй харгалдаж, тухайлан чөлөө мэдүүлэв.

Төрийн тэргүүн хүн шашны тэргүүнийг чөлөөлөхөд нөлөөлдөг нь ямар учиртай юм гэдэг талаар олон нийтийн дунд эргэлзээ төрөөд байгаа юм. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч шашны хэрэгт оролцдог хууль эрх зүйн орчин нь ямар юм бол?

Төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол Улсын хууль гэж бий. Түүний “Төр, сүм хийдийн харилцааны үндэс” хэмээх 4 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улс дахь төр, сүм хийдийн харилцаа төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимд үндэслэнэ” хэмээжээ. Мөн зүйлийн 3-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн байна. Эндээс харах юм бол төр, шашны хэрэг хоорондоо холилдох учиргүй мэт. Тэгж үзвэл хамбатан Төрийн тэргүүнээс чөлөө гуйхын шалтгаан байхгүй хэмээн ойлгомоор. Гэтэл  тус хуулийн “Төр, сүм хийдийн харилцааг тодорхойлон хэрэгжүүлэх тухай” гэсэн 5 дугаар зүйлд “Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна” гэсэн бас нэг зохицуулалт оржээ. Үүнд үндэслэн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамцтан Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм болов уу хэмээн харагдаж байна.

Үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч шашны үйлд оролцсон нэг тохиолдол бий. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургаадугаар сард буюу Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад ганц сар үлдээд байхад Тэргүүн их хамба Д.Чойжамцад “Хамба номун хан” цол хэргэм өргөмжилснийг соёрхон баталж байв. Уг цолыг Их хамбатанд Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын тогтоолоор соёрхсныг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжин зарлиг гаргаж баталгаажуулжээ. Энэ үйл явдал мөн л дээрх хуулийн 5 дугаар зүйлийн “Төр, сүм хийдийн харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна” гэдэгт үндэслэсэн бололтой юм.

Гэхдээ энд нэг зүйл харагдаж байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэсэн нь бий. Өдгөө Монгол Улсад зонхилох Буддын шашнаас гадна христ, ислам, бахай гээд олон шашны урсгал үйл ажиллагаа явуулж, иргэд ч Үндсэн хуульд заасан чөлөөтэй шүтэн бишрэх эрхийн дагуу өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан шүтэх шашнаа сонгож байгаа. Бүр шашин эс шүтсэн ч тэр хүний л эрх.

Гэгээн ширээт улсын Тэргүүн, Ромын пап Францис Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчлаад удаагүй байна. Загалмайн шашинт монгол хүний албан ёсны тоо бараг 2000 дөхдөг юм гэнэ лээ. Тэд дотроо тэргүүнтэй байж таарна. Бас Монгол Улсын казах иргэд исламын шашинтай. Ислам шашны тэргүүн ч байж таарна. Хэрэв Монгол дахь христийн юм уу, ислам шашны тэргүүн мяндаг тушаалаасаа буухаар бол бас л Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөө гуйх уу? Эсвэл зөвхөн зонхилох шашны хувьд Буддын шашинд хамаатай зүйл заалт уу гэдэг эргэлзээтэй.

Эргээд эхний асуудалд шилжихэд, Д.Чойжамц хамбатан яагаад ширээнээсээ буухаар болов. Уг нь Чой хамбатан өмнөх Ерөнхийлөгч нартай зузаан харилцаатай, гадаад айлчлалуудад ч дагаж явдаг, хүлээн авалт бараг алгасдаггүй, Төрийн ордноор хөл тасардаггүй нэгэн байсан. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, Хамбатан хоёрын дунд хоёр жилийн өмнөөс алба тушалаасаа буух талаар яриа болсон ч “Хамба номун хан” цол хүртээд удаагүй байсан тэрбээр гэдийсээр өдий хүрсэн сураг бий . Ямар ч гэсэн Цагаан сарын шинийн нэгний Төрийн золголтод эрх биш очиж Ерөнхийлөгчид бараалхдаг л байж. Өдгөө Хамбатан 72 нас сүүдэртэй, өндөр хэргэмт санваартны хувьд тийм ч өндөр нас биш. Гандантэгчинлэн хийд болон бусад орон хийдийн газруудад 100 илүү насалсан хуврагууд цөөнгүй байсан, байгаа ч байх. Эрүүл мэндээс болсон уу, эсвэл огт өөр шалтгаан гарав уу, найрагч Ц.Хулангийн хэрэг дам нөлөөлөв үү. Аравдугаар богдыг ширээнд нь залснаар өөрийн гүйцэтгэх үүрэг боллоо хэмээн үзэж шинэ залуу Хамба тодруулахаар болов уу. Өөр бусад нарийн ширийн зүйл бий юу. Ийм олон асуулт сүсэгтэн олны дунд хөврөх нь гарцаагүй ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр хоёрын дунд 2021 оны үед болсон нэгэн яриа нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамаг энэ бүхэнтэй зэрэгцэн дуулдаж эхлэв. Юу гэдэг нь удахгүй ил болох биз ээ.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(97.120.20.56) 2023 оны 10 сарын 21

өөрийгөө төрд хэрэгтэй зайран гэж бодож явдаг байждээ зайлуул ккк

0  |  0
ZOCHIN(101.189.22.137) 2023 оны 10 сарын 20

ZA YAHAVDEE OLON JIL JARGASNIIG N BODOLTCOOD TUR YMAR NEGEN TCOL OOR L SHAGNUULAH GEE BIZDEE...UUR YU BDGIIN...GEGEERSEN HUN BOL HEZEE CH .....GUIDAGGUI OYUN SANAA N MUNH BDGIIN GESENSHUU...

0  |  0
S(66.181.178.239) 2023 оны 10 сарын 20

BOOW XXNO 80955877

0  |  0
S(66.181.178.239) 2023 оны 10 сарын 20

80955877SEKSDIBUILCHLI

0  |  0
S(66.181.178.239) 2023 оны 10 сарын 20

SEKSDN80954867

0  |  0
Зочин(98.37.87.67) 2023 оны 10 сарын 20

Эргүү сэтгүүлч худлаа мэдээ цацаж төрийг самарч түмний сэтгэлийн үймүүлэх гэж ядах юмаа.ядаж бхад яасан аймаар царайтай юм бэ?таг хөдөө.сэтгүүл зүйд хөдөөний гарууд орж ирээд хог болгож бнаа

0  |  0
Top