УИХ-д 14-15 суудал авч байж сая бүлэг байгуулах нөхцөл бүрдэнэ

2023 оны 10 сарын 23

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдгээр гишүүдийн тоо нэмэгдэхтэй холбоотойгоор УИХ-ын ирэх сонгуулийн өмнө хэд хэдэн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүсэж байна. Аж ахуйн талаас гэвэл одоогийн УИХ-ын чуулганы танхим илт багадах учраас засвар хийж зайчлахаар болжээ. Шинээр нэмэгдэх 50 гишүүнд сум модон ширээ сандал бэлэглэнэ гэдгээ Лаосын Үндэсний Ассамблей /парламент/-н дарга Сайсумпон Фумвихан өнгөрсөн есдүгээр сарын эхээр Монгол Улсад айлчлахдаа амласан. Тэгэхээр шинэ гишүүд хуралдах танхим, суух ширээ сандалдаа санаа зоволтгүй болох нь. Харин ажиллах өрөө тасалгааны хувьд хүртээмжгүй болох тал бий. Тиймээс арай ам бүл “цөөтэй”-гөөр нь Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Их тэнгэр тийш нүүлгэж өрөө султгах юм гэх дам яриа дуулдсан.

Хууль зүйн талаас бол саваа бэлдчихээд байгаа. УИХ-ын ирэх сонгуулиар гишүүдийн тоо 126 болохтой холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болоод байна.

Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21 дүгээр зүйлд “1.Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна.

Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн тусгажээ. Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг дагуулж УИХ-ын тухай болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орно.

Тойргоос сонгогдож бус, жагсаалтаар орж ирэх 48 гишүүнийг хувь тэнцүүлэх буюу пропорциональ системээр сонгохтой уялдуулан сонгогчид намын нэрийг дугуйлж, авсан саналын хувьдаа тэнцүүлэн намууд жагсаалтдаа бичсэн хүмүүсээс УИХ-д илгээх тул нэлээд олон намын төлөөлөл, мөн бие даагчдаас орж ирж цоохордуу маягийн парламент бүрдэх төлөвтэй. Тэднээс хэрэв УИХ-д дөрөв орчим бүлэг бүрдэнэ гэж үзвэл УИХ-ын дарга бүлэг тус бүрээс нэг гээд дөрвөн дэд даргатай болж таарах нь. Тиймээс хуралдааныг ээлжлээд даргалахад спикерийн хувьд ачаалал тэр хэрээр багасах боломжтой.

Одоо бол нэг намын бүлгээс есөн гишүүн сонгогдож байж УИХ-д бүлэгтэй болж байгаа. Энэ нь 76 гишүүний 8,44 орчим хувь юм. Тэгвэл 126 гишүүний 8,44 хувь нь 14-15 орчим гишүүн болж таарч байна. Энэ хувийг цааш хэвээр мөрдөнө гэвэл 14-15 гишүүнтэй байж сая парламентад бүлэг үүсгэх чадамжтай болох нь. Тэгэхээр тийм ч олон бүлэг ажиллаж чадахгүй гэсэн үг.

Харин урьд өмнөх туршлагаас харвал цөөн суудал авсан хэд хэдэн намын төлөөлөл нийлээд Зөвлөл байгуулаад явж болох ч тэдэнд бүлэгтэй адил эрх ногдохгүй. Засаг барьж бодлого гаргах хэмжээний олонх болсон, эсвэл эвсэл болсон намуудаас сайдын суудалд сууна. Давхар дээлтэй гишүүд 126-гаас хэд төрөхийг тухайн үеийн байдал шийднэ.

Харин гишүүдийн тоо олширлоо гээд яам нэмж, сайдын тоог үржүүлж болохгүй. Сонгуульд ялахад хувь нэмрээ үлэмж оруулсан гэх нэрийн дор сайд, тэргүүн дэд сайд, дэд сайд гээд үржүүлээд эхэлбэл Засаг сайн ажиллах биш, харин төсвийн ачааллаа дийлэхгүй сульдахын цондон болно.

Үйл ажиллагааны тухайд УИХ-д дийлэнх олонх суудал авсан, эсвэл олон суудал авч бүлэг байгуулсан намууд нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулсан амлалтуудаа хэрэгжүүлээд явуулна уу гэхээс бүлэггүй жижиг цоохор намуудад тийм боломж олдохгүй. Тэд ухаалаг ажиллавал сайн сөрөг хүчин болж эрх баригчдын буруу үйлдлийг хазаарлаж, хуулийн цоорхойг анзаарч, иргэдэд халтай хууль гаргахыг зогсоож чадна. Гэм нь жижиг намууд дотор попрогчид олон орж ирвэл санаанд таараагүй бүрээ лайвдаж, хуралдаан үймүүлж, бужигнаан тарихас хэтрэхгүй. Гадаадын парламентын танхимд харагддагийн нэгэн адил гутлаараа шидэлцээд сууж байж ч магадгүй.

Тиймээс сонгогчид нэр дэвшигчдийг гярхай судлаж, мөрийн хөтөлбөрийн бодит эсэхийг харж, бодлого ярих бус дэмий үймүүлж ажилд садаа бологчдыг гаргахгүйн тулд болж өгвөл бүлэг байгуулах хэмжээний чанартай цөөн намын төлөөлөл сонговол парламентат ёс илүү боловсронгуй төгөлдөржин хөгжихөд дэм болно.

Сайн хашгирдаг, лайв хийж гүйдэг, бодлого ярьж мэдэхгүй, тамга, туг, цүнх гурваас өөр “хөрөнгөгүй”, даргаас нь өөр гишүүнгүй шахам намаас төлөөлөл сонговол суудлын бөглөөс, тооны нэмэр, байн байн хэвлэлийн бага хурал зарлаж биеэ дөвийлгөгч төдий л болж хоцорно.

Дээр нь сонгуульд биеэрээ оролцож суудал авсан, жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хооронд “цэргийн оны ялгаа” гэгчээр ялгаварлал гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. УИХ-ын 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явж, сонгогдсон, жагсаалтаар орж ирсэн гишүүд хамтдаа сууж байх үед ийм ялгаварлал бага зэрэг харагддаг л байсан. Гэтэл 2024 он бол өөр цаг болсон. Сошиал хөгжсөн, бодлогоор бус ам хэлээрээ уралдахыг “ажил” гэж үздэг гаж гэмээр үе ирсэн учир ялангуяа ганц нэгээрээ аль нэг намын төлөөлөл болж орж ирсэн гишүүдийн хооронд энэ ялгаан дээр дөрөөлөн “Би тойрог төлөөлдөг, чи зүгээр орж ирсэн” гэх маргаан дэгдэх ч энүүхэнд байж мэднэ. Энэ бүх тулга тойрсон хүнд хэрэггүй маргаанаас болж хайран хууль хэлэлцэх, улсын төсөв батлах ажил цалгардана. Тиймээс сонгогчдын мэдлэг, боловсролыг эртнээс базааж, амаар цэцэрхдэг бус ажлаа мэддэг, бодлого гаргаж, хууль хэлэлцдэг нэр дэвшигчдийг таньж сонгоход туслах чиглэлийн ажил, сургалтууд зохион байгуулахад ч болохгүй гэх газаргүй. Хамгийн гол нь хайр халамж амлаж, сурталчилгааны хэд хоногт сайхан загнасан нэр дэвшигчдийг дээш гаргаж болдоггүйг сүүлийн жилүүдэд сайтар анзаарсан биз дээ.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.182.69) 2023 оны 10 сарын 23

Хөдөөнийхөн засгийн эрхэнд гарч АХУЙ ТӨРИЙГ минь юу болгож орхив доо. Хулгайч луйварчдын улс болж дуусаж байна даа

0  |  0
S(59.153.115.82) 2023 оны 10 сарын 23

SEKSDN80955877

0  |  0
Top