[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах 3 алхам

2023 оны 11 сарын 17

Бидний эргэн тойронд болж буй үйл явдлууд нь биднийг уурлуулж, айлгаж, санааг зовоодог гэж боддог. Гэхдээ тийм биш аж. Бид тухайн зүйлд хандах хандлагаасаа болж өөрийгөө зовоодог байна. Сэтгэл хөдлөлөө тодорхойлж, зөв удирдаж чадсанаар өөрийгөө зовоохгүй байх боломжтой. Хэрхэн удирдах талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Өөрийн сэтгэл хөдлөлдөө анхаарал хандуул

Гадны нөлөөнөөс болж тайван байдлаа алдах нь там юм. Тухайлбал, хүн танируу бухимдах үед, эргэн тойронд маргаан болох үед хүмүүсийн хэлэх гэснийг нь дуустал сонсоод, ойлгож буйгаа илэрхийл. Шууд бухимдахын оронд өөрийн сэтгэл хөдлөлөө ажиглан, гадаа цасаар шуурч байхад дулаахан гэртээ цонхоор харан халуун цай уун суух мэт бай.

Уур хилэн, гунигийн үеийн менежмент хийх нь

Энэ нь хэдийгээр хэцүү ч зохицуулж болдог зүйл аж. Уур хилэн нь хүн өөр рүү нь халдаж байгаа мэдрэмж авахаар үүсдэг сэтгэл хөдлөл. Тухайлбал, та өглөө ажилдаа яаран явж байтал хажуунаас нэг машин шахаад ороод ирлээ гэж бодъё. Үүнд та бухимдаж эхэлнэ. Шахаж орж ирсэн жолоочийг орк, тэнэг, бүдүүлэг гэх мэтээр муугаар бодсоноосоо болж бухимдаж байгаа нь энэ юм. Харин та энэ үед болсон явдалд бус өөрийн хандлагадаа анхаарал хандуулж эхэл. Сайн талаас нь бод. Магадгүй тэр сайн жолооч, гэхдээ маш яаралтай эмнэлэг рүү явж байсан байж болно, тэр санаатайгаар тэгээгүй, эсвэл шинэ жолооч байна гэх зэргээр түүний үйлдэлд хандах хандлагаа өөрчилснөөр бухимдахаа болино. Уурыг зөв цагтаа, зөв замаар, зөв зорилгоор гаргаж сурах хэрэгтэй. Үйл явдлыг яаж хүлээж авах вэ гэдэг нь уурлах эсэхт чухал нөлөө үзүүлнэ. Иймээс сайн талаас нь бодвол уурлахгүй аж.

Мөн та тухгүй болгож байгаа газраас бие физиологийн хувьд холдож, уурлах үед ялгардаг адреналины ялгарлыг намжааж болно.

Гунигийн хувьд бид ганцаардлыг мэдэрсэн үедээ гунигладаг. Энэ үедээ өөрийгөө бүү тусгаарла, ганцаардлаас санаатайгаар зай барь. Гунигтай үедээ өөрийн эрхгүй хийдэг зүйлс болох гунигтай дуу сонсох, уянгын кино үзэх зэргийг бүү хий. Харин аяла, дасгал хөдөлгөөн хий. Хамгийн үр дүнтэй арга нь дасгал хөдөлгөөн хийх аж. Энэ нь тархинд тань ялгарахаа багассан эндорфиныг ялгаруулж, таныг илүү нээж өгнө. Мөн жижиг зорилго тавьж, түүнийгээ биелүүл. Хүнд хэцүү байгаа хүмүүст тусал.

Бусдын оронд өөрийгөө тавьж үз

Энэ чадвар бидэнд маш чухал. Тухайлбал, найз тань ажил дээрээ өөрийн хийх ёсгүй үүрэг даалгавруудыг даргаасаа авсан тухайгаа яривал түүнийг зовоож буй зүйлийг нь давтан хэл. “Чиний хийх ёсгүй үүрэг даалгаврыг өгсөн байна” гэж давтан хэлж, ойлгож буйгаа мэдрүүлэхэд л болно. Өөрөө юу гэж хэлэхээ бодохоос урьтаж, нөгөө хүн рүүгээ анхаарлаа чиглүүлэх ёстой аж. Бусдын хоолойны өнгө, биеийн хэлэмж, царайны хувирлыг нь ажигла. Би түүний оронд байсан бол яах вэ гэж бодох хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top