Б.Чимидийн “Цэв цэнхэр” яруу найргийн номд орсон шүлэг найргаас дээжлэв

2023 оны 12 сарын 10

Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн наадмын “Мөнгөн цом”-ын эзэн яруу найрагч, дендрологич Бадрахын Чимидийн “Цэв цэнхэр” яруу найргийн V боть хэвлэгдэн гараад удаагүй байна. Тэрбээр яруу найрагт үнэнхүү элэгтэй хүн.

Түүний санаачилгаар Дорнын их яруу нйрагч Бэгзийн Явуухулангийн  нэрэмжит цэцэрлэг Нийслэлийн 23 дугаар сургуулийн урд цогцлон босож олны цуглах дуртай газар болсон байдаг. Б.Чимидийн  анхны бүтээл “Үүрийн мөнгөн шүүдэр” шүлгийн түүвэрт Дөнгөтийн Цоодол багш нь оршил үг бичихдээ “Түүний шүлэг эгэл үнэн байдаг нэг онцлогтой, Бараг ардын дуу шиг эгэл ойлгомжтой, цаад санаа нь хөдөлшгүй үнэнийг хөндөж буй” хэмээсэн бол  “Үүл усны заяа” хоёр дахь номд нь О.Дашбалбар  Түүний ардын дууны бадаг шиг цэцэн цэлмэг мөрүүд анхарал татна” хэмээн бичиж байсан цагаас хойш шүлэг найргийн 10-аад ном хэвлүүлснээс сүүлийн үед гаргасан IX ботийн тавдугаарт шүлгүүдээсээ  сорчлон оруулсан байна.
 

Энэ удаад Б.Чимидийн “Цэв цэнхэр” яруу найргийн номд орсон шүлэг найргаас нь дээжлэн хүргэж байна.

 

ЧИНИЙ АРВАН ЗУРГААХАН НАС

Будаг ч үгүй энгэсэг ч үгүй чиний арван зургаахан насан

Булчин ч үгүй, шөрмөс ч үгүй миний арай яданхан насанд

Буцах ч үгүй эргэх ч үгүй алаг хорвоогийн жамаар

Буруу ч үгүй зөв ч үгүй би анхны хайртай учирсым

Гоё сайхан гэдгийг анх би чамаасай мэдэрч

Голт зүрхээ шимширтэл дурлан хайрлаж явсым

Гоо тансаг бүгдийг чамаараа би хэмжиж

Гуалиг төрсөн биеийг чинь түшиж  налж суусым

Ангир цээжинд чинь тэгэхэд хос ногтруу өдөлж гүйцээгүй байсым

Айлын жаахан хархүү танайд  үдэлж амжаагүй явсым

Салаа хоёр гэзэг чинь цагаан туузан цэцэгтэй байсым

Сарнайн улаан уруул дээр чинь балын эрвээхэй суугаагүй явсым

Одож өнгөрсөн жилүүд галын цуваа шиг алславч

Онгон зүрхний гүнд чи арван зургаатай л үлдсийм

Хонгор хоёр биесээ анхны харцаар олоогүй бол

Хорвоогийн уудамд чи бид хоёр тэнэж төөрөх байсым

Одтой тэнгэрийн дор бие биесээрээ дутаж         

Олдошгүй хайрын галаа бадрааж чадахгүй явахым

Түмэн хүний дунд зүг чигээ алдаж

Түнэр харанхуйн уудамд өнчин саран шиг   ганцаардахым

 

САЙХАН ЗАЛУУ НАСААРАА ГОЁ

Сайхан залуу насны минь зургийг нэг аваа ч

Санааширч түүнийгээ хожмоо харж явъя

Айлын хархүүд сэтгэл алдарч явсан

Арван найман насаа хараад баясаж байя

Сайхан залуу насны минь зургийг нэг буулгаа ч

Санааширч түүнийгээ хожмоо харж явъя

Гунхсан сайхан бүсгүй явлаа гэж

Гуниг дүүрэн нүдээр ширтэж явъя

Сайхан залуу насны минь зургийг нэг мөнхлөө ч

Санааширч түүнийгээ хожмоо харж явъя

Эмээ нь ийм сайхан байсан  юм гэж

Энгэртээ хадгалж гаргаж үзүүлж байя

Сайхан залуу насаараа гоё

 

ҮХЭР ЖИЛИЙГ ҮДЭЖ БИЧСЭН ШҮЛЭГ

Үхэр жилийг үдэх гэж

Үнэндээ их л ядрав

Нэхэл хатуутай энэ орчлонд

Нэг жил гэдэг яасан урт юм бэ

Дөчин нэгэн чулуугаа татаж үзэв

Дөрвөн хайрхан уулаа тахиж үзэв

Авралын ном айлтгаж үзэв

Арван буянаа амлаж үзэв

Гандан их хийдэд сүсэлж мөргөв

Гавж их ламд сунаж мөргөв

Өндөр Жанрайсагтаа сөхөрч мөргөв

Өвгөн аавдаа сөгдөж мөргөв

Алганыхаа хээг үзмэрчид үзүүлэв

Арга хайж зурхай зуруулав

Лүүжин тавиулж гүрэм хийлгэв

Лүндээгээ засуулж сан тавиулав

Овоо тахиж наадам хийв

Олноо цуглуулж найр хийв

Төрийн сүлдэндээ залбирч үзэв

Төрсөн бууцандаа хөлбөрч үзэв

Даллага авахуулж хурайлав

Даанжуур тэвэрч гороолов

Дархад тэнгэрээр таалуулав

Дарьганга зайрангаар ташуурдуулав

Аль нь надад тус болсныг

Ах нь ер мэдсэнгүй

Алив наашаа хундагаа өгөөдөх

Алтан дэлхийдээ нэг сэржим өргөөдөхье

Өнгөрүүлж ядсан ганц жил маань

Өнөөдөр ингээд улирч байна

Баяртай үхэр жил минь

Бар жилийн шинийн нэгэн маргааш

 

ХӨХӨӨНИЙ ӨНДӨГ ДАРСАН БОЛЖМОРЫН ДУУЛЬ

Өнчин хүн дууч гэсэн

Өнийн нэгэн хууч бий

Нэг.

Хээрийн болжмор үүр засч

Хэдэн бор өндөг төрүүлэв

Нялх үрээ өлгийдөх адил

Нисэн буун дарж өсгөв

Сүүдэр унавал ч голоод хаях

Сүү ариухан амьтад гэнэм

Алганы хонхор шиг  бяцхан үүрэндээ

Ам бүлээрээ багтдаг гэнэм

Өндгөн үрээ үүрэндээ орхиод

Өдрийн аянд гардаг гэнэм

Өт хорхойн авд мордож

Өл хоол хайдаг гэнэм

Үдшээр хэдэн өндгөө дардаг

Үүрээр хээрийн аянд гардаг

Бие нь жижижг ч үүрт шувуу

Бяцхан Болжмор хэрдээ л ажилтай

Хоёр.

Өндөглөх гэж дуугаа хурааж

Өдөржин дуншиж нисэж бууж

Өвсөн доторх бяцхан үүрийг

Өмчилж Хөхөө нүдлэв гэнэ

Үүрээ барихад нь хялгасны нэмэргүй

Үрээ төрүүлэхэд нь хяслын нэхэлтэй

Нисэж ирсэн хөвчийн шувуу

Хүсэж ирсэн өндгөө төрүүлж

Сүүхээ гаргаж Болжморын үүрнээс

Сугалж нэгийг нь хаяв гэнэ

Сурсан аргаараа нэг өндгөө

Шургуулж оронд нь тавив гэнэ

Хүрдэн дээр хүүхдээ орхиод

Хөөрхий эх гансарч явах шиг

Нялх ногооны униарт өдөр

Нэг нэгээр нь өндгөө тараав

Бусдын үүрэнд өндгөө шургуулж

Бултаж ниссэн Хөхөө шувуу

Үрээ өсгөхийн зовлонг

Үзээгүй л амьтан шүү дээ

Гурав.

Хөхөөний ангаахай өсгөлүүн

Хөл гар нь урт

Эзлэх зай нь том

Өнгө зүс нь өөр

Өд сөд нь ондоо

Умгар жижигхэн үүрэнд

Унтах зайнаас нь хугаслана

Ууж идэх хоолыг нь

Улаан цайм хагаслана

Өгсөн зөөсний нь идэж цөлмөнө

Өдрөөс өдөрт өсөж томроно

Өд сөд нь ургаад ирэхээр

Өөдөө тэр хөөрч бууна

Ангаахай бяцхан Хөхөөний

Ам нь илүү ангалзана

Хооллож ундалж тэжээсэн ч

Ходоод нь илүү хонхолзоно

Ямар гээч үр заяасныг

Яахан Болжмор мэдэх билээ

Надад заяасан үр л гэж

Насаараа андуурч явах нь тэр

Олон олон дотор

Онцгой нэгэн бас байх

Өл хоол залгасан ч

Өлсөж цангасан нь олон байх

Тийм үрдээ эх нь хайртай

Түүндээ бүр илүүчилдэг байх

Аягаа түрүүлж хоосолдог гэж

Ад үзэж хялайдаггүй байх

Атигар жижигхэн биенээсээ тэгээд

Ахадсан ачаа үүрдэг байх

Ангаахай хэдэн үрээ тэгээд

Алаггүй тэжээж өсгөдөг байх

Дөрөв.

Хөхөөний үүр гэж хаана ч байхгүй

Хөөрхөн ангаахайнууд нь харьд өсдөг

Болжморын үүрэнд багтаж өсдөг

Бор хоолоо зөөлгөж өсдөг

Хүний газар тэнэж өсдөг

Гүний нутагт гэнэж өсдөг

Хоол ундаар дутуу өсдөг

Хол газар гутуу өсдөг

Өндөрт ниссэн Хөхөө үрээ

Өрөвч Болжмор араас нь дагадаг

Эцэс сүүлд нь тамир нь дутаж

Элдэж хөөж гүйцэхээ больдог

Дарж өсгөсөн олон үрнээс нэг нь

Давжаа хөөрхөн Болжмор болдоггүй

Хөгжин донгодох Хөхөө болж

Хөвч хангайдаа нисэн оддог

Хөхөөний  өндөг дарсан

Хээрийн Болжмор хөөрхийлөлтэй

Өөрийн үр гэж бодож

Өгөөмөр сэтгэх нь өрөвдөлтэй

Тав.

Тээж явсан цээжний гунигаа

Гээж чадалгүй ил гаргаж

Өссөн үүрэндээ дуулаагүй дуугаа

Өгөөмөр хангайдаа өргөж явдаг

Хөхөө сайхан дуутай шувуу

Хөхөө муухай үйлтэй шувуу

Хөвчийн модонд Хөхөө донгодно

Хөөрхий тэр сайхан дуулна

Өссөн үүрээ мартан мартан дуулна

Өгөөмөр хангайгаар хэрэн хэсэн дуулна

Хоолой нь тэгээд сайхан болж

Ховорхон заяах дуучин болдог

Өнчин хүн дууч гэсэн

Өнийн нэгэн хууч санагдуулж

Хөвчийн модонд Хөхөө донгодно

Хөгжиж тэр ганцаараа дуулна

 

БУЦАГСДЫН ДУУЛЬ

Хоосон араг уруу харуулан тэгнэж

Ноосон олбог нуруун дээр нь засаж

Бурхан болоочийг аяар нь тухалж

Бусдын нүднээс бултан хөдлөхөд

Өтгөн зогдорт хүрэн атны

Өвдөг үе нь нугаран явж

Ботгон хөлс сугаар нь урсаж

Босоо боривоо хавиран явж

Өгсүүр даваанд өөглөн хөтлөхөд

Өлийн өндийн зүтгэж явж

Өвсөн толгой шүүрэх завгүй

Өдөржийн газар аяншиж явж

Амь тасарч хорвоог орхисон хүнийг

Ачлага болгон тээж яваагаа

Адгуус хүртэл совингоороо мэдэрч

Арай ядан үүрч явж

Хаврын цэцэг нялх ногоог

Хавтгай тавгандаа давтан явж

Хар суран эр биенээсээ

Халуун хөлсөө асган явж

Өндөр дээд өвгийг минь

Өргөж явсан улаан атны

Уйтай ч гэсэн үнэн зураг

Ухаан санаанаас минь салдаггүй юм

Атан тэмээг сульдаасан

Атигар жижигхэн өвөөгийн

Амь буян хоёр нь

Алтнаас хүнд байж дээ хөөрхий

 

БҮХ ЮМ ХӨДӨЛЖ Л БАЙВАЛ БОЛОО

Өчигдөр шингэсэн наран мандаж л байвал болоо

Өтгөн хар үүл нүүж л байвал болоо

Өвсөн толгойн  шүүдэр хийсэж л байвал болоо

Өрх татсан бүсгүй  даллаж л байвал болоо

Нүүрс ачсан хөсөг явж л байвал болоо

Нүүдэл хөтөлсөн бүсгүй ирж л байвал болоо

Нугасны хоёр дэгдээхий өдөлж л  байвал болоо

Нутгийн хөөрхөн охид  өсөж л байвал болоо

Хэвлийд олдсон хүүхэд хөдөлж л байвал болоо

Хээрийн бор болжмор хөөрч  л байвал болоо

Хэдэн бүгээн адуу хатирч л байвал болоо

Хөөрхөн хунгийн дэгдээхий хөвж л байвал болоо

Эм цагаан хулгана хөеөлж л байвал болоо

Ээрэм талын хулан давхиж л байвал болоо

Домгийн цэнхэр Хэрлэн урсаж л байвал болоо

Долоон бурхан од гудайж л байвал болоо

Нэрмэлд халсан өвгөн дуулж  л байвал болоо

Хэрмэл бүлээн салхи сэвж л байвал болоо

Ангаахай бяцхан үрс шулганаж л байвал болоо

Азийн дөрвөн бэрх бууж л байвал болоо

Хээр хоносон саран хэвийж л байвал болоо

Хэнз ногоон ой шуугиж л байвал болоо

Хэт цохисон ул уугиж л байвал болоо

Хээл холын одод дохиж л байвал болоо

Орчлонгийн юм бүхэн хөдөлж л байна

Олдошгүй ногоон бөмбөрцөг дээр зогсон байгаа юм алга

Зүйдэлгүй цэнхэр тэнгэрийн дор зүгээр хэн байна

Зүүд хүртэл шөнөжин мөлхөж хонодог юм байна

 

Уусаж шингэж явна

 

Амьддаа би чинь

Атгахан тархиндаа багтаж

Буурал болсон хойноо

Буурал хорвоогоор тэнэнэ ээ

Хуруун чинээ бойтогтой мөлхөж явсан минь худлаа болж

Хурмастын гялаан үүлэн дунд хөвж хөөрч одно оо

Хуртай зуны бороонд норж явсан минь ташаа болж

Хумхийн цагаан тоосонд хучигдаж хутгалдаж одно оо

Уйтай намрын үдэш болзож явсан минь гул болж

Усан цэнхэр зэрэглээнд ургаж ширгэж явна аа

Уртын дуутай өглөө инээж явсан минь ул болж

Уулын саарал цуурианд уусаж  шингэж одно оо

Гангийн халуун наранд гандаж явсан минь андуу болж

Газар тэнгэрийн хооронд ганхаж гунхаж одно оо

Галтай идэр насандаа аархаж явсан минь эндүү болж

Гашуун нулимстай өглөө мөнхийн амгаланд мордоно оо

Амьддаа би чинь

Атгахан тархиндаа багтаж

Бурхал болсон хойноо              

Буурал хорвоогоор тэнэнэ ээ

 

ШУВУУД ЧУУЛАХ НУУР

Хаа холын сэрүүн диваажинг

Хаанаас хэн нь  мэдэж орхив

Тэр олон шувуудыг

Тэндээс хэн нь түүчээлж ирэв

Ганц шөнийн бороонд

Гангарч  хээлэн мялталзах

Гантай халуун зун

Газартай наалдаж дарайх

Нутгийн цагаан цөөрмийг

Яагаад тэд мэдчихэв

Нуур нууруудын дундаас

Ялгаад хүрээд ирэв

Зун зундаа ирдэг

Зуун хэлийн шувууд

Зургийн хуар шиг нутагт минь

Зугаацаж байгаад буцдаг

Тэр олон шувуудыг

Тэндээс хэн нь түүчээлж ирэв

Хаа холын сэрүүн диваажинг

Хаанаас хэн нь мэдэж орхив

 

ЭХИЙН ХАЙР

Томоогүй зүүдэндээ үнэгчлэн баясах

Тохойн чинээ бяцхан хүүгээ

Татаж биш үнсэж сэрээдэг

Хайр шингэсэн халуун уруул нь

Миний ээжийнх

Дуг нойрондоо үнэгчлэн инээх

Дулаахан хацарт бондгорхон охиноо

Дуудаж биш, үнэрлэж сэрээдэг

Хацар илбэсэн халуун амьсгал нь

Миний ээжийнх

 

УС УУХЫН ЗАЯА

Харцганд хөөгдсөн бяцхан болжмор

Хаяа хатавчаар нисэн оров

Хамаг айдас бүхнийгээ мартаж

Хормойн доогуур шурган  оров

Амь наана там цаана

Арай ядан тэмцэж яваа

Өд сөд нь өрвийсэн болжмор

Өөр хаашаа орох билээ

Хүн болжмор хоёр

Хүнсээ ямар булаадах биш дээ

Миний үүц ууцыг

Мэхэлж ямар авсан биш дээ

Босоо эрлэгт боорлогдож

Борхон болжмор мэгдэж явахад

Санд мэнд нисэн ирж

Садан төрөл болж байхад

Энхрий бяцхан шувуухайг

Эвийлж бид хайрлалгүй яахав

Айсан зүрхий нь амрааж

Амраг садан бололгүй яахав

Харцага шувууны иддэг, уудгийг

Хагасалж хугасалж хороогоогүй ч

Хүчтэйн дэргэд хүчгүй нь буруутай

Хөөрхий болжмор чи буруутай

Амиа  өмгөөлж чадахгүй байж

Агаарт хамт ниссэн нүгэлтэй ч

Уул нь чи гэмгүй амьтан

Ус уухын заяа түшиж чамайг

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top