Н.Дашдаваа: Монголчууд нүцгэн үнэнтэйгээ нүүр тулах ёстой

2023 оны 12 сарын 22

Монголын Консерватив намын дарга, эдийн засагч Намжилын Дашдаваа “Төрийн бодлогын хувьсгал 7С” сэдвээр 13 цагийн турш 12 зочин сэтгүүлч, эрдэмтэн судлаачидтай ярилцаж, үзэгч, сонсогчдын асуултад хариулсан юм. Манай сэтгүүлч Х.Сүглэгмаа зочин сэтгүүлчээр оролцож, сонирхолтой асуултуудад хариулт авсныг товчлон  хүргэж байна. 


-Ярилцлага ийм олон цаг үргэлжилж, хүмүүсийг өмнөө “уях”-ын тулд янз бүрийн сэдэв хөндөх нь сонирхолтой санагдлаа. Үүний тулд та эхлээд өөрийгөө танилцуулна уу?

-Эхлээд яагаад ийм олон цагийн нэвтрүүлэг хийх санаа төрөв гэдгийг товч хэлье. Бид улс орны аливаа асуудлаар ярилцлага, подкастуудыг хийдэг. Түүн дээр үндэсний шинжтэй том асуудлуудыг тавьж, хөгжлийн том бодлогуудыг ярьдаг. Тэнд 5-6 хүн оролцож, нэг хүн өөрт оногдож буй таван минутад тухайн асуултад хариулах шаардлагатай болдог. Гэтэл Монголын геополитикийн асуудлаар таван минутад хариулна уу гэхээр бүрэн дүүрэн хариулах  ямар ч бололцоо байхгүй. Тиймээс ийм нэвтрүүлэг, ярилцлага хийе гэсэн санааг эртнээс бодож явсан. Нөгөөтэйгүүр, өөрийн судалсан, мэдсэн, олж авсан мэдлэгийг бусадтай хуваалцах шаардлага байна гэж үзсэн.Ингээд “Төрийн бодлогын хувьсгал 7С” ярилцлагын нэвтрүүлгийг санаачилж, сэтгүүлчдээ урьж, өөрөө салхийг нь хагалж байна. Ярилцлагад улс орны бодлогын асуудлууд, олон улсын хөгжлийн чиг хандлага, Монголд юу болохгүй байна. Бидэнд гарц шийдэл байна уу гэсэн сэдвээр нээлттэй ярилцъя гэж зорьсон  юм. Улс орны хөгжлийн төлөвлөгөөг өөр өөрийнхөөрөө гаргаж, төсөөлж, асуудал дэвшүүлж яваа олон хүн энэ санаачилгыг цааш нь ургуулж, “усалж” тордоод цааш нь хөтлөөд явах байх гэж бодож байна.

7С БОЛ УЛС ТӨРӨӨС АНГИД УХАГДАХУУН

-13 цаг ярилцана гэдэг маш өргөн мэдээллийг хүмүүст өгөхийг зорьсон нь илт байна. Жишээлбэл, Монголын өнөөгийн улс төрийн байдал, улс орноо хөгжүүлэх гарц гаргалгаа, тэр байтугай шашин, соёл гээд. “Төрийн бодлогын хувьсгал 7С” гэж нэрлэсэн нь ийм учиртай юу?

-Нэвтрүүлгийнхээ нэрийг “Төрийн бодлогын хувьсгал 7С” гэсэн нь ерөнхийдөө бол улс төр гэдгээс ангид, монголчууд төрөө яаж эмхэлж цэгцлэх вэ, яаж зөв  бодлого явуулдаг сайн төртэй болох вэ гэж ярилцдаг. Хүн болгон зүрх сэтгэлдээ ийм бодол сэтгэлийг тээж явдаг. Тэнд үндэсний үзэл баримтлалд тулгуурласан төрийн бодлого гэж юу вэ. Түүгээрээ дамжуулж бид өнөөдөр хүчирхэгжиж босож ирэх, өндийх, зөв бодлогын зам руу орох гарц байна уу гэдэг талаар би өөрийн судалж мэдсэнээ хуваалцъя гэж байгаа юм. Ингээд ярилцлагын эхэнд  өөрийгөө танилцуулна уу гэсэн асуултад чинь хариулъя. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригад гэж байгаад одоо баг болсон газарт 1980 онд төрсөн. Нутагтаа бага, дунд сургууль дүүргээд Улаанбаатарт шилжин ирсэн. Тэгэхээр уг гарвал бол Засагт ханы хөх харчуул гэж ярьдаг тэр хүмүүсийн үргэлжлэл юм. Улаанбаатарт ирснээр макро эдийн засаг буюу улс орны эдийн засгийн бодлогын чиглэлээр сурч төгссөн. Одоо бол СЭЗДС-д энэ чиглэлээрээ магистрт сурч байна.

-Эдийн засагч мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ мэргэжлээр улс орондоо юу хийж бүтээв. Одоо ямар ажил алба хашиж байна вэ?

-Эдийн засагч болсон гол шалтгаан бол 10 жилд сурч байхын математикийн хичээлд сонирхолтой, ерөнхийдөө тоогоор явсных болов уу. Хүүхэд байхын математик, хими, физикийн хичээлд сонирхолтой байлаа.Математик суурьтай байсан учраас эдийн засгийн мэргэжил сонгох гол шалтгаан болсон гэж ойлгож болно. 2012 оноос хойш Монголын Консерватив намын даргаар ажиллаж байна. Дээр нь олон улсын судалгааны төсөлд ажилладаг. Мөн арга, билэг хосолсон төрийн цоо шинэ тогтолцооны талаар бидэнд ямар гарц байна гэдэг чиглэлд 12 жил судалгаа хийж, түүнийгээ ном болгон хэвлүүлсэн. “Монгол барууны улс төрийн онол”, “Дэлхийн хараатай Монгол-2050”,  “Дэлхийн бодлоготой хөх эрдэнийн Монгол” гэсэн гурван ном гаргасан. Энэ бол Монголыг хөгжүүлэх цоо шинэ өнцөг юм.

БИ НОМОО БОДЛОГО, БОДЛОГОО НАМ БОЛГОЖ ЯВАА ХҮН

-“Төрийн бодлогын хувьсгал 7С” нэвтрүүлэгт үнэт зүйл,  өндийн босох арга, үндэсний ашиг сонирхол, нүцгэн үнэн, улс дамнасан үйлдвэр, эдийн засаг, нийгмийн бодлого, хөх төр, хөх эрдэм, тамгатай төр гэх мэт  30-аад асуудал дэвшүүлжээ. Дандаа монголчуудын язгуур эрх ашгийг хөндсөн, үндэс рүүгээ яргасан философлог сэдвийг хөндсөн байна. Бүтээлүүдээ танилцуулна уу?

-2012 онд нам байгуулахаас өмнө нэг ном бичсэн юм. Тэр нь “Монгол барууны улс төрийн онол” буюу монголчууд үндэсний үзэлдээ тулгуурлаж яаж хөгжих вэ гэдэг асуудлыг хөндсөн. Номоо бодлого болгож, бодлогоо нам болгоод явсан. Тэрнээс хойш 11 жилийн ард гарчээ. 2014  оны үед  “Дэлхийн хараатай Монгол-2050” номоо олон нийтэд хүргэсэн. Гурав дахь бүтээл нь “Дэлхийн бодлоготой хөх эрдэнийн Монгол” юм. Энэ бүтээл дөрвөн бүлгээс бүрдэж байгаа. Эхний бүлэг нь монголчууд нүцгэн үнэнтэйгээ нүүр тулмаар байгаа юм. 3.5 сая иргэнийг үндэстнээрээ нэг хүн гэж үзвэл бид  нүцгэн үнэнтэйгээ  нүүр тулмаар байна. Монголчууд Манжийн дарлалын 200-гаад жил, социализмын 70 жил, ардчиллын 33 жилд юу болоод өнгөрөв. Хаана нь алдаа гарав гэдгийг дүгнэж цэгнэх, алдаа байвал түүнтэй нүүр тулмаар байна гэдэг асуудлыг хөндсөн. Хоёр дахь бүлэгт алдаанаас яаж гарах вэ, ямар гарц гаргалгаа байна гэдгийг төсөөлсөн. Тэр төсөөлөл хүслийн жагсаалт гэдэг шиг, бид уул уурхайгаа ингэх юм байна, мал аж ахуйгаа ингэх ёстой юм байна, төрийн бодлогоо ингэмээр юм байна, Үндсэн хуулиа ингэж өөрчилмөөр байна гэж төсөөлсөн. Гуравдугаар бүлэгт төсөөллөөс төлөвлөгөө буюу бодит байдал руу алхаж байгаа, өөрөөр хэлбэл ирэх 44 жилд улсаа яаж хөгжүүлэх вэ гэсэн төлөвлөгөөг дэвшүүлэн бичсэн.Цаг хугацааг нэлээн тодотгож өгсөн. Дөрөвдүгээр бүлэгт дөрвөн жилд бид юу хийх вэ гэдгийг томъёолсон. Энд  7С-г тодотгосон  байгаа. Дөрвөн жилийн дотор хөгжил ярихаасаа илүүтэй засаж залруулах зүйлүүд илүүтэй гарч ирээд байна. Тактикийн зүйлүүдэд засах зүйл их байна.

-Та 7С-г товч тайлбарлаж өгнө үү?

-7С-гийн нэгдэх хэсэг нь “Саруул Монгол” оюун санааны бодлогын хувьсгал гэж байгаа. Хоёр дахь нь “Сахилгатай Монгол” улс төрийн бодлогын хувьсгал. Гурав дахь нь “Сан хөмрөгтэй Монгол” эдийн засгийн бодлогын хувьсгал. Дөрөв дэх нь “Сэтгэлтэй Монгол” нийгмийн бодлогын хувьсгал. Тав дахь нь “Сүйхээтэй Монгол ба гадаад харилцааны бодлогын шинэчлэл”, зургаа дахь нь “Соёмботой Монгол буюу билэг эрдмийн хувсьгал, долоо дахь нь “Сэрсэн Монгол буюу ухамсрын сэрэлтийн хувьсгал юм.

ХУВЬСГАЛ ГЭДЭГ ҮГИЙГ БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ ГЭЭД ОЙЛГОЧИХ

-Хувьсгал гэдэг үгийг ямар утгаар хэрэглэв?

-Энэ бол мэдээж болгоомжтой хандах ёстой үг. Тиймээс энэ бол бодлогын хувьсгал юм шүү гэдгийг тодотгож хэлье. Өөрөөр хэлбэл, бодлого өөрчлөгдөх тухай ойлголт юм. Хувьсгал гэдэг үг дангаараа хатуу сонсогддог. Тэгэхээр бодлогын өөрчлөлт гэж ойлгоход дөхөмтэй. 7С дотроо зургаа, зургаан хэсэгт хуваагдаж байгаа. Тэгэхээр энэ дотор  42 агуулга бий. Жишээ нь, Монголын язгуурын үнэт зүйл гэж юу вэ. Монголын үндэсний үнэт зүйл гэж юу вэ, түүнийг тодорхойлсон. Бид үнэт зүйлийнхээ баримжааг алдчихав уу, үгүй юу гэж парламентын танхимдаа хүртэл  ярьж байна шүү дээ. Энэ мэт 42 агуулгыг 7С багтааснаараа онцлог юм. Хэл соёл, түүний дархлаа, тусгаар тогтнол, язгуурын төрт ёсны  ойлголтууд, уламжлал бүгд багтсан.

-Консерватив гэдэг үзэл нь өөрөө үндэсний эрх ашиг, үнэт зүйл, түүний төлөө сэтгэл зүрх бүх зүйлээ зориулах гэсэн үзлийг агуулсан гэж та нэг ярилцлагадаа дурдаж байсан. Нам байгуулах үедээ анх юу бодож байв. Долоон жилийн дараа тантай уулзаж ярилцахад ярьж буй асуудлын цар хүрээ тэлжээ гэж бодож байна. Эхний тэр түвшнийг одоотой харьцуулахад та өөртөө юу нээж олсон бэ?

-Нам байгуулж байх үед консерватив гэдэг юу гэсэн ойлголт болох талаас бид судалсан. Манайхан уламжлал гэж орчуулсан байдаг. Уламжлал гэхээр ерөнхий ойлголт. Хүнээр бол “Хүн” гэсэн ерөнхий ойлголт. Гэтэл хүн дотроо нэр уснаас эхлээд тодорхой зүйлүүд байна. Яг үүнтэй адил консерватив гэдэг үгийн үндэс нь монгол хэл дээр ягшмал гэдэг үг гарч ирдэг. Тэгэхээр энэ бол яг хэлсэндээ бай, хэлснээ яг хий, хэлсэндээ эзэн бол гэсэн монгол үгийн язгуур юм. Энэ зарчим бол монголчуудын төрөлх үзэл, төрдөө баримталж байсан зарчим. Олон улсын хэллэг нь консерватив, энэ  бол дэлхий даяар явж байгаа үзэл. Консервативыг энгийнээр тодорхойлъё гэвэл, уламжлал гэж байна, түүн дотор мөн сайн муу гэж байна, тэгэхээр муу уламжлалаа тухайн цаг үед нь үлдээж, сайн уламжлалаа аваад цааш хөгжих, өөрөөр хэлбэл ингэж орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж явахыг хэлж байгаа юм. Манайхан мэдэх байх, консерв гэдэг бол хадгалах гэсэн утгатай, тэгэхээр үндэснийхээ үнэт зүйлийг хадгалж цаашаа хөгжөөд явахыг л хэлж байгаа юм. Ингэхгүй бол бид даяарчлалын давлагаанд орохоороо үндэснийхээ үнэт зүйлийг орхичихоод шинэ гарч ирж байгаа  либерал юм уу, нео либерал үзлийг дагаад явахаар бидний ондооших, эсвэл хадгалж үлдэх ёстой үнэт зүйлүүд орхигдоод байна. Миний харж байгаагаар өнгөрсөн 33 жилд монголчуудын хамгийн нандин үнэт зүйлүүд өөрчлөгдсөн. Бид хамгийн нандин үнэт зүйлсээ бусдын үнэт зүйлээр солих үзэгдлүүд явагдсан.

ӨӨРИЙГӨӨ ТАНЬСАН ХҮНИЙГ Л “ТЭНГЭРТЭЙ ХҮН” ГЭНЭ

-Оюун санааны нэгдэл бол нэгдмэл хүч гэж үг байдаг. Ийм нэгдэлгүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байгаа энэ байдал өнөөдрийн хямралд биднийг хүргэж байна уу гэсэн эмзэглэл байдаг. Та үүнийг юу гэж үзэж байна?

-Бид суурь хүмүүжил, суурь үнэт зүйлүүдээ орхиод ирэхээр оюун санааны дархлаанууд сулраад байгаа юм. Дархлаа сулраад ирэхээр үнэт зүйлүүд маань өөрчлөгдөөд байна. Ингэхээр тухайн амьдрахуй буюу бидний оршихуй өөрчдөгдөж, тархай бутархай зүг рүү яваад байна. Тиймээс эв нэгдлийн эсрэг хуулиуд үйлчлээд байгаа  юм. Дэлхий дээр тунхаглаж байгаа либерализм, ардчилал бол дураараа байж болно, юу дуртайгаа хий, таны эрх, хүний эрх чухал гэж сургаад байдаг. Ингэж бусдын хамтын амьдралын эсрэг суртал яваад байна. Ингэснээр хамтаар амьдрахын эсрэг анархи байдал үүсэх гэх мэт сөрөг зүйлүүд бий болж байна. Залуус бол "бид юу ч хийж болох юм байна" гэсэн анархи байдал руу орж байна. Гомо, лесби гээд гарч ирж байна. Тэрийгээ хүний эрхийн асуудал гэж тайлбарлаж байна. Жишээ нь, дэлхийн аль ч улс орны үнэт зүйлүүдийг харахад тэр дотор тийм үнэт зүйлүүд байхгүй. Хүн төрөлхтний өөрийнх нь язгуур үнэт зүйл ч энэ биш. Тэгэхээр хэн нэгэн зохиогоод дэлхий дээр түгээн тархааж байна. Тэр давлагаанд монголчууд өртөөд байна. Бид тэрийгээ олж харж үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй. Бид буруу юмаар үнэт зүйл хийгээд, буруу үзэл баримтлал дагаад байгаагаа олоод харчих юм бол, оюун санаанд байгаа дархлаагаа сэргээчих юм бол өөрөө өөрсдийгөө хамгаалах, авч үлдэх инстикт гэх юм уу, тэр зүйлүүд аяндаа гараад ирнэ. Тэгэхээр бид үүнийгээ л олж харах хэрэгтэй байгаа юм.

-Ингээд үзэхээр тэнгэризм, өөрөө өөрийгөө таньж мэдэх тухай үзэл гарч ирдэг. Ийм утгатай зүйлийг Л.Түдэв агсан хэлсэн байдаг?

-Мөн Уламжлалтын нэгдсэн намын дарга Д.Батболд хэлдэг, тэнгэр үзэл дээд түвшний үзэл гэж. Гэхдээ монголчууд тэнгэр үзлийг маш олон юмтай холиод байдаг. Тэнгэр үзэл гэдэг миний ойлгосноор хүн өөрийгөө таньж мэдэх тухай ойлголт. Хэн ч бай өөрийн цусаар, генээр эцэг өвгөдийнхөө бүх мэдээллийг тээгээд  ирсэн. Чулуу чулуун дотроос алмаз хатуу, хүн өөрийгөө таньж мэдэх нэг хатуу гэж үг бий. Хүн өөрсдийгөө судалж, мэдээллийн дата-гаа судалж, өөрийгөө таних нь чухал. Тэнгэртэй хүн гэж энийг  л хэлнэ.

АГУУ ХҮСЭЛ, АГУУ ТӨСӨӨЛӨЛ, АГУУ ТӨЛӨВЛӨГӨӨ Л АГУУ ҮНДЭСТНИЙГ БҮТЭЭДЭГ

-Номынхоо оршилд та “Монгол үндэстний өмнө том хүсэл байна. Монгол үндэстний хүсэл биелнэ” гэж бичсэн байсан. Зөгнөл үү, бодит судал­гаанд суурилсан дүгнэлт үү?

-Энэ номыг уншиж дуусаад Монгол хүний эр зориг бадраасай хэмээн би хүснэ. Монгол үндэстний өмнө том хүсэл байна. Монгол үндэстний хүсэл биелнэ гэж би боддог. Учир нь энэ ном тэр хүслийг биелүүлэх эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байгаа юм. Хоёр мянганы эхлэлд хүн төрөлхтнийг жолоодон чиглүүлж дэлхийд энх амгаланг тогтоож, чөлөөт худалдааг тэтгэж орчин үеийн даяарчлалын үндэс суурийг тавьсан юм. Энэ бол монгол үндэстний хүн төрөлхтний төлөө хийсэн үйл хэрэг. Гурав дахь мянганыхаа үүргийг гүйцэтгэх цаг тулж иржээ. Агуу түүхийн агуу санамжаа сэргээн сэрж босож ирэхийг өнөөдрийн цаг үе шаардаж байна. Монгол үндэстэн сүүлийн таван зуун жилийн гүн нойрноосоо сэрэх цаг нь болжээ. Бид өвгөд буурлуудын сургаал, зарлигыг мартаж, төрт ёсны санамжаа алдаж, өөрийн дотоод сэтгэл орноо бусдад хулгайлуусан мэт болжээ. Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй. Монгол үндэстний цаг үе ирсэн гэдгийг хэлмээр байна. Учир нь дэлхийн хүн төрөлхтөн өөрсдийг нь аврах авралыг эрсээр байна. XX зуун Еврейн зуун байсан бол XXI зуун хөх Монголын мянган болох ёстой. Хүн төрөлхтний бахархал болсон хөх Монголыг монголчууд бид өөрсдөө бүтээж чадна. Монголын хөгжлийн онцлогт тохирсон Монгол үндэсний консерватизмыг хэрэгжүүлэх нь монгол үндэстэн дахин хүчирхэгжиж, хүн төрөлхтний хувь заяаг жолоодох хариуцлагатай байрандаа эргэн очих юм.

-Яаж тэр билээ?

-Монгол үндэсний консерватив үзлийг улс төр, нийгэм, эдийн засгийн баримтлах идеологио болгосноор Монгол Улс дэлхийн төв болж Хойд Азийн Монгол дэлхийг даяарчлах болно. Монголчууд бид VIII зууны тэртээ дэлхийг даяарчилж чадсан. Өнөөдөр ч дахин даяарчлах боломж айсуй. Түүх давтагддаг гэхдээ түүхийг давтах нөхцөлийг бүрдүүлсэн хөх төрийн бодлого, сэрсэн ард түмэн байсан цагт л түүх давтагддаг. Монголыг дорой байлгах гэсэн хэнд ч түүхийн хатуухан санамж тохирох шанг нь өгдөг юм. Их түүх эргэн давтагдах нь тодорхой болж байна. Монгол үндэстний мянган ирж байна. Бид өөрсдийгөө төдийгүй дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө сайн үйлсийг хийхээр заяагдсан тэнгэрийн тамгатай үндэстэн юм. Даяарчлалыг хэрхэн ашиглаж буйгаар дэлхийн үндэстнүүдийн удирдагчдын ур чадвар тодорхойлогдож байна. Бид өөрсдийгөө дэлхийд өөрийгөө даяарчлалыг хийж чаддаг гэдгээ дахин нотлох боломж байна. Монголчууд асуудлаас жижгэрч гарах биш харин томорч гарах л ганц замтай. Даяарчлалд Монголын консерватив үзэл дэлхийн бусад улс оронтой явуулах улс төрийн идеологи байх ёстой. Яагаад гэвэл Монголын эзэнт гүрний үед даяарчилсан улс төрийн бодлоготой хил, хязгаар хамаарахгүй үндэстэн дамнасан том эдийн засагтай байсан. Үндэстэн дамнасан улс төр, эдийн засгийн бодлоготой байж чадсан учраас Монгол тухайн үедээ хүчирхэг байж чадсан юм. Тиймээс тэр институтуудыг сэргээн байгуулж орчин үетэй хослуулж чадвал даяарчлалын том давалгаанд Монгол Улс дахин хүчтэйгээр даяарчлагдах болно.

ҮНДЭСТНИЙХЭЭ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ БОЛОМЖГҮЙГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ, БҮТЭХГҮЙГ БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ БҮХНИЙГ ХИЙХ ЁСТОЙ

-Та хувьсгал гэдэг үгийг болгоомжтой хэрэглэх ёстой гэсэн. Гэхдээ бодлого гэж ойлгох нь зөв гэсэн. Тэгвэл энэ бүхэнд сонгуулийн хувьсгал хийх замаар хүрэх байх. Та юу гэж бодож байна?

-Ирээдүйд болох сонгуульд монгол үндэстний хүслийг илэрхийлж, түүний төлөө зүтгэж чадах хүмүүсийг л сонгож гаргамаар. Монгол үндэстэн нь түүхэндээ агуу зүйлийг бүтээж явсан агуу ард түмэн. Тиймээс ч монголчууд том хүсэлтэй ард түмэн. Тэр хүслийг нь илэрхийлж, бодит амьдрал болгох улс төрийн бодлого үгүйлэгдсээр. Түүний оронд хувийн дур хүсэлдээ захирагдсан улстөрчид морь уралдуулж, уул тахиж, суварга босгохоос хэтрэхгүй нь. Энэ зөвхөн уламжлал болохоос монгол үндэстний хүсэл биш. Хүсэл жижигтэй хүмүүс аймхай, хулчгар байдаг. Монгол үндэстний хүслийг илэрхийлсэн улс төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлж чадахгүй, хэдэн олигархиудынхаа халаасанд хавчуулагдсан улс төрчид олон байна. Үргэлж л бүтэхгүй, боломжгүй хэмээн цааргалж, бүхий л зүйлсэд эргэлзэж байгаа нь жижиг хүсэлтэй бас мэдлэггүйтэй холбоотой. Мэдлэгтэй хүнд эргэлзээ байдаггүй юм. Хүсэл томтой хүнд бүтэхгүй, боломжгүй зүйл гэж байдаггүй. Бүтээхийн төлөө, боломжтой болгохын төлөө бүхий л зүйлсийг хийдэг. Тэр тусмаа аливаа үндэстнийг удирдаж байгаа хүмүүс шальдар булдар шалтгаан тоочоод суугаад байж болохгүй. Үндэстнийхээ сайн сайхны төлөө боломжгүйг болгохын төлөө, бүтэхгүйг бүтээхийн төлөө л бүхнийг хийх ёстой. Үүнийг л ард түмэн хүсэж байгаа. Ийм л хүнийг ард түмэн дагаж байдаг. Жижиг хүсэлтэй хүмүүс том зүйлийг бүтээнэ хэмээн ярих нь битгий хэл бодохоос ч айдаг. Монгол үндэстнийг XXI зуунд босгож ирэх тухай ярихаас айж байгаа хүмүүс байна. Сонсчихоод боломжгүй дээ. Манайх чинь хүн ам цөөн, хоёр том хөршийн дунд оршдог, далайд гарцгүй ер нь л боломжгүй дээ гэх мэт шалтгаан тоочдог.

-Аливаа үндэстэн босож ирэхэд юу чухал вэ?

-Үүнд хүн амын тоо тийм ч чухал биш. Байрлал бас чухал биш. Сул талаа давуу тал болгон нөгөө өнцгөөс нь харах л асуудал. Боломжгүй гэдэг бол зөвхөн бодлын л асуудал. Энэ нь ч даяарчлагдсан үндэстнүүдийн туршлагаас харагддаг. Еврейчүүд 15 -хан сая боловч XIX зууны сүүл үеэс эхлэн босон ирж өнөөдөр дэлхийн бодлогыг тодорхойлж байна. XX зуунд тэд Еврейн төрт улсаа байгуулсан юм. Монголчууд бид орчин үеийн түүхийг бүтээлцсэн агуу үндэстэн гэдгээ мартаж болохгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.220) 2023 оны 12 сарын 22

задаа ерөнхийдөө эг л хий хоосон үг хэллэг л байна билээдээ. Яг бодитой тусгаад авах санаа алгал юм билээ. Бдит зүйл л хэрэгтэйдээ.

0  |  0
Редактор(103.57.94.79) 2023 оны 12 сарын 22

Товчхон уншиж үзлээ. Хэлэх гээд гээд буй санаагаа онч мөрөөр хураангуйлаад хэлж чадахгүй л байна даа. Өөрийгөө маш удаан хөгжүүлэх хэрэгтэй. Тэр цагт 13 цаг биш 13 минутанд онч товч өгүүлдэг болно. Өрөөлд хэлэх биш өөрийгөө редакторла!

0  |  0
Top