Д.Алтанхуягийн “Цөмөөхэй” ямар сайхныг бүтээхийг таашгүй

2023 оны 12 сарын 27

”Цөмөөхэй”-г амилуулсан хүүхэд бүр урлаг гэх ертөнцийг тэднээс холдуулж болохгүйг бяцхан зүрхнээсээ хайрлан тоглож байгаа “Цөмөөхэй”-н тайзан дээрээсээ эд эс, хөдөлгөөн бүрээрээ илэрхийлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Энэ л хангалттай.

Өглөөний 08:00 цаг. Тайзны ард 13:00 цагаас тоглолттой хүүхдүүдийн түрүүч ирж, туршлагатай жүжигчид шиг бэлтгэл хангаж суух нь үнэхээр эгдүү хүрмээр. Зарим нь нүүрээ будуулахаар дугаарлаж, зарим нь тоглолтын хувцсаа эмхэлнэ. Нэг хэсэг нь биеэ халааж, хөдөлгөөнөө давтаж харагдав. Аав, ээж нь тэднийг Дуурийн театрын хаалган дээр хүлээлгэж өгөөд л буцдаг. Зургаа, долоо, наймхан настай тохойн чинээ хүүхдүүд урлагийн мэдрэмжийн зах зухаас өдийд өөртөө суулгачихсан, биеэ даасан нь илт харагдаад, үс зүсээ цэмцийлгээд гүйж байгаа нь цаанаа өхөөрдөм. 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил” сан 10 дахь жилдээ, 10 дахь өвөлдөө 200 гаруй хүүхэд, уран бүтээлчдийг бэлтгэж, нэгтгэсэн “Цөмөөхэй” балетыг үзэгчдийн хүртээл болгохоор өглөөг угтаж байгаа нь энэ.
 


Тайзны ард өрнөдөг бүхэн тэнд буцалж байлаа. Сэтгэл хөдлөл, сандрал, догдлол, нааш цааш гүйлдсэн багш, сурагчид...

Үзэгчид тайвуухан суудлаа эзэлж байх тэр үест тайзны ард болж өнгөрдөг энэ зураглал яг л кинон дээрээс харж байсан мэт маш сонирхолтой. Тэгээд бүр хаашаа ч харсан хүүхдүүд болохоор бүгдээс нь л нүд салгалгүй хараад баймаар эгдүүтэй.
 


“Щелкунчик”, “The Nutcracker” буюу “Цөмөөхэй” нь Оросын алдарт хөгжмийн зохиолч П.Чайковскийн хоёр үзэгдэлт балет юм. Германы үлгэрийн зохиолч Эрнст Хоффманы 1816 онд хэвлэгдсэн “Цөмөөхэй ба хулганы хаан” үлгэрээс сэдэвлэн цомнолыг бичиж, Мариус Петипагийн либреттогоор бүтсэн бүжгэн жүжиг гэдэг. “Цөмөөхэй” балетыг анх 1892 оны арванхоёрдугаар сарын 18-нд Петербургийн Мариинский театрт Л.Ивановын найруулгаар үзэгчдийн хүртээл болгож байжээ. Барууны орнуудад 1940-өөд оноос тоглож эхэлсэн “Цөмөөхэй” зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээлээр одоо ч нэрлэгдсээр. Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг зөвхөн “Цөмөөхэй” балетаас бүрдүүлдэг гэдэг. Монголын хувьд Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа уг балетыг 1982 оны тавдугаар сарын 8-нд анх дэглэн толилуулж, удирдаачаар Ч.Жамсранжав, Ж.Бүрэнбэх нар ажилласан түүхтэй.

...Хонх дуугарлаа. Гурав дахь хонх дуугарлаа. Тоглолт эхлэхэд бэлэн болжээ. Тайзны ард бүх дүрүүд багш нарынхаа чиглэлийг хүлээнгээ боломж л олдвол инээлдэж, тэврэлдэж, хөгжилдөнө. Бас тэгэх зуураа хэн ч хэлээгүй байхад өөрсдийгөө бэлдсээр л байх. Толинд байн байн хараад л. Толигор үсээ нэг ширхгийг ч хөдөлгөлгүй болгоомжтой гэгч нь илээд л...

“Модон цэргүүд жагсаарай”, “Хурганууд хаана байна”, “Сахиусан тэнгэр яваарай”, “Хүүхэлдэйнүүд бэлэн үү” гэж багшийнхаа хэлэхтэй зэрэгцэн бүгд ханаа дагаад, тайз руу гарахад бэлтгэн, яг дарааллаараа ярайтал зогсож сурчээ. Энэ халуухан бужигнаан, энэ дэг сургуулиас эхлээд л урлагийн боловсрол түгээгдэж байдаг аж.
 


Хамгийн олон хүүхэд оролцон тоглодог Д.Алтанхуягийн “Цөмөөхэй” хөшгөө нээж, тоглолт эхэллээ. Гурван өдрийн дөрвөн тоглолт дүүрэн үзэгчтэй байлаа. Угаас шинэ жилийн энэ өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт театр бүхэн  "Цөмөөхэй"-гөөр амьсгалж байгаа.

Монголд маань ч бас дэлхийн сонгодог бүтээлийг өргөн бүрэлдэхүүн, өвөрмөц найруулга, үлгэрийн мэт тайз засалтайгаар театртаа тавьж, түүнийг нь олон зуун хүүхэд багачууд, ер нь бүх насныхан үзэж, хөглөгдөж байгаа нь талархууштай.

"Балетын хөгжил сан"-гийн 10 дахь жилийн "Цөмөөхэй"-д 31 мэргэжлийн уран бүтээлч, сонгон шалгаруулалтаар тэнцсэн 150 хүүхэд багачууд, Монголын балетын үндэсний сургууль, Монгол Улсын консерватори, СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” ахлах сургууль, найрал дууны хамтлагийнхан гэхчлэн 200 гаруй хүнтэй баг оролцжээ. Ерөнхий найруулагчаар Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг ажиллаж, Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, Ч.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан М.Од нар найруулагч, багшаар ажиллан, Ц.Жаргалан, Ч.Ганчимэг, А.Лхагватуяа, Х.Мөнгөнхөлөг, С.Есөнзаяа нарын багш нар “Цөмөөхэй”-н багаа гардан бэлтгэжээ. УДБЭТ-ын найрал хөгжмийг удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг удирдан тогложээ.

“Цөмөөхэй”-д энэ удаа Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Саруул, балетчин Б.Халиунаа, Х.Галтулга, Б.Дөлгөөн, Г.Нямцэрэн нар гоцлов.

Мэргэжлийн бүжигчдийн хамт сонгодог урлагийн театрынхаа хамгийн том тайзан дээр гарах нь балетаар хичээллэж байгаа хүүхдүүдийн хувьд өөрсдөө ч мэдэхгүйгээр авч байгаа асар том урам юм. Бүжгэн жүжгийн гол дүр Кларад тоглосон З.Анирлан, С.Халиун, М.Номин нарын олон бүжигчин охид, хөвгүүд ямар гайхалтай авьяастай болохоо энэ тоглолтын тайзан дээрээс үзэгчдэд илтгэн харуулсан гэдэгт найдаж байна.

”Цөмөөхэй”-г амилуулсан хүүхэд бүр урлаг гэх ертөнцийг тэднээс холдуулж болохгүйг бяцхан зүрхнээсээ хайрлан тоглож байгаа “Цөмөөхэй”-н тайзан дээрээсээ эд эс, хөдөлгөөн бүрээрээ илэрхийлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Энэ л хангалттай.
 


Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ “Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтэд оролцож байгаа хүүхдийн тоо, хүүхдийн сонгодог боловсролын хөгжилд оруулж байгаа хувь нэмэр сүүлийн ёсолгоонд бүгд гарч ирэхэд үнэхээр мэдрэгдлээ. Энэ хүүхдүүдээс ирээдүйн Алтанхуяг, ирээдүйн Цолмон төрж, хаа хүртэл бүжиж, ямар гоё сайхныг бүтээж үзүүлэхийг таашгүй. Ямар ч л гэсэн ирээдүйд сонгодог тайз, төгс төгөлдөр ертөнц эзэнтэй байх нь гэсэн итгэл төрж байна” гэж үзэгчийн хувиар сэтгэгдлээ хуваалцсантай санал нийлсэн үзэгчид олон байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
 


...Хоёр цаг үргэлжилсэн тоглолт дууслаа. Эрэлхэг модон цэргээс эхлээд бүгдээрээ яг жагсаалынхаа дагуу тайзан дээр бүгд гарч, үзэгчдэдээ хүндэтгэл үзүүлэн ёсоллоо. Энэ мөч үнэхээр сэтгэл хөдөлгөм. Нулимс цийлэгнэж, юунд ч юм итгэл найдвар төрж, өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох зураглал хүн бүрт ав адилхан мэдрэгддэг. Энэ л хангалттай. Хичээл, сургуулийнхаа хажуугаар, Монголынхоо тэсгим хүйтнийг дагасан асуудлуудын дэргэдүүр олон сарын турш бэлтгэлдээ явж, тайзан дээрээ ирж, хүн төрөлхтний хамгийн хайртай Зул сарын үзвэрийг толилуулсан “Цөмөөхэй”-нүүд минь та нар арванхоёрдугаар сарын баатрууд шүү. Браво, браво, браво...
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top