Бүх Хятадыг уяраасан Уудам хүү Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22

”Авьяаслаг Хятадууд-2011” шоунд 12 настай Өвөрмонгол хүү Уудам гавьяат жүжигчин С.Жавхлангийн ”Алсад суугаа ээж” дууг дуулан тэрбум гаруй хятадуудыг уяраан бүх Монголчуудын сэтгэлийн утсыг хөндөж чадсан билээ. Тэр  авьяаслаг бяцхан хүү “DOZ” энтертайментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэнгийн урилгаар  өчигдөр орой 22.15 цагийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирлээ. Онгоцноос буухад нь  "DOZ" энтертайментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэн тосч авсан юм.  Түүнээс Монголд ирсэн анхны сэтгэгдлийг нь сонирхоход "Монгол орон манай Өвөрмонголын тал нутгийг санагдуулж байна. Би одоо ямар кинонд тоглох, хэд хонохоо мэдэхгүй байна. Одоо маш их ядарч байгаа учраас унтаж амармаар байна" гэсэн юм. Шоу нэвтрүүлэгт оролцож олны танил болоод байгаа  Уудам хүү  “DOZ” энтертайментын бүтээж буй шинэ кинонд тоглох гэж байгаа аж.  Тэрээр “Авьяаслаг Хятадууд” тэмцээний  шилдэг аравт шалгарсан бөгөөд таван настайгаасаа нутгийнхаа “Таван тансаг” нэртэй найрал дууны хамтлагт дуулж эхэлжээ. Хүүгийн хувьд “Чандмань эрдэнэ” дуугаараа  монголчуудад танил болсон Хөлөнбуйр аймгийн харьяат, дуучин Бүрэнбаярын шавь юм байна.

 Энэ оны 5-р сарын 29-нд "Авьяаслаг Хятадууд" шоун дээр "Алсад суугаа ээж" дууг дуулж тэрбум гаруй хятадуудыг уяраан шүүгчдийг уйлуулсан монгол хүүгийн  бичлэгийг  Zindaa.mn  сайт анхлан тавьж   бүх Монголчууддаа Удмаа хүүг дэмжихийг уриалж , түүнийг дэмжиж байгаа  бүх хүмүүсийг сэтгэгдлээ үлдээхийг  уриалсан билээ. Энэ уриалгын дагуу  Удмаа хүүгийн бичлэг бүхий мэдээг 83488 хүн уншиж 600 гаруй хүн сэтгэгдлээ илгээсэн юм.

"Авьяаслаг Хятадууд 2011" шоунд оролцсон Удмаа хүүгийн дуу дуулж буй бичлэгийг Хятадад 6 өдрийн дотор нийтдээ 2.350.000  гаруй хүн үзсэн байна. Сонирхуулж хэлэхэд, тэрээр интернет ертөнцөд рекорд тогтоосон бөгөөд  хамгийн богино хугацаанд хамгийн олон хүн үзсэн бичлэгээр Удмаагийн бичлэг тодорсон юм.  Та энэхүү  бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TSEGII (27.123.215.218) 2013 оны 11 сарын 24

GAIHALTAI

0  |  0
Top