“Ахлагчийн жил”-ээр алдраа өргүүлсэн зочин

2024 оны 03 сарын 20

Монгол цэргийн өдөр, манай улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой тохиолоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2024 оныг төрийн цэргийн байгууллагын хэмжээнд “Ахлагчийн жил” болгон зарласан. Энэ өдөрт зориулаад “Хувь заяа” булангийнхаа энэ удаагийн зочноор Цагдаагийн ахлах ахлагч Н.Доржгочоог урилаа.

Тэрбээр Цагдаагийн байгууллагад 27.4 жил ажиллаад тэтгэвэртээ суужээ. Одоо “Тавантолгой төмөр зам” ХК-д автомашины хөдөлгөөн зохицуулагчаар ажиллаж байна. Монголын цагдаа нарын дунд “Ахлах ахлагчаас айж яв” гэдэг хэлц байдаг. Бүх зүйлийг хийгээд үзчихсэн, бүх хэргийг мэддэг, хамгийн их хатуужиж, амьдрал үзсэн хүмүүс байдаг учраас тэр. Тэр дундаа мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нарын хамтарч ажиллах дуртай ахлах ахлагч гэж бас байна. Ажилдаа эзэн болсон, бүр нэг цаанаасаа ажил мэргэжилдээ зориулаад төрчихсөн юм шиг хүмүүс хаа нэгтээ байдаг. Нийтлэлийн маань баатар тэдний нэг юм.   

 

Мөрдэс зүүх мөрөөдөлтэй адуучин хүү

 

Н.Доржгочоо 1974 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, малчны хүүхэд. Араасаа дөрвөн дүү дагуулсан айлын том хүү. Хар багаасаа адууны захад өсчээ. Аав нь агент хийдэг, морь уядаг хүн байж.

Адуучин хүүд цэргийн хүмүүс их гоё, цэмбэгэр, сүр жавхаатай харагддаг “Том болоод заавал цэргийн хүн болно” гэж боддог байв. Тэгээд ч тэр үү, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг цэрэгжилт, марш тактикийн тэмцээн буюу “Дөл” үзүүлэх тоглолтод Хужирт сумын ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийн сурагчдын баг улсад тэргүүн байр эзэлж байжээ. Сурагч Н.Доржгочоо тэрхүү тэмцээний хамгийн идэвхтэй оролцогчдын нэг. Хожмоо энэ багаас нэг бригадын генерал, нэг армийн хурандаа, нэг цагдаагийн ахлах ахлагч төрсөн нь бригадын генерал Т.Лодойдамба, хурандаа Ц.Батдорж нар юм.

 

“Арын хаалга”-аар цэрэгт мордов

 

Аавын хүү 10 дугаар ангиа төгсгөөд шууд цэргийн албанд морджээ. Тэр үед дөнгөж 18 нас хүрч байгаа хүүхдүүдийг цэрэгт авахаас цааргалаад байдаг байж. Гуйж байгаад л явжээ. Ахаараа яриулж, бараг “арын хаалгадах” маягтай болж байж арай гэж цэрэгт мордов. Анхны нэг жилийн цэрэг. Дөнгөж л жилд хоёр удаа буюу хавар, намар татдаг болж эхэлж байсан үе. 

Цэргийн алба хааж байхад нь “Энд, тэнд тураал гарлаа” гэж сонсогдох. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжээд удаагүй нийгмийн амьдрал ороо бусгаа байсан үе л дээ. Харин мань эрд мэдэгдэх юм юу ч үгүй өнгөрчээ.

 

Агтнаасаа холдсонгүй

 

Адууны захад өссөн борогшуу залууг Ардын армийн дугаар ангид хуваарилсан байна. Төв айм­гийн Баянчандманьд хуваарилагдаж, аанай л агтны захад очжээ. Ангийн захирагч Ёндон гэдэг хурандаа, салаан дарга Нямбазар гэдэг ахлах дэслэгч, ротын захирагч Эрдэнэцогт гэдэг хошууч байжээ. Харин салаан орлогч нь Доржгочоо.

Цэрэгт улирах сонирхол байсан ч улирааж үлдээдэггүй цомхон анги байжээ, тухайн үедээ. Төрийн найман шаргыг хариулна. Есөн хөлт цагаан тугаа хамгаална, цэнгүүлнэ. Ийм үүрэгтэй анги. Хүндэт харуулын анхны улаан хувцсыг тэнд өмсөж байж. Харин одоо бүтэц, зохион байгуулалт нь өөрчлөгдөж, Хүндэт харуулын ангитайгаа нэгдсэн гэнэ.

Цэрэгт байхдаа Армийн марш тактикийн 1994 оны тэмцээнд амжилттай оролцож, салаагаа улсад тавдугаар байрт оруулжээ. Шагнал нь долоо хоногийн орон нутгийн чөлөө. Аавын олон хөвгүүдээс, ардын олон цэргээс салаагаараа цойлж, тодорч асан тэр сайхан дурсамж одоог хүртэл ер мартагддаггүй. Салаагаараа Улаанбаатар хотоор долоо хоног зугаалж, Түүхийн музей үзсэн шигээ дураараа явж байсан нь саяхан ч юм шиг санагдах.

 

Ээжийн “виз”

 

Цэргээс халагдсан жилээ Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст ажилладаг асан ахмад Ж.Балжиржалцан гэж хүргэн ахдаа цагдаад орох хүсэлтэйгээ дуулгаж орхив. Цагдаагийн ерөнхий газрын олон удаагийн хөдөлмөрийн аварга ах нь тус болохыг хичээж, цагдаа болгохоор судлуулжээ. Нэг сар боллоо. Хоёр сар өнгөрлөө. Гэтэл нэг өдөр садангийн ах нь “Хүү минь, чи шилжүүлгээ хийлгэж, бичиг баримтаа янзлуулаад ирэх юм уу” гээд явуулжээ. Ахаасаа “оргож” байгаа аятай нутагтаа очоод хоёр жил болчихов. Тэр үеийн хүүхдүүд бас ч гэж даруулгатай. Аав ээжийнхээ ая талыг харсан уу, яасан. Юутай ч төрөлх сургуульдаа жижүүрээр ажилласан байна. Гэтэл нэг өдөр ээж нь “Миний хүү хот явсан нь дээр байх. Олонтой газар яв. Балжиржалцан дээр очиж цагдаа бол” хэмээн хэлж, “виз гаргасан”-аар 1997 онд хотын иргэн болжээ.

Дүрмийн дагуу цагдаад гурван сар судлагдсаны дараа Хан-Уул дүүргийн IV хорооны цагдаагаар ажиллахаар томилогдов. Хот хэмээх их айлын хэв журмыг сахиулахад гар бие оролцож эхлэх нь тэр. Нийгмийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийнхээ дагуу албан үүргээ гүйцэтгэнэ. Хамгийн түрүүнд хийсэн ажил нь объектын судалгаа. Аль хашаанд ямар хүмүүс хэн хэнтэйгээ амьдардаг вэ. Хэнийх ямар асуудал тарьдаг вэ гэдгийг хүртэл мэддэг болов. Тухайн үед орон байрны хулгай их гардаг байлаа. Тэр болгоны араас хөөцөлдөж, аль болох эзэнгүй хэрэг байлгахгүйн төлөө үзээд л явна.

 

Адал явдалт зохиол шиг амьдрал хороон дээр л хөвөрдөг 

 

Хороо гэдэг бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн анхан шатны нэгж. Энэхүү хэсэгхэн газарт л нийгмийн амьдрал ёстой жинхэнэ утгаараа буцалж өгнө шүү дээ. Хошин шог, эмгэнэлт драм, адал явдалт кино шиг зүйл тэнд л өрнөнө. Ой мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай. Хүний олон дотор юм юм л болно. Санамсаргүйгээр алдах нэгэн байхад санаатайгаар муу муухайг үйлдэх этгээд ч бий.

Гэхдээ одоотой харьцуулбал хүн ам цөөн, цагийн байдал тайван амгалан. Техник технологи хөгжөөгүй ч хэргийн араас сураг ажиг тавихад чиг зүг нь амархан гардаг. Хөдөлгөөний урсгал ч бага байж. Тэр үед хөршүүд айл саахалтаа болон нэг эгнээ, хойд, урд гудамж, тэр ч байтугай нэг хорооны айлууд бие биеэ мэддэг, хажуу хавиргаа анзаардаг байж. Архи дарс ууж, агсан согтуу тавьдаг одоогийнхоор гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг бараг бүгдээрээ шахуу мэддэг. Энд тэндээс шинээр нүүж, шилжиж ирж байгаа айлыг ч анд­даггүй байв. Жаахан сэжиг бүхий буюу “гартаа цавуу”-тай нөхдөө ч нийтээрээ гадарлахтайгаа.

Олон жилийн дунджаас үзэхэд гэдэг шиг цагдаад 27.4 жил ажилласан туршлагаас нь харахад хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, нүүдэл ихсэхээр шинэ айлаар далимдуулах гэдэг үү, эсвэл ажил орлогогүй аргаа бардаг уу, орон байрны хулгай нэмэгдээд байдаг аж. Дээрээс нь ахуйн архидалт ихэсч нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэнэ. 

Харин одоо бол цагийн байдал улам хатуурч, сайн хөршийн харилцаа үгүй нийгэмд амьдарч байна, нийслэлийнхэн. Тэр ч байтугай иргэн, цагдаа хоёрын бие биеэ ойлгодог, найрсаг сайхан харилцаа үгүй болжээ. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо ч сулрав. Өнөөдөр объектын судалгааг цагдаа нь биш, хорооны хэсгийн ахлагч хийгээд сууж байдаг цаг болсон. Үр дүнд нь газрын зургаа уншиж чадахгүй, иргэнээ хамгаалах нь байтугай танхай нэгэнд зодуулдаг цагдаатай болов, бид.

 

Иргэн, цагдаа хоёрыг Хөдөлгөөнт эргүүл ойртуулж байжээ

 

Дараа нь Хан-Уул дүүргийн IX хороонд ажиллажээ. Энэ үед Монголын цагдаад анхны кобан систем нэвтэрч эхэлсэн юм. Ажил амьдралын 10 жил нь тэнд өнгөрчээ. Тэндээс Хөдөлгөөнт эргүүлийн газар байгуулагдаад, тэнд үүрэг гүйцэтгэж байв. Хөдөлгөөнт эргүүлийн газар 800 гаруй хүнтэй, том газар. Улсаас ч багагүй дэмжиж, нэлээд мөнгө төсөвлөж, анх удаа дуудлагад цагдаа машинтай очдог болсон юм. Анх 50 ширхэг цоо шинэ машин ирж байсан аж. Хамгийн хэрэгтэй нэгж байжээ, одоо эргээд харахад. Иргэдийн цугларч архи дарс уудаг газар, голын эрэг, гэмт хэрэг үйлдэгдэж, хэрэг зөрчил гарах магадлалтай гэрэлтэй, гэрэлгүй гудамж, мухар, янз бүрийн хүн орогнох магадлалтай эзэнтэй, эзэнгүй хашаа байшин гээд обьектын судалгааныхаа дагуу л “Хавх тавьсан” юм шиг эргээд байхаар “Айхгүй ч гэсэн аягүй” гэгчээр сэжиг бүхий этгээд, архи дарс уусан хүмүүс хулмалзаад л дайжиж зугтаах. Иргэд ч “Энд, тэнд тэгж байна” гээд гүйж ирээд хэл хүргэнэ. Цагдаа, иргэн хоёрыг ойртуулсан хамгийн зөв хувилбар нь Хөдөлгөөнт эргүүл байжээ. Гэр хорооллын гудамжнаа орой үдшийн цагаар харьж яваа хүүхэд эмэгтэйчүүд цагдаагийн маяктай тэрэг хараад баярладаг байлаа. Агсан согтуу тавиад байгаа юм уу, дээрэм тонуул хийгээд зугатаж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн, элдэв янзын зөрчил гаргасан нөхөд дээр 2-3 минутын дотор л давхиад буудаг. Газар, орон нутгийнхаа нөхцөл байдлыг судалчихсан, хамгийн ойрхон байршилд байгаа учраас хариуцсан хэсгүүд дээрээ Хөдөлгөөнт эргүүлийнхэн маш хурдан хугацаанд очдог байв. Түгжрэлд гацаж, цаг үрэн “заваарахгүй”. Гэмт хэрэг, зөрчил ч халуун сэргэг дээрээ дорхноо илэрдэг тул эзэнгүй хэрэг гэж бараг байхгүй шахуу гээд давуу тал олон байжээ.

 

Хөдөлгөөнт эргүүлийнхэн хаачсан бэ

 

Дөрвөн жилийн дараа төвийн зургаан дүүргээ томсгоод нөгөө Хөдөлгөөнт эргүүлээ буулгаж, хүмүүсээ тараасан байна. Төсөвтөө л баригдаж Хөдөлгөөнт эргүүлээ тараан дүүргийнхээ орон тоо руу шингээж өгсөн нь энэ. Дүүргүүд дотроо 2-3 Цагдаагийн хэлтэстэй болж, мөн л ялгаагүй ард иргэд рүүгээ ойртсон хувилбарыг сонгож хийхийг хичээсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар хоёр хэлтэс болж хуваагдаагүй байхад зуслангийн бүсэд гэмт хэрэг гарлаа гэхэд хотын төвөөс буюу олны ярьж заншсанаар “Тэнгисээс явж” очих гэсээр байтал өчнөөн хугацаа алдана. Үндсэндээ сүүлд байгуулагдсан Цагдаагийн II, III хэлтсүүд Хөдөлгөөнт эргүүлийнхний гаргасан судалгаан дээр үндэслэн байнга хэрэг зөрчил гардаг “голомтын цэг”-үүд дээр байгуулагджээ. Хүний нөөцийн хувьд ч тухайн нутаг дэвсгэрийг хариуцан ажиллаж байсан хөдөлгөөнт эргүүлийнхнийгээ авч ажиллуулсан байна. Эрдэмном, Баярсайхан гэдэг хурандаа нар 800 хүнийг маш сайн зохион байгуулж ажиллуулдаг байсан гэнэ. Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ёс юм шиг дандаа Хөдөлгөөнт эргүүлийнхний тухай мэдээ ордог байсан нь үүнтэй холбоотой болов уу.

 

Хавтаст хэргийн баримтуудаас...  

 

Нийтлэлийн маань баатар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн Эрүүгийн тасагт ажиллаж байхдаа хүнд хэргүүд дээр “од”-той байжээ. Тиймээс эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нар хамтарч ажиллах их дуртай. Хүнд хэргүүд дээр ажиллахад логик, хурд, авхаалж самбаа, гүйлгээ ухаан, тэсвэр тэвчээр их шаарддаг.

...Чингэлтэй дүүргийн XII хороонд хамаатныхаа ахтай хамт архи ууж байгаад 12 удаа хутгалж, амь насыг нь егүүтгээд, цогцсыг дээлэнд нь боогоод 00-д нь хийчихсэн байсан. Хойноос нь хөөцөлдсөөр байгаад зуслангаас хэрэг үйлдсэн хүнээ олж авч байжээ.

...Эхнэрийнхээ хоолойг хэрчиж, амь насыг нь хохироогоод гурав хоног чердакан дээрээ нууж байгаад цогцосыг нь шатааж устгахаар машиндаа ачаад явж байхад нь буюу үйлдэл дээр нь олж илрүүлж байсан.

...Орон байрны хулгайн 27 үйлдэлтэй хулгайчийг нэг үйлдэл дээр нь барьж байв. Гурван үйлдлийг нь илрүүлээд мөрдөн байцаалтад явуултал эрүүгийн төлөөлөгч нар сайн ажиллаж, нэмж 24 үйлдлийг илрүүлсэн. Тухайн үеийн Нисэх, Яармагийн орон байрны бараг бүх хулгай илэрч байсан гээд хавтаст хэргийн хаалттай баримтуудаас цөөн хэдийг нээлттэй дурдахад ийм.

 

Ахлах ахлагчийн “комент”

 

Монголын цагдаа нарын дунд “Ахлах ахлагчаас айж яв” гэдэг хэлц байдаг. Бүх зүйлийг хийгээд үзчихсэн, бүх хэргийг мэддэг. Хамгийн их хатуужиж, амьдрал үзсэн хүмүүс байдаг учраас тэр. Ахлах ахлагч цол иртлээ ч удна. Дор хаяж 15 жил болно. Мэргэжил, ур чадварын хувьд их урт, холын замыг туулж, туршлагаждаг. Хүний сайнтай нь ч учирч, муутай нь ч тулж, туулж байж ирдэг цол. 

Ахлах ахлагч Н.Доржгочоо ХЦДС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм байна, 2006 онд. Тэрбээр тухайн үедээ “Би ч “хөгширсөн” хойноо дээд боловсролын дипломтой боллоо. Одоо офицер болоод яах вэ” гээд бодчихож. Гэхдээ ядрах үе байлаа ч “Одоо больё” гэж огт бодож байсангүй, ажлаасаа шийрэгнэж, шантарч няцаж явсангүй.

Тэрбээр “ Монголын Цагдаагийн босоо цагаан хийморь гэдэг чинь сайхан шүү дээ. Би ажил албандаа хайртай байлаа. Хүнд хэрэг илрүүлсний дараа аавын олон хөвгүүд дундаас жагсаалын өмнө дуудагдан гарч ирчихээд дарга нартаа магтуулан “Монгол Улсын төлөө зүтгэе!” гээд ёсолж байх чинь хамгийн сайхан үе шүү дээ. Хүссэн хүн болгон цагдаа болж чаддаггүй. Цагдаа болгон гавьяа байгуулчихдаггүй юм. Адууны бэлчээрээс ирсэн 18-хан настай хүүг угтаж авсан арми цэргийн сайхан хамт олон, сайн дарга нар, Монголын Цагдаадаа талархаад баршгүй. Миний өдий зэрэгтэй ажиллаж амьдрахад ар талыг маань дааж, тулж түшиж ирсэн сайхан ханьдаа баярлаж явдаг. Цаг наргүй ажлын маань онцлог нөхцөлийг ойлгож, намайг дэмждэг байсан нь зол юм даа” гэв.

Түүний гэргий Б.Оюунцэцэг дуу хуурын өлгий Дундговь аймгийн унаган охин. Герман хэлний орчуулагч бүсгүй энэ айлын “галыг манажээ”. Эднийх ганц охинтой. Хар багаасаа “Аавыгаа дуурайж цагдаа болно” гэж ярьдаг байсан охин одоо эрх зүйч болжээ. Ээжийнхээ заавраар ийм мэргэжилтэй болсон байна. “Алим модныхоо хажууд унадаг” гэдэг шиг удам дамжуулан сүр хүч, цог хийморийн бэлгэдэл “Цагаан шонхор”-оо хойморьтоо сүлдлэн дээдэлсэн нэгэн айлын өрхийн тэргүүн, Цагдаагийн ахлах ахлагч Н.Доржгочоогийн төөрөг тавилан “Хувь заяа”-ны замаар хэсэг зуур хамт аялав.

...Гэрэл сүүдэртэй амьдралын харгуйд

Гэгээ далласан эрхэм алдартай

Сэрүүн бүүдийх хүний орчлонд

Сэтгэлээ хайрласан Монгол цагдаа..." хэмээх сайхан дууны үгийг тэртээ 1992 онд буюу одоогоос 32 жилийн өмнө Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн дарга, хурандаа Б.Батболд ийм л аавын хөвгүүдэд зориулж бичиж байсан мэт санагдана.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.126.89.9) 2024 оны 03 сарын 29

Nudend kharagdtal saikhan bichsen bna. Tanai khamt olond amjilt khusye. Suuliin ued unshuurtai medeelel ikh orj bgaa ni taalagdaj bna. Yalanguya Ganchimeg setguulchiin bichlegiin ontsog ikh amidraltai, sonirhol ih tataj bna. Odoo yug ymar untsguus bichikh bol gej khvleedeg bolloo

0  |  0
Top