Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн ном мэндэллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 22

Дэлхийн яруу найргийн өдөр 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр тохиолоо. Энэ өдөр “Шаравын Сүрэнжав” сангаас Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн “Нар шингэдэггүй юм” номын нээлт болов.

Номын нээлтэд Ш.Сүрэнжав агсны зээ, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Төмөртогоо, Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга П.Нямлхагва, гүйцэтгэх захирал О.Энхжавхлан нарын зочид болон бусад салбарын төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг энэ үеэр “Орчин үеийн залуучуудад яруу найргийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү шилмэл шүлгүүдийн түүврийг хэвлүүлж байна” хэмээн онцлов.

Мөн “Шаравын Сүрэнжав” сангаас түүний уран бүтээлийг сурталчлан таниулах, яруу найргийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хийж буй зарим ажлыг танилцууллаа.

Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Шаравын Сүрэнжавын нэрэмжит дурсгалын цогцолбор байгуулах, МУИС-ийн Утга зохиолын тэнхимд нэрэмжит танхим бий болгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.

Мөн Ш.Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын уралдааныг таван жил тутамд зохион байгуулдаг бөгөөд 2028 онд Ш.Сүрэнжав агсны 90 насны ойгоор гурав дахь улсын уралдаан болох юм.

Түүнчлэн Ш.Сүрэнжавын “Багш” найрууллын 40 жилийн ой ирэх онд тохионо гэдгийг дуулгалаа.

Номын нээлтийн үеэр их найрагчийн төрсөн дүү, түүхэн зургийн их мастер, Монгол Улсын Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүхийн шилмэл бүтээлүүдийг олон нийтэд танилцуулсан юм.

Ш.Сүрэнжав нь 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрсөн. 1958 онд Налайх дүүргийн 9 дүгээр дунд сургуулийг төгсөн, 1958-1963 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги, 1979-1981 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцан төгсжээ.

Тэрбээр 1967 онд ЗХУ-ын телевизэд дадлагажиж ирээд 1979 он хүртэл Монголын радио, телевизэд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар, мөн МЗЭ-д мэргэжлийн зохиолч, Дуурийн театрт утга зохиолын эрхлэгч, 1990 оноос МҮЧЗХ-ны тэргүүн, тэргүүлэгч, хүндэт ерөнхийлөгч, АИХ-ын депутат, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол-Солонгосын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр тус тус ажиллаж байв.

Түүний “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис” зохиолууд, “Гарьд магнай” (1983), “Тод магнай” (1990), “Цэц магнай” (1995), “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” (2012) уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, “Гоож-Нан-аа” дуулалт жүжиг, “Арав дахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээлүүд нь олон түмэнд танигдсан билээ.

Ш.Сүрэнжав “Нутгийн цэнхэр уулс” номоороо МЗЭ-ийн шагнал (1972), “Ерэн баатрын дууль”, “Багш” найраглалаараа БНМАУ-ын Төрийн шагнал (1988), Монгол Улсын Ардын уран зохиолч цол (1999), Донровын Намдагийн нэрэмжит шагналыг (2001) тус тус хүртсэн.

“Шаравын Сүрэнжав” сан нь Монголын яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн бүтээл туурвил, нэр алдраа дуурсган үлдээсэн Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав хэмээх яруу найрагчийн үйл хэрэг, уран бүтээлийг залуу үед таниулах зорилгоор 2022 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongoliin shvldeg (103.57.93.163) 2024 оны 03 сарын 22

jinhene mundag aguu nairagch ch dee. odoo Bavuugiin Lhagvagasurengiin bol oligtoi shvleg bol baihgui ch de.gants borjeginii bor tal l bii bol. Aguu Svrenjavt bol Erin baatariin duuli , Bagsh geed asar ih shvleg nairaglal bii shuu..

1  |  0
Top