Г.Занданшатар: Монгол хүн баялагтаа эзэн болж, түүний үр өгөөжийг хүртэх боломжийг хуульчиллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 19

Өнөөдрийн /2024.04.19/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулийн гол зорилго бол монгол хүн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх эрхийг хангахад оршиж байна.

Хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг заавал хэлэлцэн батлах ёстой, энэ бол бидний үүрэг, хариуцлага гэсэн итгэл үнэмшил энэ удаагийн Улсын Их Хуралд байсан. Ард иргэд ч итгэл найдвар тавьж хүлээсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, байгалийн баялгийг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох талаар заасан. Энэ хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн энэ тулгуур үзэл баримтлал бодитой хэрэгжих боломж бүрдэж байгаа нь нэн чухал ач холбогдолтой юм. Хууль батлагдсанаар монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх боломжтой гэв.

Мөн тэрбээр, Баялгийн сан нь ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэсэн 3 төрөлтэй байна. Ирээдүйн өв сан нь баялгийн үр өгөөжийг хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар үнэ цэнийг нь өсгөх, арвижуулахад чиглэнэ. Хуримтлалын санд хуримтлуулсан орлогоор Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн, боловсролын, орон сууцны зэрэг зориулалтаар дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн сангийн хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ. 

Монгол Улсын иргэн бүр Хуримтлалын нэрийн данстай байх бөгөөд Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг энэхүү нэрийн дансанд бүртгэнэ гээд монгол хүн болж төрсөн хүн бүхэн энэ эрхийг хэнтэй ч хуваалцахгүйгээр эдлэх ёстой. Монголын баялаг бол Монгол Улсын өнөө үеийн болон ирээдүйн иргэдийн өмч мөн. Тиймээс түүнийг иргэддээ тэгш, шударга хүртээх хуулийг ийнхүү баталж байна. Хуулиар бид баялагтаа эзэн болж, хуулиар түүний үр өгөөжийг хүртэх боломж ийнхүү бүрдэж байна гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.119.220) 2024 оны 04 сарын 20

34 жилийн дараа ухаарч байдаг илжирсэн толгойнууд монголоос зайлцгаах хэрэгтэй.

0  |  0
мт(103.212.117.91) 2024 оны 04 сарын 19

сонгууль болохоор гоё юм ярьж монголчуудыг хуурч хууль батлаад дараа нь чимээгүй татаж аваад 2-4 жил хойшлуулна даа яг тэтгэврийн хууль шиг

0  |  0
qweqwe(103.57.92.153) 2024 оны 04 сарын 19

shaa ci. ungursun 8 jil yugaa hiij baisan um. songuul duhhuur huuhed huurch baigaa um shig genet l uhaa orj gene. ta nar acnuud shuu

0  |  0
Top