С.Амарсайхан: Налайх, Багануурыг жишиг хот болгон хөгжүүлэх бүрэн боломжтой

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 04 сарын 25

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонирхлоо.


-Нийслэлээс алслагдсан дүүрэг болох Налайх, Багануурыг улсын зэрэглэлтэй, бие даасан хот болгох асуудал яригдаж эхэллээ. Та Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө хотын эрх зүйн байдал, бие дааж хөгжих төсвийн эрх мэдэл болон түүнийг дагасан зөв төлөвлөлт, стандарттай хөгжлийн нэн тэргүүнд тавигдах ёстой зорилтууд алдагдсан. Үүнээс болж Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлоос эхлээд эдийн засгийн тогтворгүй, амьдрах орчны аюулгүй байдал зөрчигдөж байна. Монгол Улсын Засгийн газраас “20 минутын хот” бодлогыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, 20 минут дотроо сургууль, цэцэрлэг, эмнэлэг, онцгой, цагдаагаас гадна төрийн үйлчилгээгээ авдаг аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэх бодлогыг гаргасан. Энэхүү бодлогын хүрээнд Улаанбаатар хотод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байна.

Нөгөө талаараа улсын хэмжээнд Улаанбаатар гэдэг ганцхан хоттой. Тэндээ 21 аймгийн иргэд нь ирж төвлөрдөг. Тэгсэн хэр нь хүссэн хэмжээндээ ажиллаж, амьдарч чаддаггүй. Эсрэгээрээ хөдөө, орон нутаг нь хөрөнгө оруулалт бага, бараг хаягдчихсан гэхэд болно. Тиймээс иргэд нэг хотод биш нэлээн хэдэн хотод эрсдэлгүй, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, аймгийн төвөөсөө эхлээд орон нутгийн зэрэглэлтэй хот болцгооё л гэж байгаа юм.

-Иргэд Дархан-Уул аймаг, Эрдэнэтийг хотын статустай болгох нь зөв гэдэгт санал нийлдэг. Гэхдээ Багануур, Налайх дүүргийг дагуул хотоор нь үлдээхгүй заавал улсын зэрэглэлтэй хот болгох нь хэр зөв юм бэ?  

-Ямартай ч Эрдэнэт, Дархан-Уул аймаг, Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгож, бие даан хөгжүүлэх бодлогыг бүрдүүлнэ. Энэ дундаа Налайх, Багануур дүүрэг яагаад орох ёстой вэ гэхээр зам, дэд бүтэцтэй. Хүн ам, ажиллах хүчинтэй. Дээр нь, суурьшлийн бүсэд бие дааж хөгжих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн ач холбогдолтой үйл ажиллагаа явуулах, тэр дундаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах стандарт жишгийг бий болгох боломжтой юм.

-Жишээ нь?

-Багануурыг аж үйлдвэрийн, Налайхыг аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний бүс болгон хөгжүүлэх боломжтой. Үндсэндээ бие даасан хот болоод ирэхээр аяндаа өөрсдөө төрөлжсөн эдийн засагтай болно. Хамгийн гол нь, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах газар бол Налайх, Багануур юм. Алсдаа улсын хэмжээнд шинээр бий болох хотуудын жишиг болж хөгжинө.

Налайхад гэхэд төмөр зам, авто зам байна. Цаашлаад Яармагаас Шинэ Нисэх, Шинэ Нисэхээс тойроод Төв аймгийн зөрлөг, Налайх гээд хөнгөн галт тэрэг орж ирнэ. Ингээд Хонхор, Амгалантай нийлээд ирэхээр жинхэнэ Богд уулынхаа дунд биш Богд уулаа тойрсон эдийн засгийн суурьшлын бүс бий болно. Ингэж байж Улаанбаатар хот түгжрэл, төвлөрлөөсөө салах нөхцөл бүрдэнэ.

-Та НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байхдаа тогтоолын төсөл өргөн барьж, Налайх дүүргийг дагуул хот болгосон. Гэвч дагуул хот гэдэг нэршлээс өөрөөр юу ч өөрчлөгдөөгүй санагдаж байна?

-Тийм ээ, би 2012-2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Налайх дүүргийг дагуул хот болгох тогтоолын төслийг өргөн барьж байсан. Гэхдээ тухайн үед хууль, эрх зүйн орчин нь бүрдээгүй, эдийн засгийн чадамж байхгүй байсан болохоор үр дүнгүй ажил болсон гэж ойлгож болно. Одоо бол сайн, мууг нь үзчихсэн болохоор бие даасан хот болгоход асуудал байхгүй.

Наад зах нь, шинээр ажлын байр бий болохоос эхлээд бусад сайн жишгийг тогтооно. Хамгийн гол нь, хотын статусыг утгаар нь хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Үүнд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. УИХ-д хуулийн төсөл өргөн барих шийдвэрийг гаргалаа. Шийдэгдээд явна гэж ойлгож байна.

-УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган хаалтаа хийхээс өмнө хуулийн төслийг хэлэлцэн баталж амжих болов уу?

-Амжина, амжуулна. Энэ долоо хоногтоо УИХ-д хуулийн төслөө өргөн барина. Засгийн газар бол шийдвэрээ гаргачихсан. Энэ бол Улаанбаатар төдийгүй Монгол Улсын тэлж хөгжих бодлого юм. Өмнө нь дандаа агших бодлогоор явж ирсэн байдаг.

-УИХ-аар Хоршооны тухай хуулийг шинэчилж баталсан. Хууль батлагдаж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Энэхүү хөтөлбөр таны ярьж байсан “Хот айл” төсөлтэй хэрхэн уялдаж байгаа вэ?

-“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр бол “Хот айл” зэрэг олон төслийн нийлэмж гэж ойлгож болно. Таван ихнаяд төгрөгөөр хэрэгжих хөтөлбөр юм. Зөвхөн малчдын асуудал биш. Байгаль орчин, нийгэм эдийн засаг, хөдөө аж ахуйн салбар, малчид болон иргэдийн ирээдүйн амь амьдрал, хувь заяатай холбоотой цогц шийдэл гэж ойлгох хэрэгтэй. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр байгаль орчноо хамгаална, цөлжилтийг бууруулна. Өвлийн зуд, хаврын шуурга, малын зүй бус хорогдол, хөрс тэжээл, ургамлын төрөл зүйл цөөрөхөөс эхлээд олон асуудлыг цогцоор нь шийднэ.

Үндсэндээ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд аймаг, орон нутагтаа малчид, иргэд тав арваараа нийлээд сүү, цагаан идээ, арьс ширнийхээ боловсруулалтыг хийчихдэг, орлогоо нэмэгдүүлдэг, малынхаа чанарыг сайжруулдаг, өөрсдийнхөө ажлын байрыг бий болгодог, өвс тэжээлээ хадаад авчихдаг, хашаа саравчаа стандартын дагуу шинэчилдэг, хэн нэгэн эрсдэл үүрэхгүйгээр харилцан хамтарч ажилладаг механизмийг бүрдүүлж өгч байгаа юм.

-Малчид малаа л барьцаанд тавьж зээл авдаг байгаа шүү дээ?

-Зээл авахдаа ганцхан малаа барьцаалах биш хашаагаа ч барьцаалж болно. Учир нь, өмнө нь малчид эд хөрөнгөө барьцаалж болдоггүй, малаа л барьцаанд тавьдаг байсан. Тэгвэл тэр боломжуудыг нь нээж өгч байна. Ингээд ирэхээр малчид асуудалд эдийн засгийн талаас нь хандаж эхэлнэ.

Энэ бол таван жилийн хугацаанд хэрэгжих таван ихнаяд төгрөгийн хөтөлбөр юм. Тиймээс “Хот айл” гэж судлагдаж, яригдаж байсан ажил, бусад төсөлтэй нэгтгэгдээд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр болоод явж байна. Нэршил нь өөр боловч агуулга, ач холбогдол нь нэг юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.81.99) 2024 оны 04 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.81.99) 2024 оны 04 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
tun zob heljee.(66.181.180.36) 2024 оны 04 сарын 25

tun zuv shuu. hurdan hiih heregtei bna. deer bvh aimagiin tuviig hot bolgoj ug l duu.

0  |  0
багануур метро(112.72.15.198) 2024 оны 04 сарын 25

багануурлуу метро тавих хэрэгтэй

0  |  0
Top