С.Пүрэвхүү: Миний бүтээл толгой дотор л явна

2024 оны 04 сарын 27

Залуу уран бүтээлч, зураач С.Пүрэвхүүтэй ярилцлаа. 


-Юуны өмнө нэр усаа мэдэлцэж, нутаг усаа санагалзах нь зөв болов уу...

-Намайг Сүхбаатарын Пүрэвхүү гэдэг. 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Зургаан настайдаа анх сургуульд орсон. Гэхдээ зүгээр ч нэг сургууль биш, зургийн сургалттай ангид орсон байдаг юм.

-Өмнө нь зураг зурахыг заасан, эсвэл зураач болох сэдэл өгсөн  хэн нэгэн байв уу?

-Миний төрсөн эгч Пионерийн ордны дугуйланд явдаг байсан. Эгчийнхээ зурсан зургийг харсаар байгаад зурах дуртай болчихсон доо. Цэцэрлэг дээр хийсэн, зурсан зүйлүүд аав, ээжийн санаанд таалагдсан болоод ч тэр үү, ямартай ч хүүгээ зураг урлалын чиглэлийн сургуульд оруулъя гэсэн бодолтой болсон байв. Сургуульд ордог тэр жил азтай байлаа. Зургийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээгдэж, түүнийг нь зураач Энхболд дааж авсан юм. Хүүхдүүд найман настайдаа сургуульд ордог байхад би цэцэрлэгийн бэлтгэлд ч суулгүй зургаан настайдаа шууд тэр ангид орсон.

-Балчир насанд сурсан эрдэм, тэр дундаа дурлаж сурсан эрдэм хэзээ ч мартагддаггүй гэдэг дээ...

-Тэр ангид орсон цагаас эхэлж зургийн тухай ойлголтыг арай мэргэжлийн түвшинд заалгаж эхэлсэн. Багш биднийг бага балчир хүүхэд гэлгүй их дээд сургуульд натюрморт яаж зурдаг, байгаль дээр яаж судалбар хийдэг, яг л тийм шаардлага тавьж сургасан. Гуравдугаар ангийн жаахан хүүхдүүд өөрсдөөсөө том мольберт үүрээд л Дунд голын эрэг дээр очиж зураг зурцгаана. Ангид бол яг л их сургуульд тавьдаг шиг анатомийн гипс, геометрийн дүрс байрлуулна.Бид дөрөвдүгээр анги хүртлээ багштайгаа хамт хичээллэсэн. Харин дараа нь тухайн үеийн Боловсролын яамнаас нэгэн төсөл хэрэгжүүлж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн дэд институт гэж одоогийн Монген сургууль бий болсон юм.

Хүүхдэд ерөнхий эрдмийн хичээлээс гадна техникийн, урлагийн боловсрол олгох гүнзгийрүүлсэн сургалт явуулахад төслийн зорилго чиглэж байсан. Бид ч ангиараа тийшээ шилжих болов.

-Жирийн биш жигтэйхэн их мэдлэгтэй болчихсон хүүгийн цаашдын сургууль соёлын мөр хөөсөн зам сонирхол татаад байна шүү...

-2002 онд Монген коллежийн 12 дугаар ангийг төгсөх манай ангийнхныг Дүрслэх урлагийн дээд сургуульд шалгалтгүйгээр элсүүлнэ гэсэн шийдтэй байсан боловч хавар нь энэ яриа хэлцэл огт хүчингүй болсон юм. Захирал, та нар одоо өөрсдийн мөр мөрөө хөөцгөө, зураач болох нь бол, мэргэжлээрээ явах нь яв гэж хэлээд биднийг зөнд нь орхисон доо. Манай ангийн дөрөв таван хүүхэд ярилцаад, бидэнд сурах юм их байна, хүсч байсан сургуульдаа орцгооё гээд СУИС-ийн зураачийн ангид шалгалт өглөө. Гэвч бүхэл бүтэн 12 жил зургийн хичээлийг гүнзгийрч судалсан, мэргэжлийн зураач гэсэн дипломтой төгссөн хүүхдүүд анх удаагаа элсэлтийн шалгалт өгөөд бүгд унасан. Нэг нь ч тэнцээгүй, хамгийн ойртож очсон нь би байсан байх.

-Ямар гээч шалгалт авахаар тийм харамсалтай юм болдог байна аа?

-Мэдэхгүй, сүүлд сонсоход одоонийх шиг авлига, наагуур цаагуур юм болсон юм шиг байна лээ. Ингээд бидний мөрөөдөл байхгүй болж, их ч гутарсан. Үнэн юм гэж байна уу гэсэн асуултад хариу авахаар  Дүрслэхийн дээд сургуулийн захирал Ичинноров гуайд хандсан боловч нааштай хариу авч чадалгүй тарцгаасан юм. Намар боллоо, би сургуульгүй. Найзууд өөр ажил хийх нь хийгээд амьдралаа хөөлөө. Хичээл ороод долоо хонож байтал ээж маань, “Өөр сургуульд ор, Багшийн дээдэд ор” гэхэд нь би, үгүй ээ, багш болохгүй, зураач л болно гэсэн. Дүрслэхэд өөр ангиуд байна, монгол зургийн ангид орж болно гэхээр нь, би уран зураач л болох гэж шалгалт өгсөн гээд гүрийгээд байлаа. Ээжийн маань санаа их зовж, таньдаг хүмүүсээс сурагласаар Кино үйлдвэрийн дэргэдэх киноны сургуульд  зургийн анги байдаг гэдгийг олж мэджээ. Тэгээд Д.Жигжидийн нэрэмжит КУДС дээр очсон. Би киноны хүн болох биш гээд сургуулийг нь нэг их сонирхсонгүй. Гэтэл аз болоход, зургийн ангийн багш нь П.Цогзол, О.Мягмар гэсэн зураачид байлаа. Монгенд сурч байхдаа Цогзол багшийг анх харсан юм. Ийнхүү багшид нь болж КУДС-д сурахаар боллоо. Монген төгссөн дипломоо үзүүлж, өмнө нь суурь хичээлүүдээ үзсэн тул кредитээ нөхүүлээд 3,4 дүгээр курсэд шууд орох боломж байна уу гэж асуусан. Энд гуравдугаар курс гэж байхгүй, дөрөв рүү шууд оруулж болохгүй. Чи киноны үндсийг судлах ёстой гэж багш хэлсэн. КУДС-д нэгдүгээр ангиас нь орж, Пүрэвийн Цогзол, Очирын Мягмар гэх агуу  хүмүүстэй уран бүтээлийн замаа нэгтгэсэн түүх эхэлсэн юм аа.

-Хэдийнээс П.Цогзол багшийнхаа шавь болов доо?

-Шууд ч болчихоогүй л дээ. Нэг удаа 16 цаг зурах ёстой натюрмортыг нь би гурван цаг зурчихаад гарсан. Тэгсэн багш дургүйцэж байна. Буруу сурцтай юмнууд орж ирж хүүхдүүдийн толгой  эргүүллээ гэнэ. Өөрийнхөө сурцаар хам хум юм хийлээ гэж намайг анх удаа зэмлэсэн юм. Тэгэхээр нь би ингэж болохгүй юм байна гэж бодоод ангийнхантайгаа адил цаг хугацаанд натюрмортоо зурдаг болсон. Гэтэл арван хэдэн жил үзсэн миний ном, Цогзол багшийнхтай яалт ч үгүй тэрслээд эхлэв ээ. Эхэндээ ч учрыг нь олсонгүй. Сүүлд л багшийн маань  зөв байсныг ойлгосон доо. Цогзол багш бол жинхэнэ орос сургалтаар явсан хүн байсан. Бид бол Орост сурч ирсэн хүмүүсээс дам сурсан, монголжсон маягийн сургалтаар  сурсан хүмүүс  байжээ. Энэ цагаас эхлэн би өөрийгөө дарж, хэт хөөрөх хэрэггүйг ойлгосон.

Бид Чойжин ламын сүм дээр очиж судалгаа, судалбар хийдэг байлаа. Тэр үед  багш намайг юм л бол шүүмжилнэ. Өнгөө ямар их хольж халтартуулдаг юм,  палитер хэрэглэхээр зураг чинь муухай болоод байна, наад байгалиа хар, өөрийнхөө зурсныг хар гэж загнасаар байгаад усан будгийн маань палитрийг хурааж авсан. Усан будгаар палитергүй зурснаа хүмүүст хэлэхээр ер итгэдэггүй юм. Хагас жилээс хойш хичээлийн дараа ангийнхан маань үлдэж бие даалтаа хийдэг байсан бол би багшийнхаа цүнхийг үүрээд хамтдаа урлан руу нь явдаг болсон. Урлан дээр бол зөвхөн багшийнхаа заавраар л хөдөлнө. Жил өнгөрөөд хоёрдугаар курс төгсөхийн алдад Цогзол багш надад урлангийнхаа түлхүүрийг хувилж өгсөн. Миний хүү, чи бол яалт ч үгүй миний гарын шавь болно, чөлөөт цагтаа энд ирж зургаа зурж бай, багшаасаа суралц гэсэн юм. Тэр бол багш надад итгэл хүлээлгэсэн анхны өдөр байлаа. Хар зургийг Мягмар багш, зохиомж болон өнгөт зургийг  Цогзол багш заана. Миний хоёр багш бол кино урлагийн сургуулийг төгсөж ирсэн Монголын анхны боловсон хүчин, киноны зураачид байсан юм.  Тэд дор бүрнээ 30-40 кинотой, 1990 оноос өмнөх ихэнх кинонд хоёр багшийн маань нэр мөнхөрсөн юм шиг сийлээстэй байдаг юм шүү дээ. Би бараг 12 жил Цогзол багштайгаа хамт байсан байна.  Сургууль төгсөөд найз нар маань ажил төрөл хөөгөөд явсан, би багшаасаа салмааргүй санагдаад дэргэд нь үлдсэн.

-Ихэнх багш, шавийн урлах арга ойролцоо, зарим нь ч хэвэнд цутгасан мэт адилхан байдаг тухай бишгүй яригддаг. Чиний хувьд багшаасаа ялгарах онцлог нь юу вэ?

-Миний хоёр багш хоёулаа өөр өөрийн гэсэн арга барилтай. Жишээ нь, Мягмар багш бол маш нямбай ажиллагаатай, хар зураг татах талдаа гаргууд хүн. Цогзол багшийн хувьд орос школоо алдаагүй, зоригтой хүчтэй ажилладаг. Би хоёр багшаасаа нарийн нямбай ажиллагаа, эрч хүчтэй бичлэгийг нь авъя гэж хүсдэг ч яг адилхан болох тухай хэзээ ч бодож байгаагүй. Яагаад гэвэл,  би өөрийн гэсэн мэдрэмжтэй, бие даасан уран бүтээлч. Зарим нэг хүн багш, шавийн бүтээл адилхан байна гэж ярьдаг ч, хэрэг дээрээ өөр өөр шүү дээ. Би багшаас илүү өнгөлөг, нарийн зурахыг хичээдэг, сэдэв агуулгын хувьд ч өөр. Багш маань монгол ахуй, энгийн сэдэв сонгодог бол би заримдаа фантазлах дуртай.

-Өөрийн тань уран бүтээлд өгсөн багшийн дүгнэлт сонин байна...

-Урьд шөнө багш минь зүүдэнд ирсэн. Ингэж ярих учиртай байж дээ. Хэлбэл өөрийгөө магтсан болох байх. Багш  хэлдэг байсан. Чи бид хоёр бол мундаг хувь заяатай хүмүүс, би  бүр ч илүү азтай. Надад шавь гэвэл зөндөө олон байна. Гэхдээ чи бол цорын ганц гарын минь шавь гэдэг байлаа. Бид хоёр багш, шавь гэхээсээ илүү аав, хүү хоёр шиг л байдаг. Чи миний шавь болоод надад их нөлөөлсөн, миний өнгө их гоё тунгалаг болсон, би хүүгийнхээ арга барилыг өөртөө уусгачихаад хоолноос нь хомсолчихлоо доо гэж ярьж байсныг нь санаж байна.

-Багштайгаа байхдаа ямар ямар бүтээл хийв, хүмүүст үнэлэгдсэн анхны бүтээл чинь юу байв?

-Уран бүтээлч гэдэг тал дээр би өөрөө өөртөө их хатуу ханддаг. Би одоо болтол нэг ч бүтээл хийгээгүй, зүгээр л  сурч суралцаж явна. Ямар нэгэн дүн тавиулах гэж зурдаггүй, тархи оюундаа байгаа бүтээлийг гаргахад бэлтгэл болгож  зурдаг. Би хүмүүст миний тэр, энэ бүтээл гэж ярьдаггүй, зүгээр л  миний зураг гэж хэлдэг. Одоогоор надаас бүтээл гараагүй байна. Залуу хүний хувьд  бүтээл гаргахгүй яваадаа хааяа өөрийгөө зэмлэдэг, дотогшоогоо гуньдаг бас шатдаг.  Миний бүтээл миний толгой дотор л явж байна.

-Чухам ямар үнэлэмжид хүрсэн үед бүтээл төрөх юм бол оо?

-Би Монголын уран зургийн галерейд тавьсан зургаа хэзээ ч бүтээл гэж үнэлэхгүй. Харин дэлхийн хаана ч очсон захын нэг урлаг судлаач, зураг ойлгодог хэн ч гэсэн хараад энэ бол бүтээл мөн байна аа гэж хүлээн зөвшөөрсөн тэр үед л би зургаа бүтээл гэж ам бардам хэлж чадна. Миний хийсэн уран бүтээл тэр дэлхийн том галерейд очиход ялгарахгүй  байх ёстой, тэгсэн цагт би өөрийгөө уран бүтээлч гэж үзнэ. Сүүлийн хэдэн жил нүд жаахан тайлагдаад би яагаад заавал Монголд бүтээлээ хийх ёстой юм гэсэн дэврүүн бодол ч төрдөг болоод байна.

-КУДС төгссөн хүн чинь киноны уран бүтээлд оролцсон байлгүй дээ...

-2012 онд зохиолч  Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” кинонд план зураачаар ажиллах санал ирсэн. Тэр л миний анхны, албан ёсны  киноны уран бүтээл болох юм. Өмнө нь найз нөхдийн жижиг сажиг ажилд бол тусалж байсан. Түүнээс хойш “Тайга”, “Миний ах атаман”, “Маш нууц” нэртэй бүтээл дээр ажилласан байдаг. План зураг гэдэг маань цаасан дээр байгаа киног оператор зураг авахаас өмнө бүгдийг нэг бүрчлэн зурахыг хэлж байгаа юм. Цаасан дээрх киног дүрсжүүлнэ гэсэн үг.

-Киноны зураг ч гэсэн зургаа зурж л байна гэсэн үг. Эсвэл зөвхөн уран зурагтаа илүү таашаалтай юу?

-Аль алинд нь дуртай. Уран бүтээлч хүн аль нэг чиглэл, изм-ийг дагнана гэдэг бол торонд хоригдох шувуутай агаар нэгэн юм. Би киногоо ч хийдэг, уран зургаа ч зурдаг. Тэр бүү хэл, номын зураг зурах санал ирэхэд дуртайяа гүйцэтгэдэг шүү. Хүүхдийн ном байна, номны хавтасны зураг байна.

-Уран зурагт баримталдаг чиглэл, өнгө будгийн талаар саналаа хэлбэл...

-Миний баримталдаг чиглэл бол суурь бодит уран зураг юм. Хөрөг, байгаль, зохиомж гээд бүгдийг зурна. Сэдэвт зохиомж хийнэ. Натюрморт зурна. Заавал нэг талыг барих шаардлагагүй, бодит бүхнийг зурна, юм бүхэн бодитой шүү дээ. Голлодог өнгө гэж байхгүй, зураг дээрээс минь тунгалаг өнгө харагдаасай гэж хүсдэг. Би бол будаг биш, өнгө хийх юмсан гэж хичээдэг. Миний зураг илүү өнгөлөг, тунгалаг, бичлэг нь зоригтой бөгөөд уран байж бусдаас ялгараасай гэж хүснэ. Зарим уран бүтээлч би зөвхөн усаар, тосоор зурдаг гэж ярьдаг. Миний хувьд тэгж өөрийгөө хязгаарлахыг хүсдэггүй.

-Монголын уран зураг дэлхийн түвшний хаана явна, хөл нийлүүлье гэвэл хэн юу хийх хэрэгтэй вэ?

-2016 онд И.Е.Репиний академид шалгалт өгсөн. Дараа нь найзуудтайгаа дэлхийд нэртэй галерейнуудыг үзлээ. Дэлхийн уран зураг, дүрслэх урлаг үнэхээр төгс юм гэдгийг мэдлээ, мэдэрлээ. Бидний сайн, сайхан гэж бодож байсан монголын дүрслэх урлаг бол түүний өчүүхэн хэсгийг хүргэж байсан юм байна. Бид өөрсдийн толгойны хэмжээгээр сэтгэж, түүнийгээ төгс гэж бодож байжээ. 2017 онд Австрид үзэсгэлэнгээ гаргангаа Европоор явж байхад урьд жил нь үзсэн Оросын урлаг бас л жижиг санагдсан шүү. Орчин цагт бидний хийсэн гээд байсан изм-үүдийг тэнд 100 жилийн өмнө хийчихсэн байх юм. Монголын уран бүтээлчдийг би болоогүй юм байна гэж бодсон. Залуу нь ч тэр, ахмад үеийнхэн нь ч тэр.

-Манай сургалт хоцрогдоод байна уу?

-Үнэндээ сургалт их хоцрогдож байна, зааж байгаа багш нар нь ч тасарчихлаа. Миний үеийнхэн бол Орос школыг нүдээр үзэж, гараар барьсан хүмүүсээс суралцсан. Одоо сурч байгаа хүүхдүүдэд тийм юм ч байхгүй. Гинжин холбоо дундаа тасарчихсан.

-Сургалтын чанарыг ахиулахын тулд боловсролын агуулгад өөрчлөлт оруулах хэрэгтэй юу?

-Тэр үнэн шүү. Санкт-Петербургийн Эрмитажийг үзэж явахад цэцэрлэгийн хүүхдүүд тэр дэлхийн сонгодог зургуудыг бас үзэж явсан. Манайд бол тэрийг ойшоохгүй, эд нар юугаа мэдэж, ойлгох юм л гэнэ. Гэтэл тэнд хүнийг  урлагаар дамжуулж багаас нь мэдлэг боловсролыг нь тэлж, нүдийг нь нээж байна шүү дээ. Манай зарим нэг уран бүтээлч  төр дэмжихгүй байна гэж гомдоллодог. Гэвч уран бүтээлч өөрөө сайн байхгүй бол хэн түүнийг олж харж дэмжих билээ дээ. Уран бүтээлч хүн дотогшоо өөрийгөө сонсож, мэдэж, мэдэрч байж сайн бүтээл гарна. Гарсан бүтээлийг улс орон, дэлхий хараад үнэлнэ. Аливаа юм дэс дараалалтай. Тийм болохоор сүүлийн үед би өөрийгөө л их ажиглаж байна, түүнээс биш хэн нэгэн надад бэлэн хоол өгөхийг, хэн нэгний ивээлд багтахыг би  хүсдэггүй. Би Урчуудын эвлэлийн гишүүн биш, аль нэг нийгэмлэгт ч  харьяалагддаггүй.

-Уран бүтээлч хүний харьяалагдвал зохих байгууллага нь Урчуудын эвлэл гэж боддог шүү. Гишүүн болох шалгуур тийм өндөр юм уу?

-Урьд нь сонирхож байсан, болох байсан бол багшийгаа байх үед болчих л байсан. Багш маань нэг хэсэг удирдах зөвлөлд нь байлаа. Яагаад ч юм, би нэг их хүсдэггүй. Уран бүтээлч миний бие тэнд  элслээ гээд  ур чадвар нь нэмэгдэх үү гэдэгт эргэлздэг юм. Ер нь уран бүтээлч  бол өөрөө нэг бодит ертөнц байх ёстой гэж би ойлгодог. Өдий хүртэл гишүүн болоогүй юм чинь цаашдаа ч болохгүй л болов уу.

-Бие даасан үзэсгэлэн гаргаж байв уу?

-Хоёр удаа  гаргасан. 2016 оны хавар “Судалбар” нэртэй үзэсгэлэн гаргасан. Монголын зураач нар судалбар хийхээ байсан энэ цагт зориуд санамж өгөх, уриалан дуудах зорилгоор гаргасан юм.  Одоо нэг үеэ бодвол зураачид маань судалбарт явдаг болжээ. Харин зарим нэг нь техникийн дэвшилтэй дэндүү нөхөрлөж, зургийн аппаратаас салахаа больсон байна. Хялбаршуулсан тэр зурагнаас байгалийн амьд өнгө, сүнс сүлд нь харагдах уу. Чимээ анир, үнэр танар нь сэнгэнэх үү. Судалбарын гол ялгаа тэр амьд орчинг бүрдүүлэхэд л байгаа юм.  

-Хөрөг олон зурав уу, амар хялбар болоод айхтар хэцүү “амилсан” ямар хөргүүд бүтээв?

-Миний хувьд амархан зурагдсан хөрөг гэж байдаггүй. Зураачаас анатомийн болоод өнгөний мэдлэг заавал шаардагддаг. Хөрөг зураг хамгийн хэцүү төрөл учраас энэ чиглэлийн зураач олон болоосой, тэдний нэг нь би байгаасай гэж хүсдэг. Хөрөг бол зөвхөн нэг хүний тухай  өгүүлдэг хэмээх ойлголт түгээмэл. Гэтэл жишээ нь, Г.Одон гуайн “Ажлын дараа” гэх олон хүн сэдэвт бүтээл Монголд бараг байхгүй болчихлоо. Үнэндээ бол дэлхийн мундагуудын дэргэд энэ бүтээл жижигдэх ч Одон гуайн дайтай зурчих монгол уран бүтээлч бараг алга, тийм  ур чадвар ч харагдахгүй байна. Амиа аргацааж, довоо шарлуулсан бүтээл хөвөрсөөр... Харин Б.Отгонтүвдэнгийн зураг бүтээл их юм ойлгуулж өгсөн. Бас л суралцаж яваа залуу хүн. Би түүнийг үнэлдэг. Монгол хүн юм сураад ирж чаддагийг тэр харуулсан.

-Нийгмийн сэтгэл зүйг гуниглуулдаг болж бүтэхгүй зүйл газар сайгүй байна. Залуу хүн, тэр тусмаа уран бүтээлчийн хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Нийгмийг хүн бүрдүүлдэг. Тэгэхээр хүн өөрөө л зөв байх хэрэгтэй юм. Бас ухаан бодлоо, мөс чанараа гээхгүй байх ёстой л гэж бодож байна.

Ш.Бадамханд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.24.160) 2024 оны 04 сарын 29

Saihan yariltslaga unshlaa. Amjilt husen erooe.

1  |  0
Top