Ш.Отгон-Өлзий: Хөгжил ярина гэдэг олон шугамаас аль нь зөв бэ гэдгийг гаргаж хэрэгжүүлнэ гэсэн үг

2024 оны 04 сарын 27

Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дэд дарга, тус намын залуусын төлөөлөл Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа.


Улс орнууд хүн рүүгээ чиглэсэн бодлогоор л хөгждөг

-Ш.Отгон-Өлзийг улс төрд ч, бизнесийн салбарт ч ажиллаж байхыг нь мэднэ. Эхлээд манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Намайг Ш.Отгон-Өлзий гэдэг. Төр, хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай. Улс төрийн хүрээнд гэвэл дүүрэг, хорооноос өгсүүлээд мерит зарчмаар явсаар Монголын төрийн номер нэг институц хүртэл дэвшин ажиллаж, төрд тангараг өргөж, улс төрийн алба хашиж байсан. Залуу хүний хувьд улс төрөөр явж, төрийн тогоонд “чанагдаж” явсан. Хувийн хэвшилд ч “чанагдсан”. Хувийн хэвшилд IT, техник, технологийн чиглэлээр ажиллаж, сүүлд нь олон нийтийн байгууллагад ч ажилласан. “Монгол брэнд” гэдэг холбоо байгуулж, Монголын бизнес эрхлэгчдийг гадаад, дотоодод танилцуулах чиглэлээр зорилгоосоо хазайлгүй зүтгэж явна. Үр дүн нь ч гарч байна. Надад наад зах нь тас хийсэн гурван ажил байна.

-Тас хийсэн ажлуудаасаа нэрлэх үү?

-Юуны өмнө “Монгол брэнд” холбоо маань экспортын чиглэлд нэлээд төсөл хөтөлбөр санаачилж ажиллалаа. АНУ-аас экспертүүд авч ирж Монголын бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын удирдлага 30 орчим хүнийг Америкт аваачиж, олон улсын зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нь нээж өгсөн. Хоёрт, Монголын уран зургийн салбарынхан, шилдэг зураачдын оюун тархиар бүтээгдэж буй баялгийг олон улсын зах зээлд таниулах ажлыг хийж, дэлхийн зах зээлд гаргаж чадлаа. Гуравт, ноос, ноолууран эдлэл, бэлэг дурсгал үйлдвэрлэж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах эхлэлийг нээж, Эрээн хотод “Монгол брэнд” гэдэг дэлгүүрийг нээгээд ирлээ.

-Улс төр судлалаар бас сураад ирсэн бил үү?

-Сүүлд би Олон нийтийн бодлогын чиглэлээр Тайваньд мастер хамгаалсан. Миний сэдэв бол Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын чиглэлээр судалгаа хийсэн. Тэнд нэг тогтолцоотой систем дээр улс төр, эдийн засаг нь яаж хөгжиж, төрийн бүтэц, залгамж халаа нь ямар байна гэдгийг ардчилсан Монголтойгоо харьцуулж чамгүй судалгааны ажил хийлээ.

-УИХ-ын энэ удаагийн сонгууль холимог системээр, мажоритар хэсэг нь бүсчилсэн том тойргоор явж, мөн парламентад анх удаа 126 гишүүн сонгогдох зэрэг маш онцлогтой болно. Сонгуульд нэр дэвшүүлэх ажил бараг гараан дээрээ ирэх гэж байна. Болох гэж буй сонгуулийн талаар залуу судлаач хүний хувьд, улс төрийн салбарт багагүй хугацаанд байж, албан тушаал эрхэлж явсан хүний хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Сонгууль бүсчилсэн тойргоор, холимог системээр явах гэж байна. Өмнө нь 2012 онд холимог системээр нэг удаа сонгууль явсан. Тэр үед миний төрд ажиллаж байх үе таарсан. Тухайн холимог системээр  явсан сонгуулийн үр дүнд Амгалангийн ДЦС-аас эхлээд Богд уулын арын зам, 21 аймгийг холбосон зам, “Гудамж” төсөл гээд тойрогт хамааралгүй, өөрөөр хэлбэл, дөрвөн замын дунд хаягдаад байсан хэсгүүдэд өөрчлөлт орсон. Өмнө нь дан мажоритар ситемээр сонгуульддаг байсан үед яадаг байсан гэхээр тэр дөрвөн замын дундахыг орхиод, цаад талын жалга довыг л харж, тэндэх жаахан жаахан хэсгийн үүд, дээвэр хэсгийг л өөрчилдөг байсан. Холимог системийн давуу тал юу байсан гэхээр дөрвөн замын дунд орхигдсон хэсэг ч, нөгөө талын жалга довын хэсэг ч өөрчлөгдөж чадаж байсан. Бас нэг онцлог нь тэнд нэг нам дангаараа олонх болоогүй байсан парламент. Хамтарсан Засгийн газартай. Тэр үеийг Монголын хөгжилд хурдтай түлхэц үзүүлсэн дөрвөн жил байсан гэж хэлж болно. 2012-2016 он шүү дээ. Тэр цаг сүүлийн хэдэн сонгуулийн дараах УИХ-ын үед нэг талаараа үгүйлэгдсэн. Манай сонгогчид сонгууль бүрээр ингэж нэг өгч үзье, тэгж нэг өгч үзье гэж магадлалын онолоор бол сонголтоо тавиад л янз бүрээр ээлжилж өгч ирсэн дээ.

-Одоо урьд өмнөхөөс цоо шинэ нь аймаг, дүүргүүдийг бүсчиллээ л дээ?

-Нэг онцлог нь тэр. Тухайлбал, Хөвсгөл, Орхон, Булган аймаг нэгдээд дундах ширээн дээрээ нэг талд нь давуу талуудаа дэлгэж тавиад нөгөө талд сул талуудаа жагсааж бичиж байгаад, энэ гурван аймаг давуу талаа хөгжүүлэх, сул талаа нөхөх ямар үйлдвэрийг аль аймагтаа байгуулах вэ. Аймгаараа талцах бус нэг зуу, хоёр зуун км доторх дундын ямар асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хувилбарыг гаргаж тавьж байж хөгжүүлнэ гэдэг бол дэвшил юм. Нөгөө талаас нь харвал жалга довын үзлээсээ салж, зөвхөн өөрийн сонгогдсон ганц тойргийн хэдхэн сумаа усалж малладаг байдлаасаа сална. Харах цараа, бодлого, хөдөлгөөн нь хүртэл “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг чиглэлд орохоос өөр аргагүй болно.

-Гурав, дөрвөн аймаг, хоёр гурван дүүрэг нийлж дундын бодлогоо ярихаар боллоо. Хөвсгөлд гурилын том үйлдвэртэй, Булган бас гурилын том үйлдвэртэй байсан. Газар тариалангийн бүсүүд нь хаяа залгаа. Одоо үүнийгээ яаж хамтарч хөгжүүлэх талаараа ярина шүү дээ, тийм ээ. Энэ гурван аймгийн хонины ноосыг боловсруулж Эрдэнэтийн хивсний үйлдвэрийг түүхий эдээр хангаж болох нь. Хуучин бол тэгж байсан туршлагатай аймгууд шүү дээ?

-Яг тийм. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг байдлаар монголчууд хөгжих, дэвших, өөрчлөгдөх цаг нь ирсэн байна гэдгийг бүсчилсэн тойрог харуулах гэж байна. Гэхдээ үүнийг ганц эрх барьж байгаа нам л бодож олж, шийдэж байгаа зүйл биш юм шүү. Улсаа бүсчилж хөгжүүлэх талаар маш олон жилийн өмнөөс үе үеийн Засгийн газар, УИХ ярьж ирсэн. Бодлогоо ч боловсруулж ирсэн. Баруун, зүүн, хангайн, говийн бүс болгож хөгжүүлэх, бүсүүдийн тулгуур төв байгуулах зэрэг олон шийдэл ярьсаар ирсэн. Ер нь 1990-эд оны сүүлээс ярьсан. Аливаа том бодлого олон УИХ, Засгийн газар дамнаж яригдаж байж шийдвэрлэгддэг л дээ. Тэр нь одоо л бүсчилсэн тойргоор сонгууль хийх замаар эхэлж байна. Иргэд, сонгогчид маань зөвхөн саяын дөрвөн жилд эрх барьж буй намын дангаараа санаачилж хэрэгжүүлсэн асуудал биш шүү гэдгийг анхаарч ойлгох учиртай юм. Зөвхөн өнөөдрийн асуудал биш гэсэн үг. Хориод жилийн өмнөөс улс төрийн хүчин болгон ярьж, хөтөлбөр гаргаж, алхам алхмаар, бага багаар урагшилж л байсан асуудал. МАН, АН-ын ч биш, нийт улс төрийн хүчин, иргэдийн төлөвлөж, бодсоор ирсэн л зүйл. Энэ том газар нутаг дээр, цөөн хүн амтай улсаа яаж хөгжүүлэх вэ гэж ярьж, хэлэлцэж, төлөвлөж ирсний нэг л хувилбар нь энэ бүсчилсэн тойрог. Хөгжил ярина гэдэг ганц шугам татаад түүгээрээ явах биш, олон шугам татаж үзэж байж хамгийн зөв шугам нь аль вэ гэдгийг л бодлогоор гаргаж ирж хэрэгжүүлнэ гэсэн үг л дээ.

-Бүсчилсэн тойргоор сонгууль яваад, нөгөө хэсэг нь пропорциональ системээр ороод ирсэн цагт Улсын төсөв ярихаас эхлээд хуулийн төсөл, бодлого боловсруулахад ямар өөрчлөлт орох бол?

-Улсын төсвийг одоо бол маш их тарамдуулж байгаа. Шинэ сонгуулиар бүрдсэн парламент яах вэ гэхээр хойд бүсээр жишээ татъя л даа. Хөвсгөл аймгийн аль нэг суманд хэдэн хүүхэд сурч байна. Тэндхийн хүн ам өссөн үү, цөөрсөн үү. Сургуулийн анги танхим дүүрч чадаж байна уу, зарим анги ханхай байна уу. Үргүй зардал байна уу, үгүй юу гэдгийг бүсчлээд ирэхээр олж хардаг болно л доо. Тэгээд төсвөө одоогийнх шиг тарамдуулж биш, бодитоор харж хуваадаг болно. Хоосон багийн төв рүү гэрэл татдаг, зам тавьдаг байдал үгүй болно. Гурван байшинтай багт 200 орчим хүн амьдарч, бас хөгжил мөрөөдөж байгаа нь үнэн. Хөвсгөл, Булган, Орхоны багуудын нөхцөл байдал одоо бол яг адилхан. Тэднийг тарамдсан янз бүрийн бодлогоор биш, нэг ижил бодлогоор хөгжүүлэх боломжтой, бүсчилсэн тойргоос гарсан гишүүд үүн дээр нэгдээд явахад зардал ч хэмнэлттэй, бодлого ч оновчтой болно л доо.

-Угаасаа Булганы хойд, Хөвсгөлийн зүүн урд талын байгаль орчны нөхцөл байдал, хүн амын зан төлөв ч ижил шүү дээ?

-Тийм байдаг. Тэр ойролцоо зүйлүүд дээр тулгуурлаад илүү ахисан түвшинд бодлого боловсруулж ажиллана гэдгийг залуу судлаач хүний хувьд би дэмжиж байгаа.

-Бодлого боловсруулахад бас анхаарах зүйл гардаг л байлгүй?

-Судлаач хүний нүдээр харахад ажиллаж байсан туршлагаасаа үзэхэд бидний нэг алдаатай, дутагдалтай зүйл харагдаж байгаа. Манайхан аливаа нэг бодлогыг амьдралаар шалгалгүй хэрэгжүүлэх гэж үзээд, заримдаа тэр нь байгаа онодоггүй. Иргэддээ ойлгуулж чаддаггүйгээс буцаад бодлого нь унах гээд байдаг. Түүнээсээ болоод анхны зорилгоосоо хазайдаг.

-Онолын хувьд ярья л даа. Судлаачийн үүднээс харахад хазайхгүйн тулд яах ёстой юм?

-Олон улсад яадаг вэ гэхээр зургаан чиглэлээр үүнийг шийдсэн байдаг юм билээ. Энэ нь Рolicy making буюу “Зургаан Р” гэдэг арга байдаг. Эхнийх нь бүсчилнэ үү, үгүй юу, бодлого гаргаж аливаа нэг асуудлыг л шийдэх гэж байгаа шүү дээ. Тэгэхийн тулд бүс нутгийн тулгамдсан асуудлыг нэг хавтгай дээр томоос жижгийг хүртэл жагсааж бичих юм. Тэр жагсаалт хангалттай эсэхийг тэндхийн бүх оршин суугчаас асуух учиртай юм байна. Хүүхдээс ч хүртэл асуух ёстой юм билээ.

Хоёрт, иргэд, сонгогчдоос авсан саналын жагсаалтаа мэргэжлийн судлаач, мэргэжлийн хүмүүсээр шүүлгэж боловсруулалт хийлгэж эрэмбэлүүлнэ. Тухайлбал, манай гурван аймаг дээр аль асуудал нь илүү нийтлэг давхцаж байгаа вэ гэдгийг гаргаж авна. Ер нь бол Хөвсгөлийн Тариалан сум, Булганы Хутаг-Өндөрийн асуудал яг л давхцана даа.

Гуравт, нэн түрүүнд шийдэх гурван асуудлыг сонгоно. Шийдлийг боловсруулна. Шийдэх арга замаа ч эрэмбэлж жагсаана. Тэр дундаас ганц зөв гэсэн аргыг сонгож авна. Түүнийгээ олон нийтэд нас, боловсрол зэрэг байдалд нь нийцэх аргаар танилцуулна.

Дөрөвт, хэрэгжүүлээд явж байтал иргэд олон урьгалч байдлаар дахиад саналаа хэлнэ. Дэмжинэ, эсэргүүцнэ. Эсэргүүцсэн саналуудыг дахиад бичиж эрэмбэлнэ. Ингэж явсаар эцэст нь бодлогоо хэрэгжүүлэх арга замдаа орно. Иргэдтэй уулзаж явахад эрдэмтэн мэргэдийн бодож чадаагүй санааг ч жирийн иргэн дэвшүүлж болдог. Энэ бүхнийг Рolicy making буюу “Six Р” арга, зөв бодлогыг хэрэгжүүлдэг “Зургаан Р” арга гэдэг. Эндээс төрийн бодлого гарна. Том ч байна уу, жижиг ч байна уу, бодлогыг гаднын орнууд ингэж гаргаж, боловсруулж хэрэгжүүлдэг юм байна. Үүнийг цааш хэрэгжүүлээд явбал алдаа эндэл гарах нь бага юм.

-Эрх баригч ч бай, сөрөг хүчин ч бай, ингэж бодлого гаргах нь, тийм үү?

-Тэгнэ. Хөгжилтэй орнуудын хөгжлийн нууц нь ердөө л энэ. Улс орон ер нь хүн рүүгээ чиглэсэн бодлогоор л хөгждөг.

-Гэтэл Монголд төрийн төлөө л бодлого байдаг шүү дээ. Тиймээс л өнөөдөр энд байсан автобусны буудлыг маргааш тэнд нүүлгэдэг. Дээрээс юм унаж зүгээр явсан хүнийг хөнөөдөг байдал үргэлжилсээр байгаа. Хүний төлөө бодлого руу явах цаг нь ирсэн байх аа?

-Яг энэ чиглэлээр бодлого боловсруулж, хийж хэрэгжүүлж чадах юм бол үнэхээр төрийн бодлого хүний төлөө болж чадна. Үндэсний хөгжил, Алсын хараа-2050, бүр 2100 ч байна уу, тэнд хүрэхэд энэ бүхэн тусалж чадна. Ингэж чадаагүйгээс хүн рүүгээ биш, төр рүү чиглэсэн бодлоготой л явж ирсэн байна.

Манай зориглогчдын 60 хувь нь залуус байна

-Энэ удаагийн сонгууль шинээр нэр дэвших залуучуудад хэр ээлтэй болох бол?

-Намуудаас нэр дэвшихээр горилох гэж буй залуусыг насны ангиллаар нь хараад үзэхэд залуусыг квот, жагсаалтад багтаах боломж нь сайн байгаа. Үнэхээр боловсорсон, сурсан, олсон мэдлэгээ төр, олон нийтэд хэрэгжүүлье гэсэн залуус жагсаалтад ороход ээлтэй байгаа.

-Залуучуудыг намууд дээгүүр жагсааж чадах уу. Өмнөх нэг удаагийн туршлагаас харахад тойргоос гарах магадлал тааруу хууччуудыг дээгүүр бичдэг дээ?

-Төлвийг харахад хуулиараа эрэгтэй, эмэгтэй сөөлжиж бичигдэнэ. Эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангах боломж бий. Гэхдээ хууччуудыг эхлээд биччихвэл учир дутагдалтай. Тэгүүлэхгүйн тулд залуучууд бас жагсаалтын дээгүүр бичигдэхийн төлөө нэр дэвшигчдийг тодруулахаас өмнө нам дотроо ажиллах л хэрэгтэй. Жагсаалтыг сайн талаас нь харвал залууст ээлтэй.

-Намууд залуустаа хэр итгэж нэр дэвшүүлэх гэж байх шиг байна?

-Би бол АН-ын гишүүн. Манай нам дотор Ардчилсан залуучуудын, эмэгтэйчүүдийн, ахмадын гээд бүтцийн байгууллага байна. Манай АН нэр дэвших гишүүдээ горилогч биш, зориглогч гэж нэрлэж байгаа. Хүнд хэцүү нөхцөлд нэр дэвшихээр шийдсэн гишүүд бол зориглогч юм. Тийм зориглогч 10 хүн тутмын зургаа нь буюу 60 хувь нь залуусын төлөөлөл байна. Тэр зургаагийн дөрөв нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байна. Энэ бол сүүлийн жилүүдтэй харьцуулахад чамлахааргүй дэвшил юм. Энэ удаагийн сонгууль бол хариуцлага, сахилга бат, багийн хамтын ажиллагаа, итгэлцэл дээр суурилсан сонгууль болох гэж байна.

-АН сонгуульд эв нэгдэлтэй оролцож чадах уу?

-Миний хувьд олон сонгуульд саналаа өгч явлаа, бас нэрээ бичүүлээд саналыг нь ч авч явлаа. Энэ удаагийн сонгуульд эрчим, эв нэгдэл, ойлголцол өмнөхөөс илүү хэрэгтэй нь харагдаж байгаа. Иргэдийн биднээс хүлээх хүлээлт урьдынхаас хэд дахин илүү болсон нь хотод ч, хөдөө ч анзаарагдаж байна. Бид өнгөрсөн найман жил эрх барьсангүй.

-Дээр нь АН дотроо маш их хагарсан...

-Хагаралтай ч байлаа. Ер нь АН хөрөнгө санхүү, эрх мэдэл бүх зүйлээрээ л дутмаг байна. Юу үнэн, тэр үнэн. Гэхдээ бидэнд тэмүүлэл байна. Эв нэгдлээ сахина. Өөрчлөлт шинэчлэлийн төлөө иргэдийн хүлээж байгаа хүлээлт байна. Өөдрөгөөр харж байгаа, бид. Эв нэгдлээ сахих гэсэн бидний зүтгэл ч байна. Талцаж хуваагдаж яваад юу болсноо ч ойлгож байна. Бид иргэд сонгогчдынхоо итгэлийг эргүүлж олж авахад залуу гишүүдийн зүтгэл тэмүүлэл хэрэгтэй учраас зориглогчдын 60 хувь нь залуус байхаар бодож байна шүү дээ. Бидний хувьд өмнөх өмнөхөөсөө илүү хариуцлагатай сонгууль болох гэж байна. Иргэд бол залуус олон гарч дээд талд салхи ороосой л гэж хүсээд байгаа шүү дээ. Салхи байтугай шуурга хэрэгтэй байна л даа.

-Бүсчилсэн том тойрогт бол “Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэгчээр сонгогчид ч танихгүй хүнээс жийрхээд мэддэгийнхээ нэрийг дугуйлах магадлалтай. Цоо шинэ хүн гурав, дөрвөн аймагт сурталчилгааны 18 хоногт танигдахад хэцүү л дээ, тийм ээ?

-Бүсчилсэн тойрог бол үнэхээр олонд эртнээс танигдсан хуучин хүмүүст илүү ээлтэй л дээ. Эерэг тал нь парламент тогтвортой, залгамж чанараа хадгалж үлдэх байдал эндээс харагдаж байгаа. Сөрөг талаас нь харвал нөгөө л нэг хэн гуай буцаад суудалдаа очиж суух нөхцөл харагдаж байна. Хойд бүс дээр гэхэд нөгөө л гурав маань гурав, дөрөв дэх удаагаа буцаад ирдэг ч юм уу. Сул тал нь энэ байна.

-Энэ жил сонгуульд орох субъект олон, одоогийн байдлаас харахад 27 нам, хоёр эвсэл, бие даагчидтайгаа 30 субъект өрсөлдөнө. Нам, эвслүүд тус бүр 78 нэр дэвшигчийг тултал дэвшүүлэхэд максимум утгаараа 3000 шахам нэр дэвшигч гарна. Хойд бүсийн найман мандат дээр өчнөөн хүн орж ирнэ. Тэр дотроос сонгох найман хүн, сонгох намаа олох гэж будилна биз, бас?

-Сонгогчдын боловсрол энд маш их хамаатай. Бүсчилсэн тойргийг гар утастай харьцуулбал айфон барьдаг хүнийг гэв гэнэт самсунг, самсунг барьдаг хүнд Макбүүк компьютер яг одоо ашигла гэж тулгасантай ижил болоод байна л даа. Тэгэхээр хүн самгардана биз дээ. Тэр олон хүнээс сонгох гэж нэг хүний санал өгөх хугацаа маш их удааширна. Өмнө бол 2-3 мандат дээр санал дугуйлдаг байсан бол одоо нэг сонгогч 8-10 хүний нэр дугуйлах нь байна шүү дээ. Мэддэгээ л дугуйлах нь дийлэнх. Арван хүнээс есийг дугуйлаад өгөхөд л хуудас хүчингүй. Тиймээс залуу хүнд тойрог халгаатай. “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” болчихож мэдэх л юм. Тэгээд харах юм бол бас ч нэлээд эрсдэл дагуулсан, сорил агуулсан сонгууль болчих магадлалтай.

Хиймэл оюун ухаан сонгуулийн сурталчилгаанд орж ирэх гэж байна

-Та бол IT инженер, судлаач, АНУ, Тайвань гээд технологи өндөр хөгжсөн газруудаар их явсан хүн. Энэ сонгуульд хиймэл оюун ухаан гэж зүйл оролцох нь тодорхой болж байна. Сүүлийн хэдэн сонгуульд сошиал дайн өрнөдөг байсан. Нэгэнт сурталчилгааны 18 хоногт шинэ хүмүүс танигдаж амжихгүй учир сошиал дээр нэмээд хиймэл оюун ухаан ашиглаж өрсөлдөж мэдэх нь. Хиймэл оюун ухаан сонгуульд ямар эрсдэл дагуулж болох вэ, ямар давуу тал олгож болох бол?

- Хиймэл оюун ухаан манай хэрэглээнд гэнэт орж ирж байна. Үүнийг гадаад орнууд, түүн дотроо Ази, тэр хавийн бүс нутагт сүүлийн үед өрнөсөн сонгуулиудад хэрэглэчихлээ. Сайн тал нь гэвэл тухайн нэр дэвшигчийн штабаас “Бид бүсчилсэн том тойргийн нөхцөлд бүх тойргоо богино хугацаанд биечлэн тойрч амжихгүй учир сонгуулийн сурталчилгаандаа хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа юм шүү. Хүч хүрэхгүй нөхцөлд бид цаг хугацаа, орон зайг хэмнэх үүднээс сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хялбаршуулаад, яриа, таниулга сурталчилгаандаа албан ёсоор хиймэл оюун ухаан ашиглаж байгаа шүү. Үүндээ ийм шошго ашиглаж байна. Үүгээр сурталчилсан манай мөрийн хөтөлбөр бодит шүү. Үүнийг хүлээж авахдаа манай нэр дэвшигч танайд очиж байна гэж ойлгоорой. Бид баталгаажуулав” гээд албан ёсоор зарлах хэрэгтэй юм.

-Бие төлөөлөгчид нь түүнийг таниулаад явж болох нь байна?

-Тийм. Менежерийнх нь оронд хиймэл оюун ухаан ашиглаж болно гэсэн үг. Хувилсан менежер гэсэн үг л дээ. Олон улсад хэрэгжиж байгаа сайн жишээ гэвэл энэ.

-Муу нь гэвэл...

-Саар жишээ гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан болгоод, УИХ-ын дарга Г.Занданшатарыг дуулуулаад сошиалаар тараасан. Итгэсэн хүн ч бий, итгээгүй нь олонх. Ер нь хиймэл оюун ухааныг салбар бүрд ашиглах ёстой цаг ирээд байгаа. Дэлхий нийтэд техник, технологи хөгжөөд байхад монголчууд түүнээс зөрж явах учиргүй юм л даа. Сайн талаас нь хүлээж авч, зөв зүйлд ашиглах ёстой юм. Тэгэхийн тулд сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. IT технологийн хэрэглээг улам иргэншүүлж, хэрэглэхэд энгийн, амар, хялбар, хэн ч хэрэглэж чадахаар болгох хэрэгтэй.

Муу талаасаа гэвэл олны танил тухайн хүний дуу хоолойн бичлэгийг ашиглаад, хэлсэн үгүүдэд комбинац хийгээд, хоолойн дикцэд нь тохируулаад ямар ч текстийг түүгээр яриулаад сонгогчдыг хуурчихаж болно.

-Нэг намын хүнийх нь  хоолойгоор нэг тойрогт нэр дэвшсэн журмын нөхрийг нь муулуулсан маягаар яриулдаг ч юм уу...

-Тийм боломж бий. Тэр бүү хэл, жаахан доголж явдаг хүн байлаа гэхэд олон хүнийг харьцуулаад яг тэгж явдаг хүний дүрс ашиглаж зохиомжилдог арга ч гарч байсан. Өмнө нь манайд ашиглаж байгаагүй учраас яг ирэх сонгуулийн үеэр л сайн, муу жишээ бүгд гарч ирнэ. Азийн орнуудад сүүлд болсон сонгуулиуд дээр эерэг, сөрөг жишээ олон гарсан л даа. Гүтгэсэн, дайрсан жишээ ч нэлээд харагдсан.

-Нэг аюул нь сүүлийн үед манайхан аливааг эргэцүүлэх нь багасаад, дийлэнхдээ үнэн, худлыг шүүлгүй шууд хүлээж авдаг боллоо л доо. Үүнээс яаж сэргийлэх вэ?

-Тэглээ, харсан, сонссоноо шууд хүлээж авдаг хэсэг бий болчихлоо. Энэ бас аюул шүү.

-Олон дагагчтай нөлөөлөгчид сонгуульд хэр нөлөөлөх бол?

-Хуулиараа би нэг нөлөөлөгчтэй хамтарч ажиллах боллоо гэхэд тэр хүнийхээ нэр, сошиал хаягийг тухайн тойрог, хэсгийнхээ хороонд бүртгүүлнэ. Нөгөө талаасаа бид тэр инфлүнсэр,нөлөөлөгчдөд нэг үе маш их итгэж явлаа шүү дээ. Гэтэл нөгөөдүүлийн зарим нь сонгуульд сайхан хамтарч явчихаад, сонгууль өнгөрсөн хойно, дараагийн сонгууль эхлэхийн өмнө би тэр нэр дэвшигчээс тэдэн төгрөг авч ялахад нь нөлөөлсөн гэж эрээ цээргүй гаргаж тавьдаг ч болсон. Одоо энэ бүсчилсэн сонгуулийн хувьд сумаар ярихад танай гудамжинд амьдардаг, бас ч 200 өрх дотроо нөлөө бүхий нэг нөхөр бодитоор нөлөөлөх боломж гарах гээд байгаа юм. Тэрнээс биш нөгөө өмнөх шиг олон дагагчтай нөхдийн нөлөө багассан. Манай сонгогчид энэ талаар хашир болсон. Харин бүс нутгийнхаа нөлөө бүхий нөхөрт итгэх итгэл бол байгаа л даа.

-Үр ач нараа командлаад “Тэрэнд, энэнд саналаа өг” гэдэг хөгшид бас байдаг шүү дээ, тэднийг хэлэх гэж байна уу?

-За бас тэд нар ч байж болно.

Залуус сонгуульд хойрго хандвал улсын хөгжил урагшлахгүйг сануулъя

-Залуучууд сонгуульд саналаа өгөхдөө маш хойрго болсон. Тэгснээ “Хэдэн хөгшин очоод санал өгөөд бидний ирээдүйг хулгайлсан” гээд шуугиад унадаг. Залуу сонгогчдодоо залуу хүний хувьд ямар үг хэлэх вэ?

-Энэ удаагийн сонгуульд залуус маань маш идэвхтэй саналаа өгнө.

-Итгэлтэй байна уу, яагаад?

-Итгэлтэй байна. Залуучууд олноороо нэр дэвшихэд залуу сонгогчид идэвхжиж саналаа өгнө. Тэдэндээ уриалаад хэлэхэд Монгол Улс чинь залуусын орон шүү дээ. Сонгууль өгөх насны 500-600 мянган залуу байна. Сонгогчдын 30 орчим хувь гэсэн үг. Өмнөх сонгуулиуд дээр ахмадууд маань төрөө шинэчилж бүрдүүлэхийн төлөө чамгүй зүтгэл гаргаж саналаа идэвхтэй өгч ирсэн. Энэ сонгуульд ч тэд  манлайлж оролцох нь мэдээж. Залуус маань тэднээсээ дутуугүй идэвх, санаачилгатай оролцож ирээдүйгээ тодорхойлох учиртай.

-Бусад оронд залуу сон­гогч­дын оролцоо хэр байдаг юм бол. Судалж үзэв үү?

-Олон улсад  хийгдсэн судалгаануудаас харахад 1970-аад оноос хойш дэлхийн бараг бүх ардчилсан орнуудад сонгуулийн ирц буурч байгаа ерөнхий дүр зураг ажиглагдагддаг юм билээ. 2019 оны байдлаар “Freedom House” байгууллагаас ардчилсан гэж үнэлэгдэж байгаа улс орнуудад хамгийн сүүлд зохион байгуулсан сонгуулийн ирцийг 1970-аад онд хийсэн сонгуулийн ирцтэй харьцуулж үзэхэд ихэнхийнх нь ирц буурсан байдаг юм байна. Монгол Улсын хувьд 1992 оны анхны ардчилсан сонгуулийн ирц нь 98 хувьтай байсан бол 2020 онд 73 хувь болж 25 хувиар буурсан байх жишээтэй.

Ер нь шинэ үеийн залуус санал өгөх нь тааруу байдаг учраас дэлхий нийтээрээ сонгуулийн ирц буурч ирсэн гэсэн судалгаа байдаг. Нийт 59 улсын иргэдийг оролцуулсан судалгаагаар 18-25 насны залуучуудын 43 хувь нь сонгуульд байнга санал өгдөг байхад бусад насны хүмүүсийн 63 хувь нь, 50-иас дээш насны хүмүүсийн 70-аас илүү хувь нь саналаа байнга өгдөг юм билээ. Бүс нутгаар нь авч үзвэл Европын холбооны улсуудад 2015 онд хийсэн судалгаагаар 18-24 насны залуучуудын 60 гаруй хувь нь хамгийн сүүлд болсон сонгуульд оролцоогүй гэсэн байна лээ. Африкийн орнуудын хүн амын 65 хувийг 35 хүртэлх насны залуучууд бүрдүүлдэг байхад тэдний 55 хувь нь сүүлд болсон сонгуульд оролцсон байх жишээтэй. Азийн орнуудын залуучуудын сонгуулийн ирц бусад насныхнаас ойролцоогоор 15-30 хувиар бага байдаг тухай НҮБ-ын судалгаа байдгийг харж байсан санагдаж байна. Латин Америкийн улсуудын хувьд ч  ялгаагүй 30-аас доош насны залуучуудын ирц хамгийн бага байдаг юм билээ. АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 18-29 насны залуучуудын 52-55 хувь л санал өгсөн байсан. Харин БНСУ-д 19-29 насны залуучууд сонгуульд ахмад насны сонгогчдоосоо илүү идэвхтэй оролцдог юм билээ.

-Залуучууд нийтдээ улс төр сонирхохоо больсны илрэл гэж хэлж болох уу?

-“Global Barometer Surveys”, бас “World Values Survey” судалгаанд оролцсон дэлхийн 121 улсын 30 хүртэлх насны залуучуудаас асууж л дээ.  “Та улс төрийг сонирхдог уу?” гэхэд 42 хувь орчим нь сонирхдог, 58 хувь нь сонирхдоггүй гэсэн байсан. Мьянмар залуучуудын 81 хувь нь улс төр сонирхдог байхад Румыны залуучуудын ердөө 18 хувь нь л сонирхдог гэжээ. Манай Монголын залуучуудын 40 хувь нь ямар нэг байдлаар улс төр сонирхдог гэж хариулсан байсан. Дэлхийн дунджаас үл ялиг бага байна гэсэн үг л дээ.

-Манай залуус өмнөхөө давтахгүйн төлөө яах учиртай билээ?

-Хэрэв энэ удаагийн сонгуульд залуус мөн л хашин хойрго хандвал Монголын ирээдүй өнөөдрийнхөөсөө нэг их дээшлэлгүй дараагийн дөрвөн жилийг өнгөрөөнө шүү. АН-ын жирийн залуу гишүүний хувьд хэлэхэд  Монголын улс төрд мэдлэгтэй, боловсролтой залуу үе маш их хэрэгтэй байна. Энэ сонгуулийг алдвал дахиад дөрвөн жил гэдэг маш хол хугацаа. Дэлхийн улс орнууд асар түргэн хөгжиж байна. Бид хуучнаараа суугаад хоцорч таарахгүй.

Энэ удаа залуу үедээ итгэсэн, түшсэн, дэмжсэн, мөнгө тараах бус ирээдүйд чиглэсэн зөв бодлого дэвшүүлж тараасан сонгууль болох учиртай. Аль нэг намыг гэхээсээ залуу үеэ дэмжиж, Монгол Улсаа хамтдаа шинэчилж хөгжүүлэхийн төлөө сонгууль байгаасай л гэж хүсэж байна. Залуус ч хариуцлагаа үүрч сурцгаая, бүтэн зорилго тэмүүлэлтэй байцгаая гэж хэлэх байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top