Бүртгэлгүй захиргааны актыг дагаж мөрдүүлэх замаар хүний эрхийг зөрчсөөр байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр /2024.05.09/ “Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрх” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасан бөгөөд тус хуулийн Зургаадугаар бүлэгт /59-72 дугаар зүйл/ Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, төсөл бэлтгэх, санал авах, баталж хүргүүлэх, бүртгэх, хүчин төгөлдөр болох, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх асуудлыг нарийвчлан зохицуулсан тухай мэдээллийг Комиссын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц өглөө.

Тэрбээр үргэлжлүүлэн “Өнөөдрийн байдлаар 437 хуулиас 315 хуулиар Захиргааны хэм хэмжээ акт батлах эрх олгосон 2403 заалт байна. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар 2480 ЗХХА бүртгэлтэй, 850 бүртгэлгүй журам байна” гэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу Комисс нь “хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах” чиг үүргийн хүрээнд 2021-2023 оны хугацаанд Захиргааны хэм хэмжээний актын  23 төсөлд хүний эрхийн асуудлаар 150 гаруй санал өгч ажилласан байна.

Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэн боловсруулж буй байгууллага, албан тушаалтан болон нөлөөллийн шинжилгээ хийх хүний нөөц, албан хаагчдын мэдлэг ур чадвар учир дутагдалтай байна. Зарим тохиолдолд нарийн мэргэжлийн шинжээч, судлаачдын түвшний мэдлэг, судалгаагаар тодорхойлогдох шаардлага гардаг. Тиймээс хэм хэмжээний акт, нөлөөллийн шинжилгээг бэлтгэх албан хаагчдыг чадавхжуулах шаардлагатай байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэж заасан хэдий боловч захиргааны хэм хэмжээний акт нь хүний эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй гардаг нь Комиссоос хийж буй судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын явцад илэрч, энэ талаар иргэдээс мөн гомдол, мэдээллийг ирүүлж байдаг. 

ХЭҮК-оос ЗХХА / Захиргааны хэм хэмжээний акт/ нь хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж буй эсэхэд дүн шинжилгээ хийх ажлыг 2018 онд зохион байгуулж, нийтээр дагаж мөрдүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 20, Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан 66, Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан 4, нийт 90 актыг судалж, дүн шинжилгээ хийхэд зөвхөн нэг захиргааны хэм хэмжээний акт бүртгүүлсэн байсныг Комиссоос Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт хангагдахгүй байна гэж үзэж НИТХ-д Комиссын зөвлөмжийг хүргүүлж ажилласан.

Холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй, нийслэл хотод тулгамдаж буй асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний Тэргүүлэгчдийн тогтоолоор нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй байгаагаас эдгээр захиргааны хэм хэмжээний акттай холбоотой иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй, тэдэнд чирэгдэлтэй, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн нь дүн шинжилгээний явцад тогтоогдсон.

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, бүртгүүлэх ажлыг шуурхай шийдэж, шийдвэрлүүлэхээр ХЭҮК-ын Зөвлөмж хүргүүлсэн.

Зөвлөмжийн хэрэгжилтийг дурдвал:

  • Захиргааны хэм хэмжээний актад эшлэл хийгдсэн хуулиуд нь хүчингүй болсон тул холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох шаардлагатай. УИХ-аас шинээр баталсан, шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн НИТХ болон түүний Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан захиргааны хэм хэмжээний актыг шинэчлэн боловсруулж батлуулах зөвлөмж өгсөн.
  • НИТХ-ын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам” болон НИТХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/47 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто машин ашигласны төлбөр авах журам”-д эшлэл хийгдсэн 1998 оны Авто замын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулж баталсан тул эдгээр захиргааны хэм хэмжээний актыг шинэчлэн боловсруулж, бүртгүүлэх.  
  • НИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолоор баталсан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “цахим төлбөрийн карт” олгох журам”-д эшлэл хийгдсэн захиргааны хэм хэмжээний актад заасан УИХ-аас 2005 онд тус тус баталсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиуд хүчингүй болсон тул 2017 онд баталсан Ахмад настны тухай, 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тус тус нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг боловсруулж, бүртгүүлэх зэрэг зөвлөмжийг өгсөн.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргаж буй бүх захиргааны байгууллага тус хуулиар тогтоосон материаллаг болон процессын шаардлагыг биелүүлсэн байх үүрэг хүлээсэн бөгөөд 61-67 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх, төсөлд санал авах, баталж хүргүүлэх, хянан бүртгэх, хүчин төгөлдөр болох тухай нарийвчлан зохицуулсан.

Энэ хүрээнд холбогдох журмуудыг шинэчлэн баталж мөрдүүлсэн НИТХ, Нийслэлийн Засаг даргаас холбогдох арга хэмжээг авч 2020 оноос хойших хугацаанд НИТХ-ын 33 тогтоол, Нийслэлийн Засаг даргын 8 захирамжийг бүртгүүлсэн нь сайшаалтай байна.

Тиймээс Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэн боловсруулж буй байгууллага, албан тушаалтан болон нөлөөллийн шинжилгээ хийх хүний нөөц, албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, шаталсан арга хэмжээ авах шаардлагатай байна.

Тухайлбал,

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын  гишүүний шаардлага, 2022.01.06 03/01

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам нь хүнийг хүйсээр ялгаварласан, жендэрийн ялгаварлан гадуурхалт бий болгосон шийдвэр байсан тул хүчингүй болгох шаардлагыг өгч нутгийн өөрөө удирдах байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцод нийцүүлэх, тухайн шийдвэрийн үр дагавар, сөрөг нөлөөллийг тооцдог байхыг анхааруулж, төрийн албан хаагчдын хүний эрхийн болон жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх сургалтыг үе шаттай зохион байгуулахыг даалгасан.

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын  гишүүний шаардлага 2021.09.28 5/32

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Коронавируст халдвар (Covid-19)-ын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журмаар тогтоосон тусгаарлан ажиглах арга хэмжээ нь хүний эрхэд хязгаарлалт тогтоож байгаа хэлбэр мөн учраас төрийн байгууллага, албан тушаалтан уг арга хэмжээг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хэрэгжүүлэх, Коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагааг зохицуулж буй нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан журам, дүрэм, зааврыг нэн даруй захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хуулийн хэрэгжилтийг хангах, гомдол гаргагч иргэний хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авахыг даалгасан.

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын  гишүүний зөвлөмж 2023.10.12 05/54

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарын хамтарсан 2008 оны 140, 3/720, 38, 466 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”

“Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн холбогдох зүйлд заасан зохицуулалт нь Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалт, үйлчилгээг зохицуулсан бөгөөд журмын 3.18-д заасан иргэдийн хувцаслалтын талаар нарийвчлан журамласан нь хуулийн зорилгод шууд нийцэхгүй, УИХ-ын 2022 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “УИХ-ын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд төрийн ордонд нэвтрэх иргэдэд энгийн хувцаслалтыг зөвшөөрсөн” тогтоолын заалттай зөрчилтэй байна.

Тус журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэж тайлбарласан боловч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3-2/53 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллээр захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top