УИХ-ын тусгаар тогтнолыг тунхаглая

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

УИХ-ын гишүүд хэзээний л халдашгүй бүрэн эрхтэй байдаг. Үндсэн хуулиар ингэж тунхагласан болохоор арга ч үгүй. "Амьдралд садаа мундахгүй" хэмээн эгэл жирийн иргэд сэтгэлээ чилээж байхад УИХ-ын гишүүд "Алдсан ч шийтгэл байхгүй" хэмээн ихэрхэх хэмжээний эрх чөлөөтэй.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байх үед эрх чөлөө, шударга ёсны тухай хичээлд "Хүн болгонд эрх гэж байхын зэрэгцээ үүрэг гэж бий" гэсэн үгийг онцгойлон тодотгодог байсныг санаж байна. Харин амьдрал дээр тэрхүү онолын тайлбар хийгээд эрх мэдэлтнүүдийн хооронд төө илүү битгий хэл, түүнээс ч илүү зай байх аж. Энэ нь "Би УИХ-ын гишүүн болчихвол худалч, хулгайч байх нь хамаагүй. Гагцхүү Монголын шилдэг иргэн болно" гэсэн итгэл үнэмшлээс улбаатай. Өмссөн, зүүснээрээ олны анхаарлыг татаж, наадмын дэнж дээр хурдан морь, үнэтэй хөөргөөрөө уралдаж, төрийн мөнгөөр өөрийгөө сурталчилж "Хаан энд байна" хэмээх тэдний өнгөрсөн хугацааны түүхийг сөхөцгөөе. Нэг ёсны гайхамшигт эрх чөлөөний тусгаар тогтнолын түүхээс уншигч танд хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа төрийн мөнгийг хувьдаа завшсан гэх асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгасан. Удаа дараа УИХ-д бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэвч УИХ хүлээж аваагүй. Их удалгүй тэрбээр Ардчилсан намд элсч, Авлигатай тэмцэх газраас өөрийгөө аварсан тухай мэдээлэл хэвлэлээр олонтаа гарч байсан. Гэхдээ нам нь тусалсан уу, үнэхээр мөнгө төгрөг идэж уугаагүй юу гэдэгт өнөөдрийг хүртэл эцсийн хариулт гарч ирээгүй л байгаа.
Л.Гүндалай гишүүний хувьд "Намайг гүтгэсэн нь тогтоогдсон" хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж байсан. Харин Авлигатай тэмцэх газрынхан арай өөр зүйл ярьж байсан. Ямартай ч тэрбээр 2008 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн цэцэд хандан "Улс төрийн албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэрүүдээс болж аж ахуйн нэгж, байгууллага, хэн нэгэн иргэний эрх ашиг сонирхолд их хэмжээний хохирол учирсан мэтээр тухайн албан тушаалтныг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт улс төрийн зорилгоор, захиалгаар хууль хяналтын байгууллагад хэн дуртай нь гомдол гаргахад л Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд холбогдуулж болохоор байна. Энэ зүйл улс төрийн удирдах албан тушаалтны улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлж, цаашид Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхэд харшилж  байна" хэмээн өргөдөл гаргаж байж. Мөн "Намайг хэрэг хийгээгүйг минь нотолж, хэрэгсэхгүй болгосон" хэмээн мэдээлж байсан ч нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ё.Сагсай "Энэ мэдээлэл үндэслэлгүй, ташаа мэдээлэл. Одоогийн байдлаар түр түдгэлзүүлсэн байгаа" гэдэг хариуг өгч байв. Асуудал ингээд л унтрах тийшээгээ ханджээ.
Үүнтэй адил бас нэг жишээний эзэн бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ. Түүнийг улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын сангийн мөнгийг хувьдаа завшсан гэдэг үндэслэлээр шалгасан. Авлигатай тэмцэх газар ч тэр үедээ нэлээн чанга дуугарч байсан. Гэвч бүх зүйл адилхан төгсөх ёстой гэсэн УИХ-ын дотоод дүрэм энд дахин үйлчилсэн.  С.Эрдэнэ гишүүнтэй холбоотой эцсийн шийд гээд байх зүйл та бидэнд дуулдаагүйн зэрэгцээ тэрбээр өнөөдөр Монголын хамгийн шударга УИХ-ын гишүүний нэгээр тодорчихсон яваа.

Магадгүй ийм гишүүнийг эрх чөлөөтэй үлдээсэн хууль, хяналтын байгууллагынханд ч тусгайлан талархал илэрхийлэх хэрэгтэй байж болох. Учир нь, тэр л өнөөдөр хамтарсан Засгийн газрыг шүүмжилж байна шүү дээ.

Дараагийн сонгодог дүр бол УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх. Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга болон сэтгүүлч А.Баатархуяг нарыг "Л.Гансүх гишүүн сая ам.долларын байртай болжээ" гэсэн мэдээлэл гаргасны төлөө бөөн асуудал дэгдээчихсэн эрхэм. Үнэхээр ч байхгүй байшинг нь байлгаад 150 сая төгрөгөөр авсан хоёр давхар хаусынх нь үнийг хэтрүүлж зарласан бол энд дээрх сэтгүүлчидтэй хариуцлага тооцохгүй орхиж болохгүй. Гэтэл мөнөөх сайдын маань хаусны үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээнээс харьцангуй бага байгаад байгаа гэх. Үүнийг А.Баатархуяг хэвлэлд олонтаа ярьсан. Тэгвэл Улсын мөрдөн байцаах газраас асуудлыг "Баримтыг дахин нягтлах хэрэгтэй" хэмээгээд буцаасан дуулдсан. Нэг ёсны сэтгүүлчдийн мэдээлсэн баримтыг дахин шалгана гэсэн үг. Иймээс ч Г.Уянга, А.Баатархуяг нар Л.Гансүх сайдыг Авлигатай тэмцэх газарт өгч, төрийн сайдын жилийн орлогыг, жилийнх нь зарлагатай тэнцүүлж үзэх сураг дуулдаж байсан. Гэсэн ч эцсийн шийд нь бас л товч тодорхой бус, Л.Гансүх сайдын л шоугаар дуусах байлгүй дээ.

Ингэж Л.Гансүх сайдын дэгдээсэн маргааны төгсгөлийг ерөнхий дүр зургийн хүрээнд тааварлаж суух зуур Ш.Сайхансамбуу гишүүний асаасан гал сонирхолтой хэлбэрээр унтрах нь тэр. Учир нь галыг ус цацах, шатаж дуусахыг нь хүлээх, гал команд дуудах гэх мэтээр унтрааж болно.
Гэтэл Ш.Сайхансамбуу гишүүн "УИХ-д надаас авлига авч байсан хүмүүс ч тохой залгаад сууж л байна" гэж хэлчихээд Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөх үүрэгтэй болсон. Янз нь Авлигатай тэмцэх газраас "Авлига өгсөн гишүүдээ нэрлэ. Нэрлэхгүй бол өөрийн тань буруутай гэдгийг нотолно" гэх мэтээр дарамталж. Гэвч тэдэндээ л дарамт санагдсанаас бус, Ш.Сайхансамбуу гишүүнд ёстой асуудал биш санагдсан бололтой юм билээ. Тэр ч бүү хэл, нэгэн ярилцлагадаа "Монголд мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй юм" гэж ирээд л бүр ч томхон дуугарчихсан сураг дуулдсан. Иймээс ч олон нийтэд "Шалгуулж байсан гишүүн нь ингэж хэлээд сууж байхыг бодоход нээрээ л үнэн байх нь" гэсэн бодол төрж байсан. Авлигатай тэмцэх газар ч их удалгүй Ш.Сайхансамбуу гишүүнд холбогдуулсан шалгаж байсан хэргээ хэрэгсэхгүй болгох нь тэр. Болох ёстой зүйл болдгоороо болж буй нь энэ. Энэ тохиолдолд юу яасан нөгөө Ш.Сайхансамбуу гишүүнээс авлига авч байсан гишүүд нь айж ичих вэ. Ийм тодорхой хариулттай инээдмийн жүжгийг холоос харж, элгээ хөштөл инээж, ичих булчирхайгүй өөртөө талархахаас ч яах билээ. Гишүүд ийн аархаж байх хооронд "Гал үндэстэн" хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг Авлигатай тэмцэх газарт өгөхөө мэдэгдсэн. Гэтэл тэр бүхнийг нь Ч.Хүрэлбаатар сайд авч хэлэлцэж байгаа юм алга. Харин ч хэвлэлд уухайн тас гэгч нь ярилцлага өгч "Энэ бол захиалга байгаа юм. Би тэр захиалаад байгаа хүнийг нь мэдэж байна. Тэр хүнийг ажлаас нь халахдаа хална аа. Өргөдөл өгүүлэхдээ өгүүлнэ ээ" хэмээн томров. Асуудал ч их удалгүй жам ёсоор намдаж, Ч.Хүрэлбаатар даргыг шалгуулахаар ирүүлсэн өргөдлийн чимээ алсарч, Авлигатай тэмцэх газрынхан ч чанга дуугарсангүй. Харин өнөөдрийн тухайд УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллах хугацаандаа 10 гаруй тэрбум төгрөг хувьдаа завшиж, олон компани болон хувь хүний бизнесийг өндөр үнээр шахсан юм байх. Гэхдээ энэ бол дам яриа. Хэвлэлд албан ёсоор өгсөн мэдээлэл гэж алга.
Албан ёсны мэдээлэл өгөхгүй "Шалгаж байгаа" гэсэн тайлбар тавиад байхаараа л хэрэг бишдээд, гэмгүй хүнийг гэмтэй мэт шалгаж, цаг хугацаа алдсан болоод байдаг болохоор өнөөдөртөө итгэхэд бэрх юмаа. Ядаж л Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокурорын ирүүлсэн гурвын гурван хүсэлтэд "Нотлох баримт байхгүй байхад бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхгүй" гэдгээс өөр хариулт өгдөггүй УИХ-тай байхад шүү дээ.
УИХ доторх тусгаар тогтнолыг тунхаглахад нэг иймэрхүү. Өчигдөр ч ийм байсан. Өнөөдөр ч ийм л байна. Маргааш ч өөрчлөгдөнө гэж үгүй. Гагцхүү албан ёсны тусгаар тогтнол гэгч л энэ бөлгөө. Тэр дундаа О.Чулуунбат гишүүний тухайд ч ёстой шалгуулж л байдаг, шалгаад л байдаг нэг жигтэй гаж тогтолцоо гэгч тогтчихоод байгаа юм даа.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top