Монгол Торонтогийн гол оролцогчдын нэг байх боломжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

Канадын Торонто хотноо жил бүр зохион байгуулагддаг Олон улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт гуравдугаар сарын эхээр зохион байгуулагдах гэж байна.

Канад улсын Хайгуулч, олборлогчдын холбоо буюу PDAC-гээс зохион байгуулдаг энэ уулзалт дэлхийн хэмжээний нэр хүндтэй чуулга уулзалт. Тухайн жилийнхээ уул уурхайн салбарын чиг хандлага, бодлогыг тодорхойлдог томоохон уулзалт гэж дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрдөг. 70 гаруй жил болж байгаа учраас энэ хэрийн нэр хүнд, далайцтай байх нь аргагүй л дээ.

Монголын хувьд 1997 оноос хойш албан ёсоор оролцож байгаа. Монгол улсын хувьд сонирхол татсан оролцогчдын нэг. Жилээс жилд уул уурхайн салбарт нэр нөлөө нь жин дарж байгаа улс. Нөөцийн боломж, одоо илэрсэн ордуудын ирээдүй зэргээрээ дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг яах аргагүй татаж буй улс. 1997 оны Ашигт малтмалын хуулийн шинэчлэлээр гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй, таатай бодлогыг тунхагласнаас хойш хөгжил нь илт эрчимжиж байгаа үе гэвэл сүүлийн хоёроос гурван жил. Гэнэтийн ашгийн татварын хууль нэг хэсэг хөрөнгө оруулагчдын хувьд эргэлзээ төрүүлж байсан ч энэ хуулийн үйлчлэл зогссон үеэс байдал харьцангуй дээрдсэн.

Өнөөдөр Монгол улс хөрөнгө оруулах боломжтой улс гэсэн үнэлгээг аваад байгаа. Хууль эрхзүйн орчны хувьд боломж гайгүй. Сүүлийн үеэс нэлээд яригдаж байгаа Ашигт малтмалын хуульд оруулах шинэчлэл, өөрчлөлт хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлөх хэмжээнд болохгүй, хамгийн гол нь нэг мөр гарч хүрч, хууль эрхзүйн орчноо тогтвортой болгох гэсэн зорилгоор хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа гэж албаныхан нотолж буй.

Хөрөнгө оруулагчдын голчилж анхаардаг нэг зүйл бол зах зээл. Манай улс Хятад гэсэн том зах зээлтэй хөршилдөг учраас дэлхийн хөрөнгө оруулагчид илүүтэй сонирхдог. Сүүлийн жилүүдэд эрс өсч байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ ч үүнтэй зарим утгаараа холбоотой.

Манай улсын хувьд анхаарал татах нэг гол асуудал бол дэд бүтэц. Хөрөнгө оруулъя гэвэл дэд бүтцэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө тусгах шаардлага бий. Гэхдээ энэ нэг их асуудал биш. Хөрөнгө оруулъя гэсэн сонирхолтой хүмүүсийн хувьд байх л ёстой давааны нэг.

Ингээд бодохоор Монгол улс Торонтогийн уулзалтын гол оролцогч гэдэг нь тодорхой. Тавантолгой, Оюутолгой зэрэг том төслүүдээс гадна ээлжээ хүлээж, хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа томоохон ордууд олон бий. Нийт газар нутгийнхаа 20 орчим хувийг л судалсан Монголын хувьд уул уурхайн салбар цаашид эрчимтэй хөгжих ирээдүй байгаа.

Монголыг дэлхийн уурхай сонирхож байгаагийн бас нэг илрэл нь COAL-2011 чуулга уулзалт билээ. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсч байгаа орны нэг гэдэг утгаараа энэ уулзалт дэлхийн хэвлэлийн анхаарлыг татсан.

Удахгүй Монгол, Хятадын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Бээжинд болох сураг сонсогдож байгаа. Энэ уулзалтад Хятадын уул уурхайн 100 гаруй аж ахуйн нэгж оролцох гэж буй нь хэр далайцтай болохыг нь гэрчилж байна. Хятад улсын "China mining" клуб, Монголын Уул уурхайн биржийн хамтран зохион байгуулах энэ чуулганаар уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдал, эдийн засаг, эрх зүйн орчин болон байгаль орчин, эрдэс баялгийн талаар мэдээлэл солилцож, БНХАУ-аас Монгол Улсад оруулах зохистой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар тус улсын өндөр бүтээмжид суурилсан ноу-хау, хөрөнгө оруулалтыг татах сонирхлыг бүрдүүлэх, улмаар цаашдын харилцан ашигтай үр дүнтэй харилцааны механизмыг бий болгоно гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа юм.

Манай улсын тухайд Ашигт малтмалын газраас төлөөлөл оролцох юм. Магадгүй энэ уулзалт Оюутолгой, Тавантолгойтой дүйцэхүйц ирээдүйн том ордуудын хөрөнгө оруулалтыг нээх чухал арга хэмжээ болох биз ээ.

Өмнөх уулзалтаар ЭБЭХЯ, Канадын Байгалийн нөөцийн департаментийн хооронд уурхай ашиглалтад оруулах, нөхөн сэргээлт хийх, хаах, эрдэс баялгийн нөөцийн ангиллын стандартууд, гео-шинжлэх ухааны салбарт харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурж байсан. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулагчид Монголын зүг хараагаа чиглүүлж, анхаарлаа хандуулах хангалттай шалтгаан байгаа. Өмнөх жилүүдийнхээс илүү их амжилт Торонтогийн энэ жилийн чуулга уулзалтаас гарна гэдэгт итгэлтэй байна.

Чуулга уулзалт болох Канадын Торонто хотын талаар сонирхуулъя. Торонто нь Канадын хамгийн том хот. Онторио мужийн нийслэл. Онторио нуурын баруун хойд эрэг дээр оршдог. 2,5 сая оршин суугчтай. Хойд Америкт хүн амынхаа тоогоор тав-дугаарт орох хот. Канадын нийслэлийн хувьд Торонто нь эдийн засгийн дэлхийн хот гэж тооцогддог. Дэлхийн хамгийн том санхүүгийн төвүүдийн нэг юм. Санхүү, бизнесийн үйлчилгээ, цахилгаан холбоо, агаар, сансар, тээвэр, мэдээллийн хэрэгсэл, урлаг, кино, телевиз, хэвлэл, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, спорт эдийн засгийнх нь тэргүүлэх салбар. Торонтогийн хөрөнгийн бирж нь дэлхийд долоод ордог томоохон бирж.

Юутай ч хэдхэн хоногийн дараа Торонтогийн уулзалт эхэлнэ. Бид дараагийн дугаартаа чуулга уулзалтын үр дүнгийн талаар тодорхой мэдээллийг хүргэх болно.

Т.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top