Ц.Шинэбаярын “Хамуг Монгол” эвсэл оффистой болов

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 02

 

Экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай хамтран МАХН-ын нэрийг буцааж авахын тулд байдаг чадлаараа зүтгэсэн тус намын  дэд дарга  Ц.Шинэбаяр нам нь нэрээ аваад долоо хоноогүй байхад үүрэгт ажлаа  хүлээлгэн өгөх болсон нь нэлээд олон хүнийг гайхшруулсан. Тус намын онц их хурлаар гишүүд 100 хувийн саналаар Ц.Шинэбаярыг дэд даргын суудалд нь хэвээр үлдээхийг баталсан ч тэр нь биелсэнгүй.  Тэрээр МАХН-аас өөрийнх араас зуузай холбон гарсан  Д.Өрнөхбаяр , Ю.Атар-Эрдэнэ, С.Молор-Эрдэнэ нартай хамтран “Хамуг Монгол ” хэмээх эвсэл байгуулжээ. Өнөөдөр тус эвсэл өөрийн гэсэн байртай болж, улс төрийн байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээ  сэтгүүлчдэд зарлалаа. “Хамуг монгол” эвсэл нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд “Монгол хэвлэл” компанийн байранд байрлах болсон байна. Тус эвслийнхэн  Тавантолгой бүлэг ордын баруун Цанхийг ашиглахад стратегийн хөрөнгө оруулагч ажиллуулах гэж байгаа нь үндсэндээ Тавантолгойн талыг гадны компаниудад өгч байгаа хэрэг хэмээн үзжээ. Мөн  Монгол Улсад цөмийн хаягдал булшлах тухай хэд хэдэн улс оролцсон асуудал, ашигт малтмалын лиценз гадны компаниудынх болж, авлигын индекс улам муудсаар байгаа зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.  “Хамуг Монгол” эвслийн тэргүүн Ц.Шинэбаяр одоогийн УИХ шиг хэн нэгний эсвэл цөөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалалгүй  ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа тунхагласан улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байх болно гэдгээ өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр  онцлон хэлж байсан юм.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top