Үер усны аюул болон ой хээрийн түймэр ихсэх хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Ус цаг уурын эрдэм шинжилгээний төвөөс энэ сарын дунд үе хуртэл хур бороо ихтэй, түүнээс цааш ирэх сар хүртэл бүх нутгаар халах төлөвтэй байгааг анхааруулав.

Хур бороо ихдэхэд үер усны аюул нэмэгддэг бол хэт халалтаас үүдэж ой хээрийн түймэр ихсэх хандлагатай байдаг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Богдхан ууланд хоёр түймэр асч Онцгой байдлын алба, Богд хан уулын захиргааны ажилчин, албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны аманд гурван га талбайг хамарсан ойн түймэр гарсныг мөн аврах, шуурхай албаны албан хаагчид унтраахаар ажиллаж байгаа бөгөөд туймэр тархсан ихэнх талбайг цурманд оруулаад байгаа аж.

Он гарсаар улсын хэмжээнд 40 гаруй ой хээрийн түймэр гарснаас Хэнтий, Төв, Дорнод, Булган аймагт дийлэнх нь бүртгэгджээ. Гадаа хуурайшилт ихсэх үед иргэд, аж ахуй нэгжүүд амралт зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байж, татсан тамхины ишээ унтраах, түлсэн галаа унтарсан эсэхийг сайтар   шалгахыг ОБЕГ-аас анхааруулж байна. Түүнчлэн энэ зун түр зуурын усархаг бороо ихтэй байгаагаас ихэнх нутгаар голын усны түвшин нэмэгдэж, үерлээд байгаа. Үер уснаас хэрхэн хамгаалах тухай сэрэмжлүүлгийг өгөх үүднээс ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Туяагаас тодруулга авсан юм.

-Улсын хэмжээнд үер усны байдал ямар байна вэ?

-Өнгөрөгч зургаа, долдугаар сард нийт нутгаар хур бороо ихэсч, ус ихтэй түр зуурын ширүүн бороо олон орсны улмаас том голуудын усны үерийн түвшин нэлээд нэмэгдсэн. Үерийн нөхцөл байдлаас шалтгаалаад орон нутгийн зам ихээр эвдэрч, зарим гүүр түр хугацаагаар ашиглах боломжгүй болоод байна. Цаашлаад Ус цаг уурын хүрээлэнгээс наймдугаар сарын эхээр буюу дөрөвнөөс баруун бүсийн аймгуудаар, 5-7-нд нийт нутгаар үе үе дуу цахилгаантай, усархаг, аадар бороо орох төлөвтэй байна гэсэн мэдээлэл ирүүлээд байна.

-ОБЕГ урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч явуулж байна вэ?

-Үер болох магадлалтай үед ОБЕГ ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, нүүлгэн шилжуүлэлт хийдэг. Энэ хүрээнд нийслэл, аймаг, дүүргүүдийн ОБХ-үүдээр эргүүл ажиллуулах, орон нутгуудаар сэрэмжлүүлэх мэдээ явуулах арга хэмжээ зохион байгуулаад байна.

Туул голын ус нэмэгдэж, тогтоол уснууд ихээр бий болоод байгаа ч иргэдийн хөл тасрахгүй байна. Тиймээс Туул голын ойр орчмын нутаг дэвсгэрүүдээр тогтмол эргүүл ажиллуулж, тэмдэг тэмдэглэгээ тавьсан. Гэтэл иргэд сэрэмжлүүлэх тэмдгүүдийг унагаах, эвдэх, цаашлаад авч явах асуудлууд маш их байна. Эргүүл наймдугаар сар дуустал үйл ажиллагаагаа явуулна. Хэрэв тушаал өгвөл есдүгээр сард ч ажиллана.Тээврийн хэрэгслэлийн жолооч нарын нөхцөл байдал хүндэрсэн гэсэн дуудлагууд их ирсэн.

-Иргэдийн зүгээс үерийн нөхцөлд ямар арга хэмжээ авах ёстой бол?

-Үер усны аюулаас ОБЕГ гэлтгүй иргэд ч гэсэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод шилжин, суурьшиж буй иргэдэд газар олдохгүй, эсвэл тухайн дүүргээс нь зааж өгсөн газар нь хотын төвөөсөө хол, сурч, ажиллахад хүндрэлтэй байдаг учир үерийн аман дээр буучихдаг. Гэхдээ ингэснээр иргэд өөрсдийгөө болоод эд хөрөнгөө аюулд учруулж байна гэсэн үг. Тиймээс үер буух магадлалтай газраас нүүж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Мөн голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэд ч гэсэн анхаарал сэрэмжтэй байж, хүүхэд багачуудаа хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулмаар байна. Он гарсаар усанд унаж амиа алдсан 62 тохиолдол гарч, үүний 20 нь бага насны хүүхэд байсан.

-Хөдөө орон нутагт үерээс хамгаалах, сэргийлэх үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ?

-Наймдугаар сард дуу цахилгаантай бороо их орох төлөвтэй байгааг дурдсан. Бороо орох үеэр хүчтэй салхи, шуурга болдог учир иргэд гэр орноо муу даруулснаас, эсвэл орхиж явснаас болж гэр нь нурах, салхинд хийсэх тохиолдлууд их гардаг. Үүнээс сэргийлж иргэдэд санамж зөвлөмжүүдийг хүргэнэ. Хөдөө орон нутгаар ч зохих газруудад эргүүл явуулж, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулж байгаа. Мөн хот хоорондын тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслэлийн байгууллагууд болон жолооч нарыг хамраад үйл ажиллагаа явуулж байна.

-Үерээс шалтгаалж зам тээврийн осол их гардаг уу?

-Үерийн уснаас болоод иргэд зам тээврийн осолд орж, автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан, бэртэл гэмтэл авсан дуудлагууд ирдэг. Онцгой байдлын албаны албан хаагчид тусгай багаж, тоног төхөөрөмжтэй дуудлага бүрт очиж, аврах үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top