“Бишрэлт трейд” компанийн захирал Б.Ундармаа: Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд амьдралдаа бага алдаа гаргадаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

-“Бишрэлт” гэдэг том айлын эзэгтэйн нэг өдөр ажил ихтэй байдаг байх. Таньтай уулзах гэж нэлээн хүлээлээ?
-Өнөөдрийн зах зээлийн нийгэмд хүн бүрийн өдөр тутмын амьдрал ачаалал ихтэй байгаа. Миний хувьд хот, орон нутгийн болон эмэгтэйчүүдийн байгууллага зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагад сонгуульт ажилтай учраас өдөр өдрийн ажлаа ихэвчлэн урьдчилаад төлөвлөсөн байдаг. Гэхдээ долоо хоногийн эхний болон сүүлийн өдрүүдэд ажил нэлээд шахуу байхаас гадна гэнэтийн шийдвэрлэх асуудлууд их орж ирдэг. Гадаа урин дулаан цаг ирж, өдөр уртассан энэ үед болж өгвөл аль болох л их ажил амжуулахыг хичээж явна даа.
-Таны эцэг гавьяат эдийн засагч Батбаяр. Айлын ууган охины бага нас үүрэг дүүрэн байсан байх?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Айлын том охин. Аав, ээж хоёр маань банк санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Дүү маань эмч. Миний бага нас тэр үеийн хүүхдүүдийн л адил өнгөрсөн. Цэцэрлэг, сургууль гээд. Аав, ээж хоёр маань ажил ихтэй учир эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. 10 дугаар ангиа 24 дүгээр сургуулийг төгссөн. Багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан юм шиг байгаа юм. Бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга, эвлэлийн үүрийн дарга гээд сонгуульт ажлуудыг хийнэ. Шинэ жилээр цасан охин, шинэ он болно, бас жил бүрийн урлагийн үзлэгт маш идэвхтэй бэлдэнээ. Ер нь сургуулиас зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд их идэвхтэй оролцоно шүү.
-10 жилийн сурагч ахуйн хамгийн дурсгалтай мөч гэвэл…?
-10-р ангиа онц төгсч, тэр хаврын сүүлчийн мөнгөн хонхыг цохиж байсан маань миний амьдралын хамгийн дурсгалтай үе юм даа.
-Тэгээд  тэр үеийн онц сурлагатны жишгээр ЗСБНХУ руу эрдмийг сурахаар одсон уу?
-Москвад тэр үеийн Удирдлагын дээд сургуульд инженер, эдийн засагч, удирдлага зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Манай сургуульд Герман, Чех, Польш, Унгар гээд олон орны хүүхдүүд суралцдаг байлаа. Тэдний дунд  Монголын хэдэн  оюутнууд сайн суралцаж, эх орныхоо нэрийг гаргаж байлаа. Одоо манай сургууль ОХУ-ын удирдлагын академи болсон байна лээ.
-Эмээ, өвөөгийн хүүхэд их хэрсүү байдаг?
-Тийм л дээ. Аав маань “Айлын том хүүхэд ямар байхаас л дүү нар нь хамаардаг юм. Тийм учраас чи ямар байна. Дүү нар чинь тийм байна. Бусад ах дүү нарын хүүхдүүд ч гэсэн адил. “ чи сайн байх ёстой шүү” гэж захидаг байсан. Эмээ, өвөөгийн хувьд гэвэл бага байхад харж, өсгөж өгч ээж, аавд маань ажил хөдөлмөрөө эрхлэхэд тус болж байсан. Харин цэцэрлэг сургуульд ороод дүүтэйгээ хамт өглөө гараад л орой орж ирдэг. Айлын том хүүхэд юм чинь мэдээж гэр орноо цэвэрлэх, хоол ундаа хийх, хичээл сургуульдаа амжилттай суралцах гээд хариуцлага хүлээлгүй яахав. Тухайн үед манай 24 дүгээр сургуулийн багш нар их мундаг байсан.  Дашдаваа, Рэгзэдмаа, Маналжав гээд багш нар маань хариуцлага үүрүүлж олимпиодод оруулдаг байсан. Тэдний хүчинд сургууль, дүүрэг, улсын олимпиодод амжилттай оролцдог байсан.
-Дүү Болормаа чинь?
-Дүү маань Хуучнаар Ленинград хотын Анагаахын дээд сургуулийг төгсөөд Монголдоо ирж  Анагаахын дээд сургуульд  багшийн ажлаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
-Хойно оюутан байхдаа нөхөртэйгээ танилцсан гэл үү?
-Бид хоёр оюутан байхдаа танилцаад төгсч ирээд гэр бүл болсон. Бид хоёр Эрхүүгийн хэлний бэлтгэлд хамт сурч байлаа. Манай нөхөр хуульч, эдийн засагч  мэргэжилтэй. Манай хүн Эрхүүд, би Москвад сурч байсан болохоор таван жил үерхэж байгаад Монголдоо ирээд гэрлэсэн. Тэгээд ч тэр үед хойшоо сургуульд явахад нэлээд семинардаж явуулдаг байлаа. Улсын зардлаар өч төчнөөн хөрөнгө мөнгөөр сурч байж, сургуулиа төгсөөгүй байж гэр бүл болж болохгүй, жирэмсэн болж болохгүй гэж хатуу зааварчилгаа өгдөг байсан. Тэр ч нөлөөлсөн юм уу, бид хоёр 5 жил үерхээд, төгсөж ирсэн хойноо хуримаа хийн, нэг гэрт орж, хүүтэй болсон доо.
-Нөхрийнхөө юунд нь анх татагдсан бэ?
-Хүний их нандин нууц руу халдаж байх чинь(инээв). Бодоод байсан чинь надаас хүмүүс ингэж асууж байгаагүй юм байна. Залуу байлаа, мэдээж таалагдаад л үерхсэн. Ханийн маань тууштай, намайг гэсэн чин сэтгэл нь таалагддаг байсан.
-Их дипломат хариулт байх чинь? Эрчүүд эхэлдэг ч эцсийн сонголтыг хүүхнүүд л хийдэг гэдэг байх аа? Таныг их гоё өндөр цагаан охин байсан, залуучууд ч их хуйлардаг байсан гэж сонсч байсан юм байна?
-Тухайн үед арван жилдээ ч оюутан ахуйдаа захиа энэ тэр авдаг л байсан. Гэхдээ тэр захиа нь надад их төвөгтэй санагддаг байсан. Яагаад гэвэл ангийн хүүхдүүд шоолно. Их түвэгтэй. Ээж маань надад эмэгтэй хүний амьдралын үүрэг хариуцлага, зовлон жаргалын талаар илэн далангүй ярьж хэлж ойлгуулдаг байсан. Биеийн чинь юм ингэж ирнэ, ийм үед жирэмсэн болно, жирэмсэн болчихвол сургууль соёлд сурч чадахгүй. Үерхсэн ч гэсэн ийм түвшинд ингэж үерхвэл зүгээр юм биш үү гэж санал солилцоно. Эцэг эхийн хараа хяналтаас хол гадаад руу охиноо явж байхад эндчих вий, хичээл номноосоо хөндийрөх вий гээд санаа зовон охидын эмч дээр хүртэл аваачиж үзүүлж, зөвлөгөө өгүүлсэн юмдаг. Бид нарыг гадаад явахад улс эх орон маань их анхаарал тавьж хувцсыг маань хүртэл бэлдэж өгч байсан. УИД-ийг нэг өдөр хааж байгаад шинээр гадаад явж буй оюутнууд үйлчлүүлж байлаа. Энэ бүх итгэл хариуцлагыг алдахгүй сайн сурахыг л хичээж ирсэн дээ.
-Бас степендтэй?
-Онц сурвал 90 рубль. Сайн сурвал 84 рублийн степендтэй. Бид 84, 90 хоёрын хооронд л хөвөөд байдаг байлаа.
-Нөхрөө дагуулаад анх ороод ирэхэд аав, ээж тань ямар дүн тавьж байсан бэ?
-Манай хүн чинь олон талаараа сүрхий. Хичээл номондоо сайн, урлаг, спортын авьяастай. Бид нарын үеийнхэн их даруухан байлаа. Эрэгтэйчүүд нь л үерхье гэхээс эмэгтэйчүүд нь тэгж явахгүй. Нэг тийм хүлээлтийн байдалтай л байсан гэх үү дээ. Ойлголт бол нэг тиймэрхүү л байсан. Охид эрэгтэй хүүхдэд захиа өгснийг би лав ховор л сонсож байсан. Аав, ээжтэйгээ анх танилцуулахад даруухан, нүдэнд дулаахан хүү байна гэсэн дээ.
-Эмэгтэй хүн гэр бүлийн бүх менежментийг хийдэг. Та мэдээж чадварлаг “менежер” байх?
-Мэдээж эмэгтэй хүн юм чинь гэрийнхээ бүхий л ажилд оролцож, зохицуулахыг хичээдэг. Бидний үед угаалгын машин, памперс байсан биш. Гэхдээ манай гэр бүлийн хүн сайн тусланаа. Энэ эмэгтэй хүний ажил гэж ерөөсөө хандахгүй. Тоос сорогч аваад тоосоо соруулчих, хувцасаа угааж, индүүдэх гэх мэтээр гэрийн ажилд ер нь түүртэхгүй. Одоо бол би оройтож харьдаг. Гэхдээ алдаагаа мэдээд өглөө эртхэн босоод өглөөний цайгаа бэлтгэн гэр бүлээрээ цайгаа ууцгаана. Явсаар байгаад л орой харьдаг учир өглөө л хичээнэ дээ.

-Хүүхдүүд том болчихсон юм чинь бас ачаа хөнгөрч байгаа биз?
-Тэгэлгүй яахав. Охин маань 12-той. Хүү маань 22-той том хүүхдүүд болцгоосон болохоор миний гарыг харахгүй өөрсдийнхөө болон гэрийнхээ нэлээд юмыг зохицуулаад хийчихэж байна.
-Танай компани гоо сайхны том бренд Shiseido-г оруулж ирсэн. Энэ өндөр шалгуурыг танайх давсан нь та бүхний амжилтын нэг илэрхийлэл байх?
-Манай Монгол улсыг хүн ам цөөн, худалдан авах чадвар бага гээд голж, чамлаж байсан л даа. Гадныхан Монголчуудыг морь мал унасан, малчин айлуудаар л төсөөлдөг юм билээ. Гэвч энэ хатуу ширүүн уур амьсгалтай улсад манай бүсгүйчүүд арьсаа маш сайн арчилж, биеэ ч сайхан авч явдаг нь бахархмаар. Монгол бүсгүйчүүд маань зоригтой, хүчтэй. Би олон эрчүүдээс Монгол бүсгүйчүүдийг зоримог гэдгийг сонсож байсан. Энэ брэндийг оруулж ирсэн нь миний гэхээсээ илүү хамт олны маань хөдөлмөрийн үр дүн. Эхэлсэнээ дуусгадаг, зорьсондоо хүрдэг, тууштай чанарууд маань нөлөөлсөн. Shisiedo брэнд Монголд маш олон хэрэглэгчтэй юм билээ. Орж ирсэн эхний өдрөөс нь эхлээд ямар ч сурталчилгаа тайлбаргүй, хэрэглэгчид маань манай худалдааны зөвлөхүүдтэй  бараг зэрэгцэж бүтээгдэхүүнүүдийн чанарыг нарийн сайн ярьж байсан. Монгол бүсгүйчүүд маань их мундаг шүү.
-Та өөрөө ямар брэнд хэрэглэдэг вэ?
-Мэдээж Shiseido. Манай компани олон брэнд оруулж ирдэг. Би өөрийнхөө компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг л дээ. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэгч нар маань ч их таашаадаг. Бид ч дэлхийн сайн бүтээгдэхүүнийг л оруулж ирдэг учраас нүүр бардам байдаг юм.
-Та Монгол хүүхнүүд их зоримог гэж ярьсан. Эрт дээр үеэсээ эрчүүд нь дайн, ан ав гээд гэрийн бараа харахгүй байхад арыг нь дааж яваа хүүхнүүд нь хүчирхэг, зоримог байх нь арга ч үгүй биз?
-Монгол бүсгүйчүүдийн зоримог, үнэнч чанарууд нь генээсээ генд уламжлагдан ирсэн гэж би боддог. Эр нөхрүүд нь дайн байлдаанд явчихаар эхнэр нь ар талыг нь бүрэн дааж үлддэг. Үр хүүхдээ өсгөөд, арын бүх ачааг үүрч ёстой л хатан ухаан гаргаж ирсэн Монгол хүүхнүүдээр бахархахгүй байхын аргагүй ээ.
-Хүзүү хаашаа вэ толгой тийшээ гэж үгтэй. Та нөхөртөө хэр нөлөөлдөг вэ?
-Нөлөөлнө гэж арай хатуудах байхаа. Ер нь манай Монгол эрчүүд их мундаг аа. Том том асуудлыг шийдээд л энэ нийгмийг аваад явж байна. Эр хүнгүйгээр бид чинь хэн билээ. Гэхдээ  эмэгтэйчүүдэд эрчүүдээс давуу чанар олон бий. Нийгмийн, гэр бүлийн, эрүүл мэндийн гээд яалт ч үгүй эмэгтэй хүний торгон мэдрэмж, мяндсан ухааныг шаардсан ажил зөндөө байна. Асуудлууд ч их байна. Би саналаа чөлөөтэй хэлдэг, яаж хүлээж авах нь тэр хүний л асуудал шүү дээ. Монголын эрчүүд ийм ухаалаг байж, бүсгүйчүүддээ хүндэтгэлтэй хандаж, орон зайг нь бий болгож өгөөгүй бол хүүхнүүдэд бас хэцүү л байсан байх. Эмэгтэйчүүдийг дорд үздэг улс орон  олон л байна шүү дээ. Би ч гэсэн өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа нь аав маань охидуудаа, эхнэрээ, хань маань намайг хүндэлж явж байгаагийн  нэг илрэл гэж боддог. Түүнээс биш хэзээ ч биднийг  “Чи эмэгтэй хүн хүүхэд гаргаж, хоол хийгээд л, хойш  сууж, гэртээ л  байх ёстой” гэж хүмүүжүүлж, харьцаагүй шүү дээ. Эмэгтэйчүүд өнөөдөр хүчтэй, боловсролтой, ажил хэрэгч байх бүх боломжуудыг эрчүүд маань олгож өгсөн гэж би үздэг.
-Монгол гэр бүл охин хүүхдэдээ илүү анхаарал тавьдаг. Эр хүн юм чинь  болно гэдэг ойлголт эргээд эрчүүдийг сүйрүүлж байх шиг?
-Тийм л дээ. “Чи эр хүн юм чинь яахав, болно” гэж зөнд нь орхиж байгаа нь эрчүүдийн төлөвшил, хүмүүжил, боловсролд  сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.  Ялангуяа их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын хүйсийн харьцаа алдсан байна. Эрчүүд хар бор ажилд зүтгэж, гадаад улс орон /солонгос/ руу гарч ажиллах болсон нь  харамсалтай л санагддаг. Ид мэргэжил мэдлэг эзэмшиж, хийж бүтээх болон  нөхөн үржихүйн насан  дээрээ яваа, гэр бүл болж хамтын амьдрал зохион үр хүүхдээ өсгөдөг үедээ гэр бүлийн гишүүд  хол байснаар,  бие холдвол сэтгэл холдоно гэдэг ... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top