Төгөлдөр хуурч Ами: Би жинхэнэ буцалж оргилж байдаг хүн

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18


Урлагийн ертөнцөд өөрийн гэсэн содон өнгө аясыг нэвтрүүлэн хөгжим шимтэн сонсогчдод төгөлдөр хуурын гоцлолуудыг хүргэх болсон Ами буюу С.Алимаатай энэ удаад ярилцлаа.  Сонирхуулж хэлэхэд тэрээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн зээ охин юм. 

Шинэ уран бүтээлийн ажилдаа орсон гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

-Тийм ээ  цомгийн ажилдаа ороод байна. Энэ нь миний уран бүтээлийн анхны цомог болохоор маш их бодож хөдөлмөрчөөр хандаж хамаг оюун ухаанаа зарж ажиллаж байгаа. Дэлхийн сонгодог болон монголын шилдэг бүтээлийг  шинэлэг өвөрмөц дуугаралтаар найруулан тоглосон байгаа. Сонсогчдоо сонгодог хөгжмийн ертөнцөөр аялуулж,төгөлдөр хуурын гайхалтай аялгуугаар бялхсан, эрч хүч энергээр дүүрэн “амттай” цомогийг удахгүй хүргэхийн тулд ажиллаж байна.

Ами “Хэдгэний нислэг” алдарт “Can Can” мөн “Тань руу нүүж явна” гурван уран бүтээлийг хооронд нь ойрхон гаргасан. Хамгийн анхны уран бүтээлүүд гэхэд хэдийнээ өөрийн гэсэн сонсогчидтой болжээ. Харин одоо ямар уран бүтээлээ сонсогчдод хүргэхээр төлөвлөөд байгаа бол?

-Ирэх есдүгээр сард “Маамуу нааш ир”-ийн 55 жилийн ой тохиож байгаа. Мөн өвөөгийн маань 85 насны  ойн баярт зориулаад “Маамуу нааш ир” төгөлдөр хуураар гоцлон тоглосон бүтээлийг хүргэх болно.

Тэртээх 55 жилийн өмнө “Маамуу нааш ир” дууг өвөө маань анх зохиогоод төгөлдөр хуураар тоглоод сууж байх мөчид ээж хажууд нь тоглоомоор тоглож сууж байснаа хэнээр ч хэлүүлэлгүй өөрөө аяыг нь үргэлжлүүлэн дуулаад эхэлсэн гэдэг. Ингээд ээж өвөө хоёрын зохиолыг хүн болгон үе үеийн хүүхэд бүр амандаа аялж өссөөр 55 жилийг ардаа үджээ. “Маамуу нааш ир” дуу төрсөн түүх өөрөө ийм сонин юм. Харин одоо өвөөгийнхөө зохиосон алдарт “Маамуу нааш ир” дууг анх зохиогдсон цагаас 55 жилийн дараа шинэлэг өнгө аястайгаар төгөлдөр хуураар тоглож мөн клиптэй болж сонсогчиддоо хүргэж байгаадаа баяртай байна. Төгөлдөр хуурыг гоцлол болгосноор хүүхдийн дуу гэлтгүй хүн бүр сонсож болно. Төгөлдөр хуураар гоцлон тоглосоноор “Маамуу нааш ир”-ийн аялгуу яаж хувирч бас баяжиж байгааг мэдрэх болно гэж итгэлтэй хэлмээр байна.

Ами хэдэн настайгаасаа анх төгөлдөр хуур тоглож эхэлсэн бэ?

 Ээж маань төгөлдөр хуурч. Тэгэхээр би ээжийнхээ гэдсэнд байх цагаас эхэлж ээжээрээ дамжуулан төгөлдөр хуур тоглохыг сонсч мэдэрч эхэлсэн юм байна. Үүний дараагаар би Хөгжим бүжгийн коллежид элсэн орсон. Энэ цагаас хойш өнөөг хүртэл 20 жил төгөлдөр хууртайгаа нөхөрлөсөн байна. Ийм удаан хамт явсан болохоор одоо бүр салж хагацаж чадахгүй болтолоо ээнэгшин дасчээ. Үнэхээр хөгжимнөөсөө бага зэрэг хөндийрөөд тоглохгүй удахаар маш их санадаг. Бас гоё гоё төгөлдөр хуур харахаар жинхэнэ арааны шүлс асгараад л “сайхан амьтан байна” гээд илээд зогсчихдог. Энэ магадгүй мэргэжлийн өвчин байх. /Инээв/.

 


Төгөлдөр хуураар сонгодог хөгжмийг орчин үеийн хэлбэрт оруулж тоглож байгаа нь Монголд харьцангуй шинэ урсгал болов уу. Аливаа зүйлд өрсөлдөгч байх тусам олон сонин зүйл бий болдог. Энэ утгаараа төгөлдөр хуурч Амигийн өрсөлдөгч гэвэл хэнийг нэрлэх бол?

-Тийм шүү, энэ чиглэлээр тоглож байгаа үндэсний хөгжмийн болон сонгодог хөгжмийн хамтлагууд их гарч ирж байна. Би харин ч олон уран бүтээлч гарч ирж сонгодог хөгжмийн арми улам хүчтэй болоосой гэж хүсдэг. Тэр дундаа сонгодог урлаг. Яагаад гэвэл олон зуун жил хүн төрөлхтний гайхалтай бүтээл болсон энэ урлагийн хүнд өгөх өгөөж нь агуу юм. Хамгийн наад зах нь л гэхэд хүүхдийн хөгжил төлөвшилд асар их нөлөөтөй болохоор заавал хүн бүр мэргэжлийн хөгжимчин болох албагүй ч хүүхдийг багаас нь ямар нэгэн хөгжмийн зэмсгээр тоглуулж сургахыг дэлхийн олон улсад хүмүүс хичээх болж. Монголчууд мөн адил үр хүүхдээ балет болон төгөлдөр хуур тоглуулж их сургадаг болж. Мөн би энэ хөгжмөөс үгээр илэрхийлж боломгүй сайхан мэдрэмжийг авч тэрэндээ өөрөө хөглөгдөн амьдарч  байдаг.

Тийм учраас олон хүн төгөлдөр хуурын сайхныг мэдрээсэй, сайхан мэдрэмжийг аваасай гэж хүсдэг учраас би уран бүтээлээрээ сонгодог урлагийг ойлгоход нь бага ч гэсэн дөхөм болж олон хүмүүсийг “уруу” татаж сонгодог вирус тараах ажил хийж байна. /Инээв/.

Ами уран бүтээл хийхээс гадна багшилдаг гэж сонссон юм  байна?

-Тиймээ би “ардын багш” шүүдээ. Одоо ХБК-д концертмейстр багшаар ажиллаж байна. Оюутан байхаасаа эхлээд хүүхдүүдэд хувиараа төгөлдөр хуур зааж багшийн ажил эхэлсэн. Тэр цагаас хойш бараг долоон жил болж байна. Хүүхдүүдтэй ажиллах сайхан  байдаг. Хүүхдүүд цаанаа л нэг хөөрхөн цагаан энергитэй. Тийм ч учраас надаар дүүрэн эрч хүч буцалж явдаг байх.

Хувийн уран бүтээл гэснээс одоогоор хамгийн сүүлд гаргаад байгаа хөгжмийн зохиолч З.Хангал агсаны “Тань руу нүүж явна” бүтээлийг шинэ найруулгаар сонсогчдод хүргэсэн. Энэ уран бүтээлийнхээ клипний утга санааг яагаад тэгж хүн эмзэглэмээр хийсэн талаар ярьж өгөөч?

-Бидний амьдарч байгаа байгал эх дэлхий дээр хүн төрөлхтөн өөрсдөө амьдрах орчноо цаг минут тутамд устгаж байна. Хүн гэдэг амьтан орчноо бохирдуулахаас эхлээд уул уурхайн нөхөн сэргээлт дутуу буруу харгис үйл ажиллагаа гэх мэтээр эх дэлхийгээ түйвээсээр. Энэ асуудалд би эх болсон дэлхий дээрээ амьдарч яваа хүний хувьд сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Зуны дэлгэр цагт зусланд гарахад, хөдөө явахад хүний гараар сүйтгэгдээгүй, бохирлогдоогүй газар бараг үгүй болж. Хаа сайгүй ууттай хогоо хаясан байх жишээтэй. Хэрэв амьдарч байгаа газраа, аялж амарч байгаа орчиндоо хэрэглэх зүйлээ авчирч болсон юм бол эргүүлээд тарьсан хогоо авч яваад хогийн цэгт хаяж болно доо. Эргээд өөрсдөө тэр газраа ирэхгүй, дэлхий дээр амьдрахгүй юм шиг хөгийн зан гаргах юм бид. Тийм болохоор  өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээр буюу хөгжмөөр энэ бүгдийг илэрхийлж асуудлыг хөндөж хүмүүст ойлгуулахыг бодсон. Хөгжим бол хүний оюун санаанд  нөлөөлөх маш хүчтэй зэвсэг. Тийм учраас би хөгжмөөр энэ бүхнийг илэрхийлж хүмүүсийг байгаль орчноо хамгаалахыг уриалж байна. Бас тэрүүхэн тэндээ бухимдаад тэмцээд байна шүү дээ. Нэг хөгжимчин хүүхэн. /инээв/. Хувь нэмэрээ  бага ч болтугай оруулахсан гэсэндээ ийм сэдэл гаргасан хэрэг. Нөгөөтэйгүүр энэ бүтээл өөрөө маш аугаа бүтээл. Бүхэл бүтэн киноны утга санааг харуулсан хөгжим учраас зүгээр нэг шалдар булдир клип хийж болохгүй байсан л даа. “Тань руу нүүж явна” кино өөрөө хүний амьдрал, гол нь хүний сэтгэл зүрх,  эх үр хоёрын хэзээ ч салшгүй  холбоог харуулсан. Энэ хорвоо дээр хүн хүндээ үргэлж тэмүүлж амьдардаг. Мөн зөвхөн монгол хүнд л байдаг тэр сэтгэлийн нандин хөдлөлийг харуулсан гэж би ойлгодог. Үүний нэгэн адил хүн, байгал эх хоорондоо холбоотой оршин тогтнож байна. Ялангуяа одоо цагт. Хэрэв байгаль эх хүний хэлээр ярьдаг  байсан бол яг л энэ хөгжим шиг  энэлэн шаналах байсан байх гэсэн санааг агуулсан юм. Элсэн цөлд зураг авалтаа хийдэг нь ч учиртай. Цөлжилтийн талаар хүн бүр байнга л ярьж байна. Байгаль эхээ хайрлан хамгаалахгүй бол удахгүй уух усгүй болно. Элсэн цөл тань руу нүүж явна шүү гэсэн санааг гаргаж ирэхийг зорьсон юм.

-Хөгжмийн клип хийхэд хэр их ажиллагаатай байв. Бусад төрлийн клипээс ялгаатай нь?

Маш их ажиллагаатай байсан. Дууны клип бол үйл хөдлөл бас үгээр ойлгуулна. Харин хөгжимд үг байхгүй учраас ойлгуулж хүргэхийн тулд нарийн ажиллагаа шаарддаг л даа. Зүгээр тоглоод өнгөрөх нэг ондоо. Хэрэв тэгвэл энгийн урсаад л өнгөрнө. Тиймээс үзсэн хүн бүрт хүргэх үүднээс өгүүлэмжээ тод харуулах хэрэгтэй гэж бодсон.

Зураг авалт гэхэд олон удаа олон талаас нь авна. Олон замтай гэж ярьдаг юм билээ. Гар болон биеийн хөдөлгөөн, хөгжимчний нүүрний хувирал сэтгэл хөдлөл гэх мэт. Хөгжимчин хүнийг тайзан дээрээс хажуу талаас нь л ихэвчлэн хардаг. Бас гарын хөдөлгөөнийг тэр болгон хардаггүй. Харин клип дэргэдээс нь дээрээс нь 2 хажуугаас нь гээд яг л өөрөө тоглож байгаа мэт харах  боломжтой нь давуу талтай. Олон удаа тасралтгүй тоглоход гар цуцаж ядарна гээд бас тийм амар биш дээ. Ялангуяа “Тань руу нүүж явна”-ыг хийхэд олон цаг наранд естой хонин гүрвэл болтлоо суугаад бов бор  болж ирсэн. /инээв/

Ер нь томоохон зохиол тоглосны дараагаар яг тамирчин хүн шиг хамаг бие хөлөрсөн байдалтайгаар суудлаасаа босч ирдэг. Тэгэхээр төгөлдөр хуураар тоглоход оюуны болоод биеийн их хүч зардаг хөгжим юм. Гар хүртэл их хөлөрдөг. Сонгодог хөгжим сонсоход биений шар үс босох гэж ярьдаг даа. Яг л тийм мэдрэмж авдаг. Гэхдээ энэ мэдрэмжийг зөвхөн өөрөө аваад байх биш бусадтай хуваалцаж бусдад сэтгэлийн таашаал өгөх хүсэл их байгаа болохоор ядрах юу ч биш.

Төгөлдөр хуурч Ами гэж хэн болоо. Анх төгөлдөр хуур тоглоод гараад ирэхэд хүмүүс Д.Лувсаншарав гуайн зээ охин гэдгээрээ танигдсан байдаг. Хувь хүнийхээ хувьд?

-Ер нь бол би төгөлдөр хуурч Ами гэдгээрээ яг өөрийнхөө уран бүтээлээр хувь хүн талаасаа танигдахыг хүссэн. Хүмүүс төгөлдөр хуурч гэхээр их намуухан хүн байна гэж хараад байх шиг. Үнэн хэрэгтээ жинхэнэ буцалж оргилж явдаг хүн. Сониуч зантай олон янзын дүрд хувирах зэргээр элдэвийн юм сэтгэж сонирхолтой хөгжилтэй амьдрах дуртай. Дуу ч дуулна бүжиглэвэл ч бүжиглэнэ. Амьдралыг амттай болгож амтал гэдэг уриатай гэхүү дээ. Миний энэ байдал одоогоор дэлгэцэнд гаргасан уран бүтээлүүдээс минь харагддаг байх. Одоогоор гараад байгаа гурван клипнд гурвуулаа шал өөр хүн. Эхнийх нь “Хэдгэний нислэг” маш их эрч хүч. Дараагийн клип “Can can” энэ нь өөрөө шалиг хөнгөн стилтэй бүжиг учраас айлгүй ёжтой төрхийг гаргасан. Харин “Тань руу нүүж явна” клипний хувьд ухаарал шингэсэн сайхан бүтээл.

Зан чанарын хувьд?

 -Ямар ч зүйлийг байгаагаар нь шударга хэлэхийг илүүд үздэг. Хэн нэгэн намайг юу гэж харах вэ гэхээсээ илүү би өөрийнхөөрөө хийж бүтээж аливаад хүслээрээ ханддаг. Хүн хэн нэгэнд  таалагдах гэж бус өөр өөртөө таалагдаж  өөрийнхөөрөө бахархалтай амьдрах нь чухал. Түүнээс хөндлөнгийн зүйлээс хамаарч хэлбэр төдийд байхын эсрэг зогсдог. Хүн болгон өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй ертөнцтөй байдаг учир түүгээрээ л байх сайхан.

Амигийн бахархал юу вэ?

-Өвөө миний бахархал. Ээж бол надад бүхий л зөвлөгөөг өгч намайг хурцалж байгаа уран бүтээлийн хамгийн дотно зөвлөгч бас шүүмжлэгч. Ер нь л миний продюсер юм байна. Бас энэ сайхан мэргэжлийг эзэмшүүлэн сургасан Да.Тунгалаг багшдаа баярлаж явдагаа хэлмээр байна. Ойр дотны найзууддаа ч бас, улам гоё гоё бүтээлүүдийг гаргах болноо гэж хэлье.

Урлагийн хүмүүс олны танил болоод ирэхээр наргиан, цэнгээн, sex гээд элдэв асуудал дагуулаад. Зарим нь хүний эрх ямар байх нь өөрийн дур гэдэг. Энэ талаар Ами ямар бодолтой байдаг вэ?

-Сонгодог урлагт зүтгэж байгаа хүмүүс харьцангуй хүмүүжилтэй байдаг. Хар багаасаа сургалтын хатуу дэглэмд сурч хүмүүждэг болохоор тэр. Тоглож байгаа хөгжим нь хүртэл цаанаа л нэг намбатай болохоор нөлөөлдөг байх. Надад тэгж ажиглагддаг. Наргиан цэнгээний хувьд хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Харин наргина гэхээр заавал тасарч унтлаа архиддаг явдлыг ойлгодоггүй юм. Түүнээс биш найз нөхөдтэйгээ, санаа нийлсэн сайхан хүмүүстэй элдэв юм ярьж бүжиглэх зэргээр зугаатай байх үедээ даруулга болгож хэрэглэх байтал. Гэхдээ урлагийн хүмүүс олонд танил болоод ирэхээр хийж буй үйлдэл нь сонин, тухайн хүний бүх үйлдэл нь хүмүүст сонин болоод ирдэг болохоор олны анхааралд амархан өртдөг байх. Хүмүүст танигдана гэдэг бол тийм хэцүү биш. Харин дараа нь нэр хүндээ цэвэр чигээр нь хадгалж явна гэдэг хамгийн чухал.  

 

Б.Анар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top