Дуучин Б.Баярцэцэг: Би яг л “дурласан цас” шиг романтик бүсгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 26

“Swing in Kremlin”, “Хүнийх”, “Тусгал” хэмээх хит дууны цомгуудаа сонсогч фэнүүдийнхээ гарт хүргэж, улмаар орос дуунаас бүрдсэн “Носталгия” тоглолтоо хийгээд авсан дуучин Б.Баярцэцэг хэсэг хугацаанд нам гүм байсныг уншигчид маань мэдэх биз. Түүнийг зорьсон зүйлийнхээ төлөө уйгагүй зүтгэдэг, нэлээд хөдөлмөрч нэгэн гэдгийг рок попынхон ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Энэ ч утгаараа, дуучин бүсгүйн уран бүтээлийн амьдрал зогсолтгүй үргэлжилсээр... Сүүлийн үед кино, жүжгийн дуу дуулах урилгад дарагдаад ихэд завгүй яваа тэрбээр өнгөрсөн хавар хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан юм. Харин дуучин бүсгүй ирэх сарын дундуур “Дурласан цас” тоглолтоороо бэлэг барихаар



зэхсэн бөгөөд “UP music” продакшны уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа аж. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулья.

-Уран бүтээлээ тасралтгүй хүргэж байсан дуучин маань нэлээдгүй хугацаанд сураг алдарлаа. Энэ хооронд шинэ цомог, тоглолтынхоо ажлыг амжуулж явсан байх нь ээ?

-2009 онд “Тусгал” цомгоо гаргаснаас хойш нам гүмхэн байлаа. Өнгөрсөн хугацаанд хүмүүс миний тухай элдвээр ярьж “Баярцэцэг хуримаа хийж, хүүхэд төрүүлсэн гэнэ”, “Охин нь их хөөрхөн болсон байна” гээд л баахан ташаа мэдээлэл гаргасан. Үнэндээ би ажил, амралтаа хослуулан уран бүтээлээ хийсээр л байсан. Хөгжим бол миний хообий, бүр туйлын хүслэн учраас ажилтай зүйрлэх ямар ч шаардлага байхгүй. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу хийж буй ажил болохоор өнгөрсөн хугацаанд олон бүтээл гаргасан. Би дуулж эхэлснээсээ хойш л “Монголд цоо шинэ хөгжмийн урсгал бий болгохсон” гэж бодож явсан. Хоолойны тембр, дуулж буй манер маань ямар стильд илүү ойрхон болохыг судлаад поп кантри чиглэлийн амьд хөгжмийн цомог гаргахаар бэлтгэж байна. Төгөлдөр хуурч Пүрэвсүрэн ах энэ цомгийн санааг гаргаж өгсөн болохоор их олон дуунд минь ая хийсэн. Нэгэнт л шинэ хөгжмийн цомог гаргах учраас дууны үгийг ч бас давхар анхаарах ёстой. Тиймээс миний гаргаж ирэх хөгжмийг ойлгож мэдрэх зохиолч, яруу найрагч, аранжировшик гэх мэт мэргэжлийн уран бүтээлчдээр багаа бүрдүүлэх хэрэгтэй байсан. Энэ бол тийм ч амар ажил биш шүү. Санаа, зүтгэл нийлсэн баг бүрдүүлэхийн тулд хэсэг хугацаа зарцуулсан. Цомогт багтсан ихэнх дууны үгийг зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ бичиж, хамтарч ажиллалаа. Бид хоорондоо ярилцаж байгаад цомгийнхоо агуулгад тохируулан бүх бүтээлээ хийсэн юм. Нэг дуугаа бараг дөрвөн удаа бичүүлж байж оруулсан гээд бод доо. Өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй, бэлтгэх зүйл ч их байлаа. Тэгэхээр би өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй, шинэ цомгоо гаргах гээд зав муутай явсан байгаа биз.

-Тэгвэл цомгийн уран бүтээлээс хамаарч, стиль имижээ хүртэл өөрчлөх хэрэгтэй болж дээ. Энэ удаа танаас ямар өнгө төрх харагдах бол..?

-Тийм ээ, шинэ цомгоос хамаарч клипний зохиомж ч юм уу стиль имиж, фото зураг гээд намайг илэрхийлж байгаа бүх зүйл нэгдсэн том агуулгатай болсон. Баярцэцэг хэн болж хувирсныг бүхий л зүйлээс минь мэдрэх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна, миний нас ч уран бүтээлд маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь эндээс харагдах болов уу.

-Юу гэсэн үг вэ. Баярцэцэг өнөөдөр хэн болж хувирсан гэж?

-Бүсгүй болсон.инээв Энэ цомог хоёр уянгын дуутай, бусад нь нэлээд цоглог хэмнэлийн  дуунууд бий. Төсөөлөл ихтэй, жаахан романитик маягийн дуунууд юм уу даа. Зав чөлөө гарвал өөрийгөө хамгийн их амраах дуртай зүйл минь модтой газарт сууж юм бичих. Гэхдээ би дууны шүлэг болох хэмжээний зүйл бичиж байгаагүй. Яг тухайн үед толгойд минь орж ирсэн бодол, сэтгэл хөдлөлөө цаасан дээр буулгадаг. Тэгэхээр хаа нэгтээ жингүйдээд явж байгаа мэт хачин гоё төсөөллийн тухай дуунууд шинэ цомогт минь багтсан хэрэг. Хамгийн эхний дуу болох “Дурласан цас”-ыг “S” энтертайнментийн Тулгаа сонсчихоод “Үнэхээр гоё, тасарчихсан дуу байна. Би энэ дуунд чинь клип хиймээр санагдчихлаа. Зохиомж энэ тэр нь хүртэл нүдэнд харагдлаа” гэж хэлсэн. Тиймээс клипний утга агуулгад тохирсон зохиомж гаргаад “S” энтертайнмент болон “Exclusive” хувцас загварын ордны дизайнеруудтай хамтарч ажилласан. Ажил, амьдралын минь бүхий л өмсгөл зүүлтийг одоо авьяаслаг дизайнерууд урлаж байна. Тоглолтын хувцсыг хүртэл гар аргаар чимэглэсэн, сүртэй сайхан загвараар гаргаж байгаа шүү. Дууны маань гол эзэн дурласан бүсгүй бий. Түүний тэр дурлалын харц цасыг хүртэл эр хүн болгож харж байгаагаар дүрсэлсэн. Энэ клипийг хийхийн тулд кино үйлдвэрийн хашаанд бараг байшин барих шахсан даа. Хамгийн том павильоныг нь ашиглан хана босгож хаалга, цонх хийгээд элдэв загварын үнэтэй тавилга аваачиж тавьсан. Зураг авалт нь гурван өдрийн турш үргэлжилсэн болохоор их ядарсан шүү. Сүүлдээ бүр өнөөх дурлалын байшиндаа унтаад өгсөн гээч. Хамгийн гол нь, миний өмнө нь хийж байсан бүтээлүүдээс онцлог ихтэй клип болж чадсан. Баярцэцэгийн хувьд, нэлээд “нээлттэй” бүтээл.инээв

-Уран бүтээл тань олонд танигдаж эхлэх үест та “Эротик стиль сонгохгүй” гэж хэлж байсан удаатай. Энэ бодлоо одоо ч гээгээгүй юу?

-Би эротик стилийн клип болон кинонд ямар нэгэн дүр бүтээх хүсэлгүй. Эротик болон  романтик ойлголт чинь хоёр тусдаа зүйл. Хийж буй уран бүтээлийн минь агуулгаас хамаарч клипний найруулагч ямар санаа гаргахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Одоогийн байдлаар, энэ төрлийн дуунууд урын санд минь алга. Стиль имижийн хувьд ч, иймэрхүү зүйл төлөвлөөгүй. Яахав, дурласан бүсгүйн дүрийг гаргахдаа хагас нүцгэлсэн нь үнэн. Гэхдээ эротик төрх харуулах бус бүсгүй хүний гоо сайхан, хүсэл мөрөөдөл, сэтгэлийн нандин чанарыг уран сайхны аргаар дүрсэлсэн юм.

-Энэ удаагийн тоглолт тань монгол дуунаас бүрдэх үү. Бэлтгэлээ хэр базаасан бол?

-Монгол дууны тоглолт гэж тод хэлэхгүй бол болохгүй нь. Тоглолтын сураг сонссон хүмүүс “Орос дууны тоглолт уу” гэж асуугаад эхэлсэн. “Үгүй ээ, дан монгол дууны тоглолт” гэсэн чинь “Яагаад орос дуу оруулахгүй байгаа юм бэ” гэж сүүлдээ бүр гайхаад байна лээ. Би өнөөдрийг хүртэл дөрвөн ч цомог гаргасан байна. Ганц ч удаа монгол дууны тоглолт хийсэнгүй. Тэгэхээр энэ удаа хит дуунуудаа шигшээд тоглолт хийсэн нь дээр байх. Гэхдээ ганц, хоёр орос дуу багтаана аа. Сонсогч фэнүүдийн маань ихэнх хувь нь миний дуулдаг орос дуунд дуртай учраас тэр. Энэ тоглолтоороо дамжуулан нандин, тансаг, нарийн гоё мэдрэмжийг үзэгчдэдээ хүргэх зорилгоор зохион байгуулж, найруулж байна. Ялангуяа тайз заслын ажлыг манайдаа л номер нэг гэгддэг, ДБЭТ-ын тайзны интерьер дизайнер Ганбаа ах хийж байгаа. Техник тоног төхөөрөмж, хөгжмийн хэрэгслийг “Sound of Mongolia” хариуцаж ажиллана. Реклам сурталчилгаа болон бусад зураг авалтыг “Ирмүүн” агентлаг хариуцсан бол зөвлөх найруулагч нь “Хувьсал” продакшны захирал Г.Цоггэрэл. Хөгжмийн продюссерээр нь Пүрэвсүрэн ах ажиллах юм. “Ододтой бүжиглэе” шоунд оролцсоноос хойш бүжгийн бэлтгэлээ тасралтгүй хийж байна, би. Тоглолтынхоо тайзан дээр бүжиглэх авьяасаа гайхуулна даа. Энэ мэтээр гурван хэсгээс бүрдэх тоглолтоос маань үзэгчид олон төрлийн мэдрэмж авах байх. Уг нь бүх дуугаа дуулмаар байна, даанч хоёр цаг гэдэг богинохон шүү дээ. Тиймээс ихэнх дуугаа хасаад 20 гаруй дуу дуулж таарна. Зарим дуугаа попури болгож дуулах учраас санаа зоволтгүй. Жинхэнэ амьд хөгжмийн тоглолт хийдэг гэдгээр минь хүмүүс намайг андахгүй биз ээ.  

-Шинэ тоглолт, цомогтоо “Дурласан цас” дууныхаа нэрийг өгсөн гэл үү?

-“Анх удаа монгол дууны тоглолт хийж байна. Энэ бол маш чухал шүү” гээд бодчихоор ерөөсөө олигтой нэр толгойд орж ирэхгүй, сонголт хийхэд хэцүү болчихдог юм байна. Тэгээд бодож байгаад энэ нэрийг өгөхөөр шийдсэн.

-DJ Shaman-тай хамтарч дуулснаас болж, нэр холбогдоод авсан байна лээ. Цаашид түүнтэй хамт дуулах уу, аль эсвэл?

-Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй ээ. “Цавчуур.ком” киноны дууг хамтарч дуулснаас өөр асуудал үүсээгүй шүү дээ, бид хоёрт. Хүмүүс энэ дууг Shaman-ий франц хэлээр дуулснаар нь илүү сонсох дуртай юм билээ. Тэгэхээр тоглолтондоо урих санаа байгаа ч, ойрын үед түүнтэй холбогдсонгүй. Бид хоёрын тухай янз бүрээр ярьж байгааг нь сонссон ч огт санаа зовоогүй. Худлаа гэдэг нь тодорхой юм чинь, инээлдээд л өнгөрсөн. Угаасаа хамтарч дуулсан хүн болгонтойгоо “нэр холбогддог” болохоор .



тоодог ч үгүй шүү дээ, би.инээв Тоглолтонд маань надтай хамтарч дуулж байсан бүх уран бүтээлчид оролцоно

-Англи дуутай классик маягийн цомог гаргах тухай ярьж байсан. Тэр бүхэн юу болсон бол..?

-Нэлээд олон дуутай болсон шүү. Цомгийн тоо гүйцээх нь чухал бус. Хамгийн гол нь, чанартай дуунууд хийх ёстой. Өнөөдрийг хүртэл дуулсан дуунуудаа шигшиж үзэхэд классик цомгийн маань 50 хувь нь бэлэн болчихсон байна лээ. Нэгэнт хийсэн бүтээлүүдээ хэзээ нэгэн цагт цомог болгож гаргах нь тодорхой.

-Захиалгын чанартай дуу хэр их ирдэг вэ. Чамгүй мөнгө амласан ч үнэхээр таалагдахгүй дуу байвал буцааж чадах уу?


-Ирнэ ээ. Арав гаруй жил дуулж байгаа учраас уран бүтээлийнхээ чанарыг ялгаж суралгүй яахав дээ. Үнэхээр хэцүүхэн дуунууд мэр сэр ирдэг. Стиль имиж, хоолойны өнгөнд таарахгүй дуу байвал буцаахаас өөр аргагүй. Заримдаа надад хэтэрхий ахадсан дуунууд ч таарах нь бий. Хоолойны цар хүрээ шаардсан дуу байвал өөр дуучинд өгөхийг санал болгодог юм. Ямар ч байсан, өөрийнхөө сонголтоор уран бүтээлээ хийдэг гэж ойлгож болно.

-БНХАУ-ын “Pola arts” компанитай нэлээд хэдэн жилийн гэрээ байгуулсан. Хамтарч ажиллаж байгаа хэвээрээ юу?

-Өнгөрсөн хавар таван жилийн гэрээ маань дууссан. Гэрээний эхэнд гурван цомог гаргах заалт байсан ч, өнөөдрийн байдлаар нэг цомгоор ажлаа дуусгалаа. Одоо энэ компанитай ямар нэгэн хамтын ажиллагаа байхгүй болсон. Цаашид өөр компанитай хамтарч ажиллах бодол бий. ОХУ, Голланд гэх мэт харилцаа холбоо тогтоох боломжтой газар цөөнгүй байна.

-Өнгөрсөн жилийн намар зохиогдсон “Cosmo love” шоуны тайзан дээр ОХУ-ын нэрт дуучинтай хамтарч дуулсан. Хоолойны өнгө болон хоршиж дуулах чадварыг тань үнэлсэн хүн нэлээд олон байна лээ?

-Хүмүүст таалагдсан бол би их баяртай байна. Олег тоглолтоос ганцхан хоногийн өмө ирсэн болохоор бид хоёр тухтай ч уулзаж амжаагүй. Ирсэн даруйдаа шуудхан л “Баярцэцэгтэй уулзмаар байна” гэж хэлснийг нь сонсоод жаахан зүрхшээсэн шүү. Зохион байгуулагчдад өөр дуучин сонгох тухай хэлсэн чинь “Яагаад классик болон поп опера чиглэлийн дуу дуулж болохгүй гэж. Бид тийм л үзүүлбэр хиймээр байна. Чи өөрийгөө сорьж үз” гэж намайг ятгасан юм. Тэгээд арга буюу нэг сарын турш эрчимтэй бэлтгэл хийж, хоолойны цар хүрээг ахиулсан. Олегтой хамт хоолонд орох гээд очтол намайг хараад бүр гайхаж байгаа нь илт. Өөрөө их том биетэй болохоор ч тэр үү, намайг нэлээд биерхүү хүүхэн байх гэж төсөөлсөн гэсэн. Миний дууг сонсч байхдаа ч ийм жижигхэн биетэй гэж санаанд нь огт багтаагүй гэдэг юм. Тоглолтын өмнөхөн студид бэлтгэл хийж байхдаа надад их олон зүйлийг зааж өгсөн. Гэтэл тайзан дээр дуулж байхдаа миний өмнө сөхрөөд... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top