“Азийн чоно”-ын архи уусан иргэд нас барсаар байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


Ш.Мөнхбат компанийнхаа нэрийг солин бизнесээ хэвийн үргэлжлүүлж байна
    Арван таван хүний амийг авч одсон “Азийн чоно”-ын гэх хэрэг одоо ч дотор эвгүйцүүлдэг. Шинэ жилийн баяр оргилуун дарсыг нус нулимс, айдас хүйдсээр сольж Монгол даяар онцгой байдал зарлуулсан эл хэргийг нэхэн саная. Хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтанд буцан сунжирсан хэргийн явцад захирал Ш.Мөнхбат нь холбогдолгүй хэмээн тогтоогдож, харин эхнэр Ц.Сэлэнгэд долоо,  хадам ах Ц.Энхээд найм, худалдагч, чанар шалгагч Х.Байгальмаад 5.6, онц аюултай, хортой бодис хадгалан худалдаалсан Ц.Баттогтох нарын хүмүүст 3-5 жилийн хорих ял оноож байсан. Гэсэн хэдий ч тэд шүүхээс оноосон ялаа бүрэн эдлэлгүй Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдан суллагдаж, өдгөө ажил бизнесээ хэвийн үргэлжлүүлж урьдын адил тансагхан амьдарч байна. Таагүй дурсамж сэдрээсэн энэ хэргийг ийн нэхэхийн учир нь тухайн үед метилийн спирттэй архи уун хордсон ч азаар амьд үлдсэн 22 хүнээс нэлээд хэд нь бурхны оронд одсон гэнэ. Ар гэрийнхнийх нь яриагаар тэрхүү явдлаас хойш талийгаачид байнгын зовиуртай байх болж, байсхийгээд л эмнэлэг домлогоор явж байсан аж. Эмч нар метилийн спирттэй архинаас болоод дотор эрхтэн нь хордож, яваандаа угжирч ийм байдалд хүргэсэн хэмээн тайлбарладаг гэнэ. Тиймээс “Азийн чоно”-ын гэх тодотголтой хэргийн хохирогчид цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өмнөх хохирогчдод нөхөн олговор гэх юм олдоогүй хэмээн ярьдаг аж. Байдал ийм байхад хэргийн эзэн хэнгэргийн дохиурууд компанийнхаа нэрийг сольсон болоод бизнесээ хэвийн үргэлжлүүлж явна. Ш.Мөнхбат захирал дүүгийнхээ нэр дээр Баганууртаа л хамгийн тохилогт тооцогдох баар нээн архи дарсаар үйлчилж байна.
“Тэргүүн” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top