Манай улсын бүртгэл, санхүү эдийн засгийн албаныхан хуран чууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 06

Монгол Улсын Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын Ү зөвлөгөөн Улаанбаатар хотноо 2011 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
    Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар “Илгээлт”, Мэндчилгээ” ирүүлж, бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгөв.
    УИХ, Засгийн газрын зарим гишүүд, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, төр захиргааны төв, орон нутгийн байгууллагын удирдах ажилтнууд, бодлого боловсруулагчид ба хэрэгжүүлэгчид, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
    Зөвлөгөөнд оролцогчид нэгдсэн хуралдаан болон “Макро эдийн засгийн тогтвортой байдал, тулгарч буй эрсдлүүд”, “Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцоо, цаашдын хөгжлийн чиг хандлага”, “Сайн засаглал-Нягтлан бодох бүртгэл, хяналт”, “Төсөв, төрийн сангийн шинэчлэл” гэсэн салбар хуралдаануудаар Монгол Улсын эдийн засаг, бүртгэл, санхүүгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэв. Оролцогчид Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан ахиц ололтыг дүгнэж, тулгамдаж буй асуудал болон эн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон юм.
    2007 онд болсон IҮ зөвлөгөөнөөс хойш үндэсний эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, эх орны эрдэс баялгийн нөөцийг эргэлтэд оруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд цаашдын хөгжлийн өндөр хурдцыг бий болгох боломж анх удаагаа бүрдэж байна.
Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын бүртгэл санхүү, эдийн засгийн хөгжил, сорилт, шинэчлэл” сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан.  Тус илтгэлээр бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны үе үеийн зөвлөгөөний онцлог, дэвшүүлж байсан зорилт хийгээд өнөөгийн эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлт, ололт амжилт алдаа оноо, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм. Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны энэ удаагийн улсын V зөвлөгөөн нь Монгол улс үндэсний баялаг, чадамжаа ашиглаж тогтвортой, өндөр хурдацтай хөгжих эхлэл тавигдаж буй түүхэн цаг үетэй давхцаж байгаагаараа  ихээхэн онцлог болж байна гэдгийг Сангийн сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрээр “Монгол улс олон улсын байгууллага, хандивлагч орны хөнгөлөлттэй зээл, тусламжаар санхүүгийн хэрэгцээний дутагдсан хэсгийг нөхдөг байсан бол өнөөдөр дэлхийн санхүүгийн болон хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, арилжааны зээл ашиглах боломжтой болж байна. Манай улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, санхүүгийн чадамжийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч, эдийн засаг, санхүүгийн төв байгууллагуудын шалгуур үзүүлэлтүүдээр Монгол улс бага орлоготой орноос бага дунд орлоготой орны зэрэглэлд багтаж, зээлжих зэрэглэл ахиж байгаа зэрэг түүхэн боломжуудыг хөгжлийн хурдасгуур болгоход манай бүртгэл, санхүү төсвийн харилцааны шинэчлэл, зөв зохистой зохицуулалт нэн чухал ач холбогдолтой юм. Тус зөвлөлгөөнд хэлэлцэгдэх асуудлын агуулга, цар хүрээ, дэвшүүлэх зорилтууд чухам үүнд чиглэгдэх ёстой” хэмээн зөвөлгөөний үйл ажиллагааг онцолсон юм.
    Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн бүртгэл, аудитын үндэсний тогтолцоо бүрэлдэн сайжирч, төсөв, санхүү, татварын харилцаанд гүнзгий шинэчлэлт явагдаж, энэ нь улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чухал хүчин зүйл болж байгаа, санхүүгийн удирдлагыг сайжруулах алхамууд үе шаттай хийгдэж, зарим гол шалгуураар олон улсын төвшинд хүрсэн үнэлгээ авах болсон нь  IҮ зөвлөгөөнөөс хойших тус салбарын чухал ололт байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top