Хойд Солонгос биднийг дэргэдээс нь чагнаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 21

Монгол улсад суугаа Хойд Солонгосын элчин сайдын яаманд Хятадууд өндөр хүчин чадалтай чагнах төхөөрөмж суурилуулсныг илрүүллээ
    Монголын улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэхүү ноцтой мэдээллийг Zindaa.mn сайт хэвлэл мэдээллийн бүх хэрэгслэлүүдээс түрүүлж нийтэд мэдээлж байна. Энэхүү мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн сэтгүүлч нөхөд маань ямар нэгэн байдлаар ашиглах бол сайтын нэрийг дурьдана уу.
    Хамгийн аюултай зэр зэвсэгтэй оронд тооцогдож байгаа БНАСАУ-тай манай улс өнө эртнээс найрамдалт харилцаатай байхыг хичээж ирсэн. 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны үед хүртэл Монгол улс соц системийнхээ гольдролоор БНАСАУ-ын талыг дэмжиж хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ өнчин хоцорсон хүүхдүүдийг нь хүртэл өөрийн эх орондоо өсгөж бойжуулж байсан гавьяатай. Гэтэл 2008 онд БНАСАУ-ын цэргийн томоохон төлөөлөгчид манай оронд айлчилж, манай БХЯ-ны удирдлагууд болон зарим төрийн түшээдтэй уулзалт хийн эртний найрамдалт харьцаагаа дахин сэргээсэн бөгөөд энэ уулзалтын үеэр Ардчилсан Солонгосын тал манайд ашиглагдахаа байсан Оросын хуучин “МИГ-21” сөнөөгч онгоцнуудыг худалдан авах санаатай гэдгээ хэлсэн боловч ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу гуравдагч оронд зэвсэг худалдаалах эрхгүй болохоор манайхан татгалзсан гэдэг. Тухайн үед БНАСАУ-ын тал энэ байдлыг ойлгохгүй нэлээд бухимдаж үдэлтийн цайллаган дээр ихэд уурсан доромж үг чулуудаж байсныг манай цэргийнхэн сайн мэднэ. Тэгвэл энэ гоморхол нь яван явсаар манай улсын тусгаар тогтнолд ч халтай болж магадгүй болжээ. Манай урд хөрш Хятад улс БНАСАУ-д хүмүүнлэгийн болон цэрэг зэвсгийн нэлээдгүй хэмжээний тусламж үзүүлдэг бөгөөд дэлхийд ганцаардахаас нь авардаг “том” ах нь билээ. Тэгвэл хойд солонгосчууд Улаанбаатар хот дахь элчин сайдынхаа яаманд хятадуудын тусламжтайгаар Орост үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий “Родина-17” хэмээх хиймэл дагуулын антенныг нууцаар байрлуулсныг саяхан манай тагнуулынхан илрүүлсэн байна. Энэхүү антенн нь цаг агаарын ямар ч нөхцөлд хиймэл дагуулуудтай холбогдон бүх төрлийн мэдээллийг дамжуулах хүчин чадалтай бөгөөд зарим тохиолдолд гар утасны яриаг хүртэл чагнах чадвартай гэнэ. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас энэ талаар БНАСАУ-ын Элчин сайдад асуулга хүргүүлж, ямар учиртай антенн зоосныг сураглажээ. Гэтэл БНАСАУ-ын Элчин сайдын яамныхан манай асуулганд дор нь хариу өгч “Монгол улсын аюулгүй байдалд нөлөөлөхгүй. Бид өөрийн эх орон болон мөн удирдлагуудтайгаа хамгийн сүүлийн үеийн холбооны хэрэгслээр харьцахыг хүссэн юм” гэж мэдэгдсэн байх юм. Манай агаарын тагнуулын албаныхан тэрхүү өндөр хүчин чадалтай антенныг олж илрүүлэн өдөр шөнөгүй чагнан хянаж байгаа боловч манай улсад байгаа гадны аль нэг улс орны элчин сайдын яаманд өндөр хүчин чадал бүхий тагнах, чагнах холбооны хэрэгсэл нууцаар тавигдсан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна. Энэ антенныг хэзээ Оросоос авсан, хаанаас тээвэрлэж ирсэн гэдгийг манай тагнуулынхан тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор Хятадын тал Улаанбаатарт байгаа БНАСАУ-ын Элчин сайдын яаманд өөрийн мэргэжилтнүүдээрээ угсруулсан гэдэг нь нотлогджээ. Тиймээс энэ антенаар дамжуулан Ардчилсан Солонгос болон Хятадын тал манай улсын стратегийн нууцуудыг мэдэж авч болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа аж. Манай улсад энэ антенн шиг орчин үеийн өндөр хүчин чадал бүхий чагнах, тагнах, нэвтрүүлэх, хүлээн авах, дамжуулах холбооны хэрэгсэл байхгүй боловч манай агаарын тагнуулынхан өөрсдийн нөөц бололцоо, хүч чадлаа ашиглан БНАСАУ-ын Элчин сайдын яаманд байрласан тэрхүү антенныг олж илрүүлээд бүтэн 24 цагийн турш хянасаар сар гаруй хугацааг ардаа орхисон нь сайшаалтай хэрэг юм. Бид энэхүү ноцтой асуудлаар ТЕГ-ын нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн газрын улсын ахлах байцаагч Ч.Ундралням нартай уулзаж доорхи хариултуудыг авлаа. Харин Гадаад харилцааны яамны технологийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Баасаннямбуутай уулзсан боловч тэр эрхэм хариулт өгөхөөс татгалзсан юм.

ТЕГ-ын ажилтан: “БНАСАУ-ын Элчин сайдын яаманд өндөр хүчин чадалтай антенн суурилуулсныг бид олж тогтоосон”
    -“Би энэ мэдээллийг сарын өмнөөс олж авсан. Зарим зүйлийг ярих хэрэгтэй боловч нууцын зэрэглэлтэй учир хариулах боломжгүй. Гэвч БНАСАУ-ын Элчин сайдын яаманд өндөр хүчин чадалтай антенн суурилуулсныг бид олж тогтоосон. Одоогоор бид тэрхүү антенн ямар зорилготой суурилагдсаныг шалгаж байна. Үүнд манай Агаарын тагнуулын алба оролцож байгаа нь үнэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэх шаардлагагүй бөгөөд элдэв шуугиан сенсааци гарахаас бид сэргийлж байна” гэж хариуллаа.

Мэдээлэл холбоо харилцааны технологийн газрын Улсын ахлах байцаагч Ч.Ундралням: “Энэ антенныг Хятад мэргэжилтнүүд угсарсан гэдгийг ч тогтоосон”
    -“БНАСАУ-ын элчин сайдын яаманд Орост үйлдвэрлэсэн “Родина-17” гэдэг өндөр чадалтай антенн тавигдсаныг 14 хоногийн өмнө манайд ТЕГ-аас мэдэгдсэн. Үнэхээр антенн тавигдсан байна. Монгол Улсын харилцаа холбооны тухай хуулийн 41.2.Б заалтыг зөрчиж байгаа боловч тухайн орны дотоод асуудал учраас бид яаж ч чадахгүй байна. Манай байцаагч нар очиж атташше нартай нь уулзсан байна лээ. Энэ антенныг Хятад мэргэжилтнүүд угсарсан гэдгийг ч тогтоосон. БНАСАУ-ын Элчин сайдын яамны зохих хүмүүс манай газарт хандаж зөвшөөрөл аваагүй боловч зохих агаарын харилцааны хуулиар төлбөрөө төлөөд байна” гэж ярьсан юм. Үнэхээр Улаанбаатарт нууцаар ямар ч зөвшөөрөлгүй цэргийн зориулалттай холбооны хэрэгслийг дуртай орон нь суурилуулаад байвал бид яах вэ? Ёстой гарын салаагаараа хамаг нууцаа алдана гэсэн үг. Ийм нөхцөлд хожимдсон боловч манай тусгай албаныхан сайн ажиллажээ.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn
       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top