Бүлгүүд зөвшилцөж чадахгүй бол гишүүд товчлуураар шийднэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан боловч уг асуудлаар АН-ын бүлэг албан ёсны завсарлага авч байгааг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанаар уншигдах гэж байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүгд хууль зөрчигдөж хийгдсэн зүйл. Уржигдар хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авсан байхад МАН-ын гишүүд үлдэж хуралдаад гаргасан зарчмын зөрүүтэй саналаар одоо энэ асуудал яригдах гэж байгаа нь хууль зөрчихөд хүрнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Түүнчлэн чуулганыг мухардалд оруулахгүйн тулд АН-ын бүлэг буулт хийсэн албан бичгийг МАН-ын бүлэгт албан ёсоор өгсөн боловч одоо хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд бид МАН-ын бүлгийн албан ёсны байр суурийг авсны дараа яах вэ гэдгээ ярилцах шаардлага байгаа. Нөгөөтэйгүүр энэ хуулийг хурдан хэлэлцэж гаргах цаг хугацааны болон зохион байгуулалтын бодит шаардлага ч бас байгаа. Хэрвээ энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол одоо хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа дагуу явахаас өөр аргагүй болно гэдгийг хэлсэн юм.

Харин МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин хэлэхдээ, АН-ын бүлгээс дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн бичигт аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт 6-р сард явуулах, сум, дүүргийн иргэдийн хурлын сонгуулийг намар явуулья гэсэн санал тавьсан байсан. Бүлэг өчигдөр энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлын талаар өмнө нь ч нэг бус удаа ярилцаж байсан. Тухайлбал, 3 дугаар сарын 6-нд энэ талаар ярилцахдаа ингэж нэг хэсгийг нь УИХ-ын сонгуультай хамт, нөгөөг нь намар гэж салгах боломжгүй. Ингэвэл Үндсэн хуулийн заалтыг зөрчихөд хүрнэ. Ингэхээр аймаг, нийслэлийнхэн том учраас Их Хуралтай хамт, сум, дүүргийнх нь бага учраас намар гэж хандах гээд байгаа юм шиг байдал олон нийтэд ойлгогдоно. Эсвэл ач холбогдлоор нь эрэмбэлэх гээд байгаа юм шиг ташаа ойлголт бий болох учраас хүлээж авах боломжгүй гэж үзсэн гэдгээ хэллээ. Тэгэхдээ салгаж явуулна гээд хаяхгүй. Үндсэн хуулийн 4-р бүлэгт байгаа орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай холбоотой зарим асуудлаар 6 дугаар сард УИХ-ын сонгуультай хамт ард нийтийн асуулга явуулж, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулья. Цогцоор нь шийдье гэж бүлгийн хурлаас шийдсэн гэдгээ мэдэгдэв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намуудын бүлгийн ахлагчдын байр суурийг сонсоод “Бидэнд асуудлыг ухрааж хойш тавих цаг байхгүй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид энэ асуудлаар маргалдаж маш их цагийг өнгөрөөлөө. Үүнд УИХ-ын гишүүд цөмөөрөө тал талаас нь дүгнэлт хийх хэрэгтэй. Иймд хоёр намын бүлэгт маргаад байгаа асуудлаа өнөөдрийн дотор шийдэх хугацаа байна. Хоёр нам энэ асуудлаа өнөөдөр шийдэж чадахгүй бол УИХ-д бас хууль бий. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд аль ч намуудын эрх ашгийг биш өөр өөрийнхөө саналаар саналаа хураалгаад явуулж бай гэсэн ард түмний мандат, ард түмнээс өгсөн тэр эрхээ ашиглаад асуудлыг шийдэхэд хууль зөрчсөнд орохгүй. Иймд бид энэ хуулийн маргааны асуудлыг шийдэхийн тулд хоёр намын бүлэгт сүүлчийн ярилцах боломжийг олгож байна. Үүнээс цааш ухрах, хойш тавих цаг байхгүй. Сонгууль явагдах тодорхой хугацаатай” гэдгийг намын бүлгийн ахлагч нарт хатуухан санууллаа.

Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж асуудлыг ярилцахаар боллоо. Хэрэв намын бүлгүүд зөрүүтэй байгаа байр сууриа ойртуулж зөвшилцөлд хүрч чадахгүй бол УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэж гишүүд өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу саналаа өгөхөд хүрэх бололтой. УИХ-ын сонгуулийн товыг ирэх долоо хоногт зарлах гэж байхад Орон нутгийн хурлын сонгуулийн асуудлыг нэг мөр шийдэж чадахгүй өдий хүрсэн нь намын бүлгүүд өөр өөрийн хатуу байр суурийг хамгаалж ирсэнтэй холбоотой юм.

УИХ-ын даргын зүгээс энэ асуудалд ихээхэн уян хатан хандаж намын бүлгүүд байр сууриа ойртуулах, зөвшилцлийн замаар асуудлыг шийдэх боломж олгож байсан. Хэрэв намын бүлгүүд УИХ-ын даргын сануулгын дагуу өнөөдөртөө багтаж энэ асуудлыг эцэслэх гарцыг хамдтаа олж чадахгүй бол маргааш эрхэм гишүүд аль товчлуураа дарахаас орон нутгийн хурлын сонгуулийн хувь заяа шийдэгдэх нь ээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top