Хөөрхий дөө Н.Энхбаяр

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20


Нэгэн цагт бирдтэй зүйрлэгдэж байсан Н.Энхбаярыг өрөвдөх сэтгэл цөөнгүй хүний дунд бий болжээ. Энэ бол Монголчуудын зан.  Доройг нь өмөөрч, хүчтэйнх нь эсрэг ханддаг нүүдэлчдийн зан. МАХН-ын нэгэн гишүүн эмэгтэй асгартал уйлж цэнхэр дэлгэц эзэгнэж байх юм. Уг нь тэр эмэгтэйд санаа зовох юм зөндөө бий. Амьжиргаагаа хэрхэн дээшлүүлэх, хэдэн хүүхдийнхээ ирээдүйг хэрхэн төлөвлөх, эрүүл энх, урт наслан хүүхдүүддээ хэдэн жил харагдахаас эхлээд Н.Энхбаярыг өрөвдөхөөс илүү том зүйл бий нь дамжиггүй. Чих тавихнээ уйлуулж, жагсаах нь төлбөртэй ч гэх шиг таагүй зүйлс сонсогдох л юм. Би ч бас Н.Энхбаярыг өрөвдөж байна. Өрөвдөхөд учир бий.

            Авлига, хээл хахуулийн сүлжээг төрийн дээд түвшинд бий болгосон хүн нь яахын  аргагүй Н.Энхбаяр. Тэр өнөөдөр хийсэн хэргийнхээ улмаас аавын хаалга татсан. Халаасны хулгайч, Н.Энхбаяр хоёрын хооронд ялгаа бий юу гэсэн асуудал гарч ирнэ. Хэдэн хүүхэддээ хямд үнээр ахиухан хоол цуглуулахаар хүнсний зах явж байгаа эхийн халаасыг ухсан хулгайчид хүний үнэр гэж үгүй. Уг халаасны хулгайч тэр гэр бүлийн нэг өдрийн хоолыг жишим ч үгүй хулгайлж орхино. Тэгвэл Н.Энхбаяр автобусанд явж хэн нэгний халаас ухаагүй ч хийсэн хэргээрээ энэ этгээдийн дэргэд хамаагүй хохиролтой.

            Авлига, хээл хахууль, төрийн тунгалаг байдлыг алдагдуулна гэдэг маш том хулгай. Төрийн нэртэй түмний өмчөөс хулгайлна гэдэг  монголын бүх хүний халаасыг ухаж байна гэсэн үг. Тэгэхлээр хамаагүй том хулгайч. Н.Энхбаярын хийсэн хамгийн том хулгай бол ард түмний төрд итгэх итгэлийг хулгайлсан явдал. Түүний бий болгосон дарангуйллын тогтолцоо, албан тушаалын наймаа, хувийн хэвшлийг дарамталж хувьдаа татвар татдаг гаж зуршил, адгийн луйварчин завшиж шударга нэг нь өлөн зэлмүүн амьдардаг бусармаг хэвшлийн улмаас ард түмний төрд итгэх итгэл алдарсан.

            Өнөөдөр төрийн албанд ажилладаг болгоныг хулгайч шиг үздэг нь хэвшил болжээ. Үүнийг хэн бий болгосон бэ? Төв аймгийн мөрдөнд сууж байгаа нөхөр шүү дээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж, намынхаа нөхдөд ад шоод үзэгдэж эхэлсэн цагаасаа шударга  нэгний дүрд хувирсан. Матар хэзээ ч шувуу болохгүйтэй адилхан Н.Энхбаяр авлига, хээл хахуулийг устгаж, ард түмнээ хайрлаж байгаагаа зарласан нь дэндүү үнэмшилгүй сонсогдсон. Мөн төрийг олигархиудаас салгацгаая хэмээн их ч орилсон доо.

            Тэгвэл төр олигархийн тогтолцооноос салахын тулд Загалмайлсан эцгийг нь барилаа шүү дээ. Түүнийг авлигын “Загалмайлсан эцэг” гэдгийг албан ёсоор зарлаж, нэршүүлсэн хүн нь өдгөө дэргэд нь яваа “анд” М.Энхсайхан билээ. Н.Энхбаяр нээрээ л хүн таньдаггүй юм байна. Үүнд нь би Н.Энхбаярыг өрөвдөж байна.

            Н.Энхбаяр болон түүний шадар нөхөд Төв аймгийн мөрдөнг дэлхийд байхгүй харгис шорон хэмээн зарлав. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байхад нь Төв аймгийн мөрдөн байж л байсан. Саахалт айлынхаа төлөг, шүдлэн цааш нь хийсэн малын хулгайчаас эхлээд Н.Энхбаярын дургүйг хүргэсэн албан тушаалтнууд хүртэл тэнд хоригдож л байсан. Тэр үед Н.Энхбаяр уг мөрдөнг дэлхийд байхгүй харгис гэдгийг мэдэж л байсан байна. Хааж, нурааж байхгүй яасан юм. Энд логикийн алдаа гарч ирж байна. Өөрөөр хэлбэл харгис гэдгийг нь мэдээд дургүйг нь хүргэсэн үйлтнүүдийг хийж гэсгээдэг байсан байх нь. Өөрөө орох болохоор дэлхийд байхгүй харгис шоронд хийх гэлээ хэмээн орилсоныг нь би өрөвдөж байна.

            Н.Энхбаярын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог гэгддэг Хүний Эрхийн  Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж мөн л уг мөрдөнг хүний эрх зөрчсөн бүтэхгүй газар байна хэмээн мэдэгдэв. 7 дугаар сарын 1-ний  үймээнээр  шил виски, ширхэг тамхи авсан насанд хүрээгүй жаалуудыг Төв аймгийн мөрдөнд хорьж, эрүү шүүлт тулгаж байхад нь Н.Энхбаяр, Ж.Бямбадорж нар яагаад дуугүй байсан юм.  Үүнд нь би Н.Энхбаярыг өрөвдөж байна.

            Н.Энхбаярын шоронгооос бичсэн захидал гэгч, намынх нь нөхдийн ярьж байгаагаас сонсоход өөрийг нь хорьсон явдал томчуулын захиалгатай нухчин дарах оролдлого гэнэ. Мөн бүхий л хууль хяналтын байгууллагуудыг улс төрчдийн захиалгаар ажилладаг хэмээн буруутгалаа. Үүнээс харахад  Н.Энхбаяр төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж байхдаа хууль, хяналт болон хүчний байгууллагуудыг өөрийнхөө явцуу эрх ашгийн төлөө өшөө авах хэрэгсэл болгон удирддаг байсан гэдгээ ил тод зарлаж байгаа хэрэг бус уу. “Юун гуя” гэдэг шиг нуухаа авах гээд нүдээ сохолно гэдэг л энэ байх даа. Тэр захидлаа “Би айхгүй байна” хэмээн гарчигласан байна лээ. Айж байнаа хөөрхий.

Н.Энхбаяр улсаасаа илүү баян гэдэг нь үнэн бололтой. ТV-9 телевизийн тоног төхөөрөмж, Өргөө зочид буудлын болон Улаанбаатар таймс сонины хувьчлалыг тун ч өчүүхэн зүйл хэмээн үзэж байна. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийг халаасны мөнгөтэй зүйрлэж байгаа нь гэр, гадаах хоёроо ялгахаа больсон хөлгүй баян гэдгийг нь тодотгоод байгаа юм. Баригдаж явсан гэр нь хүртэл өөрийнх нь биш эцгийнх нь гэдгийг сонсоод гайхшралд оров. Түүний хийж байгаа үйлдэл, хэлж буй үг бүхэн алдаатай байгааг хараад өрөвдөж байна. Мэдүүлэг энэ тэрээ өмгөөлөгчөөрөө дамжуулж өгөхгүй бол мань эр ч өөрийгөө баллаж тавих бий дээ.

            Төрийн өндөр алба хашиж байсан хүн бүү хэл эгэл жирийн мань мэт нь ч гэсэн хуулийг хүндэлж, хуулийн дор амьдардаг. Гэтэл ард түмний сэтгэлийг уймруулж, өөрийгөө өрөвдүүлэхийн тулд бүхэл бүтэн жүжиг тавьж цагдаагийн байгууллагаар тоглож байх юм. Дамжлуулаад гарч байгаа нь нээрээ л өрөвдөлтэй харагдсан. Ард түмэн гэдэг могойд барьдаг мод биш.  Нэг хүн ч бай, нэг хэсэг хүн ч бай бүх ард түмнийг шууд төлөөлж чадахгүй. Би, бид гэсэн биеийн төлөөний нэг, хоёрдугаар  бие дээр л ярих хэрэгтэй. Бүх ард түмэн эмгэнэн гашуудаж, Н.Энхбаярыг суллахыг шаардаж байна гэдэг нь юу л бол... Ард түмэн харин ч авлигачдыг гэсгээж, олигархиудын төрөөс хулгайлсан бүхнийг эргүүлэн авахыг хүсч байна шүү дээ.

Би хүүхдүүддээ “Өрөвдүүлж амьдарснаас атаархуулж яв” гэж тогтмол хэлдэг. Өрөвдөлтэй юм энэ дэлхийд олон бий. Эцэг эхээ алдсан өнчин ядуус, дайн тулааны хөлд голомтоо сүйрүүлсэн ард түмэн, өвчин зовлонд шаналсан олон сая хүн гээд өрөвдөөд байвал энэ бие гүйцэхгүй.

Өнөөдөр гучин хэдэн он биш. Тэр он жилүүдэд хэлмэгдсэн гуч, дөчин мянган хүмүүс л хөөрхий. Үүний дэргэд Н.Энхбаярын хэрэг юу юм бэ? зүгээр л дээр өгүүлсэн халаасны хулгайчийг барьсантай ижил шүү дээ. Тэгвэл Төв аймгийн мөрдөнд байгаа бүх хүнийг сулла л даа. Гэм буруутай бол ялаа эдэлнэ. Үгүй бол гараад л ирнэ. Үүнд  юунд нь өрөвдөөд, уйлж хайлаад байгаа юм. Н.Энхбаярын даалгавраар Д.Энхбат агсныг Францаас хүртэл барьж ирээд шорон дамжуулж хорьсоор эцэст нь аминд нь хүрсэн шүү дээ. Тэр хүн үнэхээр гэм буруугүй байсан нь тогтоогдсон. Түүнийг яагаад өрөвдөөгүй юм.  Энэ мэтчилэн өрөвдөх асуудлыг тоочоод байвал дуусахгүй биз ээ.

 Н.Энхбаяраас эхлээд бид өөрөө өөрсдийнхөө энэ ухаангүй зан, харалган бодлыг л өрөвдөж жигших хэрэгтэй болов уу. Өрөвдүүлж амьдарснаас атаархуулж амьдар.

Г.Төртүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top