”Донж” Б.Төгөлдөрийг оршуулах үед тэнгэрт цагаан солонго татжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

2012 оны дөрөвдүгээр сарын 19–ний шөнө “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр  өвчний улмаас таалал төгссөн. Б.Төгөлдөр агсныг  сүүлчийн замд нь үдэх ёслол  өнгөрсөн даваа гарагийн 23-нд  болжээ. Улаанбаатараас 60 км, Дарханы замд байрлах "Нью Семетри" оршуулгын газар болсон талийгаачийг үдэх ёслолд  түүний ар гэрийнхэн, анд найз нар, хамтран зүтгэгчид, улс төр, урлаг спортын алдартнууд болон түүнийг хүндэлж явдаг олон хүмүүс  оролцсон байна. Б.Төгөлдөр агсанд зориулсан эмгэнэлийн үгийг түүний охин болон найз нь унших үед тэнгэрт бүтэн тойрог  цагаан солонго гэнэт тодорч, 7 минут хэртэй харагджээ. Б.Төгөлдөр агсныг тэнгэрт хальсан шөнө цас орж байсан бол сүүлчийн замд нь үдэх өдөр ч мөн цас оржээ. Монголчууд цас бороог тэнгэрийн нулимс, тэнгэрийн тайтгарал гэж үзэх нь бий. Оршуулах ёслолын үеэр долоон минутын турш тодорсон энэхүү  дугуй хэлбэртэй цагаан солонгыг тэнд байсан 100 гаруй хүмүүс харсан байна. Тэнд байгсдын нэг нь гар утсаараа бичлэг хийж, зураг дарж амжсаныг манай сайт та бүхэнд хүргэж байна. Бид энэхүү сонирхолтой  үзэгдлийн талаар Б.Төгөлдөр агсныг сүүлчийн замд нь үдэлцсэн алдартнуудын нэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахаас утсаар тодруулсан юм.

-"Ахын маань эмгэнэлийг уншиж байх яг тэр үед гэнэт тэнгэрт  дугуй хэлбэртэй цагаан солонго татсан.  Ойролцоогоор 7-8 минутын турш харагдсан даа. Ах минь өөрийгөө “Намайг хорвоогоос буцахад тэнгэр уйлна. Намайг гэрлээр авч явна” гэдэг байсан. Би хараад үнэхээр их гайхаж, бас биширч байлаа. Төгөлдөр ах маань хүнийг ажил мэргэжил, өнгө мөнгөөр ялгадаггүй хүн гэдэг үүднээс нь бүгдтэй адилхан харьцдаг  дэндүү энгийн хэрнээ аугаа их сэтгэгч байсан. Тэр бол  мөнх хөх тэнгэрээс өгөгдөлтэй нэгэн байсан гэдгээ тэр өдөр бидэнд харуулах шиг болно лээ. Ийм сайхан ахыгаа, агуу хүнээ алдсандаа харамсаад барахгүй байна даа. Ах минь  цагаан зам татуулсаар бурхны орноо одлоо.  Ажил явдал дөнгөж өнгөрөөд удаагүй байхад нь өөр олон юм яримааргүй байна” гэсэн юм.  

Б.Төгөлдөр агсны түүчээлэн хөтөлдөг байсан  "Тархины түгжээ мултлагч” нэвтрүүлэг "Чамайг ертөнцөд төрөхөд чи л ганцаараа уйлж бүх хүмүүс инээмсэглэдэг, Чамайг ертөнцөөс буцахад чи л инээж бусад нь уйлж байхаар үнэн амьдар…” хэмээн эхэлдэг байсан билээ. Энэхүү үгийг нь талийгаачийн дурсгалд зориулсан суварган дээр алтан шар үсгээр сийлсэн нь тодоос тод харагдаж байна. Бас гайхал төрүүлсэн тэнгэрийн цагаан солонгыг та бүхэн харж байна.

 

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top