“Хувьцааны цагаан толгой” номын нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

Өнөөдөр “Blue Sky tower”-ийн 3-р давхарын “Diamond Ballroom” хурлын зааланд “Стандарт Капитал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн санаачлан бүтээсэн “Хувьцааны цагаан толгой” номын нээлт боллоо. Монголын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хишиг хувь хүртээж байгаатай холбогдуулан энэхүү номыг гаргажээ. Дээрх хувьцаагаа сольж бэлэн мөнгө авах, нэрлэсэн үнээр нь Засгийн газарт худалдах сонголт иргэдэд байгаа. Тиймээс хувьцааны талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэлтэй иргэдийн асуултад хариу өгөх зорилготой  “Хувьцааны цагаан толгой” хэмээх номыг бүтээжээ. Энэ ном нь бүх насны хүмүүст зориулсан энгийн хэллэгтэй, сонирхолтой хэлбэрээр бүтээгдсэн бөгөөд үнэт цаасны данс яаж нээлгэх, хэрхэн арилжаанд оролцох, хувьцааны үр ашиг, хувьцаа эзэмшигчийн эрх гэж юу болох болон үнэт цаасны зах зээлийн талаарх А-Я хүртэлх үндсэн мэдээллийг агуулсан байна.

Үнэт цаасны зах зээлд идэвхтэй оролцож, орлогын хуримтлал үүсгэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүс, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшихээр сонголтоо хийсэн иргэд чухал хэрэгцээтэй ширээний номоо болгохыг хүсвэл 5000 төгрөгөөр аль ч номын худалдаанаас авах боломжтой аж.

Т.Ялгуун

Top