Д.Энхбат хэрээ мэдээд нэр дэвшихээс татгалзав уу...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өчигдөр болсон намын хурал дээрээ ИЗНН-ын дарга Д.Энхбат Их хурлын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлажээ. Тэрээр улс төрөөс илүү өргөн хүрээний ажил хийх талаараа ч мэдэгдсэн байна. Түүний ингэж нэрээ дэвшүүлэхээс татгалзсныг олон нийт янз бүрээр таамаглаж байна.

Зарим нь түүнийг Датакомоо Бодь группт зарснаас үүдэн хангалттай санхүүгийн эх үүсвэр байхгүй болсноос ингэлээ хэмээн таамаглаж байхад , нэг хэсэг нь Хууль зүйн сайдыг огцруулах асуудал дээр сонгогчдынхоо сэтгэлийг гонсойлгосноос шалтгаалж  ахин гарах шаансгүйгээ мэдээд улс төрийн соёл гарган зайгаа тавьж өгч байна гэж дүгнэж байна.

Бас бүр “серьёзный” гэмээр таамгууд ч гарч ирж байна. Мань нөхөр цөмийн хог хаягдалтай холбоотой нууц хуйвалдаанд оролцсон нь илэрч магадгүйг тооцоод улс төрөөс хөндийрч байгаа “соёлтой” эр хэмээх хүмүүс ч байна.

Ямартаа ч намын дарга нь нэр дэвшихгүй байна гэж бодохоор тухайн намын рейтинг ямархуу байгаа нь тодорхой харагдаж байна. Бусад намуудыг бодвол нэр цэвэр гэдгээрээ ялгардаг ИЗН-ын хувьд Д.Энхбатын үгэнд орж Ногоон намтай нэгдснээрээ иймэрхүү үед хүнд цохилтонд орж байна гэж үзэхээр. Тэр бүү хэл Д.Энхбатыг одоогийн эрх баригчдаас захиалга аван энэхүү үйлдлээ хийлээ хэмээн хардах хүмүүс ч мэр сэр байна.

“Форум” Энхбатын улс төрийн карьер үүгээр дуусгавар болж байгааг үгүйсгэх аргагүй. Цаашид улс төр биш, өөр ямар өргөн хүрээний ажил хийхийг нь харах л үлдлээ.

Д.Мөнхөө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top