И.Наранзул: Мягмар эмч гурван удаа согтуу хагалгаа хийж, би эрэмдэг болсон

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

 Согтуугаар хагалгаа хийсэн байна

Тангараг өргөсөн эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж, эрүүл мэндээрээ хохирсон, тахир дутуу болсон гэх харамсалтай хэргүүд цөөнгүй гарах болжээ. Ялангуяа, Монголдоо шилдэгт тооцогддог Улсын эмнэлгүүдүүд гарах болсон нь хамгийн том эмгэнэл болоод байна. Үүний нэг томоохон жишээ нь, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт өвдсөн шүдээ үзүүлэхээр очоод, эрэмдэг болсон нэгэн залуу юм. 2009 онд шүд нь буглаж, хүндэрсэн учир хагалгаанд орохоор болжээ. Хагалгаанд ороод өөрийгөө эрэмдэг болно гэдгээ мэдээгүй тэрээр одоо хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа аж. Ингээд түүнтэй болсон явдлын талаар ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулаад болсон явдлын талаар ярихгүй юу?
-Намайг Ишдоржийн Наранзул гэдэг. Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд амьдардаг. Одоо 23 настай. 2009 онд миний шүд буглаад, эрүүний хагалгаа хийлгэхээр болсон. Хагалгаа хийлгэх учраас хувийн эмнэлгүүдэд хандаад яахав, найдвартайгаар нь улсын эмнэлэгт хийлгэе гээд УКТЭ-т хандсан. Намайг тус эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Д.Мягмар хүлээн авч уулзсан. Би Д.Мягмар эмчээс ямар хагалгаа хийлгэх үү, хагалгаа хийвэл зүгээр болох уу гээд зөвлөгөө авсан. Тэгэхэд Д.Мягмар эмч тав дахь өдөр эмч нарын зөвлөлгөөнөөр оруулъя гэсэн юм. Зөвлөгөөнөөр ороод хагалгаа хийлгэхээр болсон. Эхний мэс заслаар буглаа, эрүүний ясандаа орсон гээд эрүүний ясыг авсан. Дараагийн хагалгаагаар шилбэний яснаас найман см-ийг авсан юм. Тэр үед ээж залуу хүүхэд шүү дээ. Тулгуур яснаас авч болох уу гэж эмчээс асуухад, болно, би энэ хагалгааг гурав дахь удаагаа хийж байна. 100-ний 99 хувь нь баталгаатай гэж хэлсэн. Гэтэл миний нүүр 40 хувийн гажилттай өрөөсөн эрүүгүй болчихоод байна.

-Хэдэн удаа хагалгаанд орсон юм?
-Анх 2009 онд хагалгаа хийлгэсэн. Түүнээс хойш зургаан удаа ороод байна. Гэхдээ хагалгаа бүр амжилтгүй болсон. Хамгийн сүүлд эрүүний ясаа шилбэний ясаар орлуулдаг хагалгаа хийлгэсэн. Гэтэл миний зүүн хөлний эрхий хуруу мэдээгүй болсон. Одоо удаан зогсож чадахгүй, гүйж болохгүй эрэмдэг болчихоод байна. Хөл маш их янгинаж өвддөг. 23-хан насандаа эрүүл мэнд, эдийн засаг бүх л зүйлээрээ хохирлоо. Би “Эрэл” компанид токарчнаар ажилладаг байсан. Гэвч дарга маань “чи босоогоор ажиллаж чадахгүй, гагнуур хийх, төмөр өргөх зэргээс авахуулаад хүнд учраас чи чадахгүй” гээд ажлаас халчихсан. Би группын 43000 төгрөгөөр яаж амьдрах билээ дээ. Ажилд оръё гэвч авах газар алга.
-Мягмар эмчтэй уулзсан уу. Хохирлыг тань барагдуулна гэнэ үү?
-Намайг нэг удаа өрөөндөө дуудаж уулзсан. Тэгээд “Чи яагаад хэвлэлийнхэнд хандаад байгаа юм. Чи нэг сая төгрөгөө буцаагаад ав” гэж хэлсэн. Гэхдээ миний хохирлыг барагдуулна гэж хэлээгүй. Мөн “Чи хуучин хэвээрээ л байна ш дээ” гэж инээж, тохуурхаж байсан удаатай.
-Хагалгаа хийлгэхдээ нэг сая төгрөг өгсөн юмуу?
-Тийм. Нэг сая төгрөг тушаасан. Гэтэл хагалгаа үр дүнгүй болонгуут чи төлбөрөө буцаагаад ав гэж хэлж байгаа юм. Хуулиндаа улсын эмнэлэг мөнгө авах ёсгүй юм билээ. Би 2009 оноос хойш УКТЭ-ээр үзүүлж байна. Д. Мягмар эмчийг сайн мэднэ. Тангараг өргөсөн эмч байж, хүнийг зоосны нүхээр хардаг. Намайг хэл амаар их доромжилсон. Чи бүтэлгүй, чиний заяа чинь тэр, одоо яая гэхэв гэж хэлж байсан. Өөрөө хариуцлагагүйгээс ийм алдаа гаргачихаад хүнийг ингэж доромжилж болох уу. Д.Мягмар эмчид үнэхээр гомдолтой байна.
-Эмнэлгийн удирдлагууд юу гэж байна?
-Эмнэлгийн даргатай нь уулзах гэсэн боловч чадаагүй. Тэгээд эмнэлгийн Эмчилгээ хариуцсан орлогч дарга Цэрэнлхамтай уулзсан. Гэтэл тэр хүн, бид ёс зүйгүй аашилсан эмчдээ арга хэмжээ авна.  Харин хагалгааны асуудлаа та хоёр хэл амаараа эвтэйхэн ололцчих. Тэгэхгүй бол цагдаа, шүүх болно шүү. Эртхэн зохицуулсан нь дээр гэж хэлсэн. Ер нь одоо эмч нарын үгэнд итгэх хэрэг алга. Мөнгө аваад байхаар нь найдвартай юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ эмч нар хүний эрүүл мэнд гэхээсээ илүү бизнес хөөдөг болсон байна.

-Ламбаа сайдад хандаж үзсэн үү?
-Уулзсан. Мөн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд хариуцсан дарга Оюунцэцэг гэдэг хүнтэй ч уулзсан. Гэтэл хоёулаа “Ажлаас нь хална гэсэн ойлголт, журам байхгүй. Гэхдээ ажилдаа хариуцлагагүй хандсан эмчид хариуцлага тооцно. Тэгээд эргээд тантай холбогдоно” гэхээс өөр зүйл хэлээгүй.
-Өмнө нь гурван хүнд хагалгаа хийсэн эмч туршлагатай л баймаар юм?
-Гурван хүнд хийсэн гэдэг нь худлаа юм билээ. Ном уншиж байгаад хийчихсэн гэсэн. Тэгэхээр би энэ эмчийн туршилтын хүн болчихсон байгаа юм. Хэрвээ туршилт гэж хэлсэн бол би  энэ хагалгааг хйилгэхгүй байсан. Гэтэл надад өмнө нь, гурван хүнд хийсэн, 100-ны 99 хувь нь баталгаатай гэж хэлсэн шүү дээ. Тэр хүний туршилтаас болж, би эрэмдэг болчихлоо. Гурав дахь хагалгаандаа бүр согтуу байсан. Хүн эрүүл саруул болъё л гэж эмнэлэгт ханддаг болохоос биш, эрэмдэг зэрэмдэг болох гэж эмнэлгээр үйлчлүүлдэггүй гэдгийг эмч нар сайн ойлгох хэрэгтэй байна.
-Одоо биеийн тань байдал хэр байна?

-Эрүүл мэндийн талаасаа ч, гоо сайхны талаасаа ч үнэхээр хэцүү байна. Хагалгаа хийх бүрдээ хэлний доодохыг задалдаг байсан. Тэгээд завьжнаас татаад оёчихдог. Гэтэл одоо миний хэл амнаасаа гардаггүй.  Би заавал шингэн юм ууж иддэг. Хоол боловсруулж чадахгүй учраас ходоод их өвддөг. Зовиур ихтэй болохоор унтаж ч чадахгүй байна. Ер нь хагалгаанд орох бол эмнэлэг болон эмчээ сайн судлах хэрэгтэй. Хэн нэгэн эмчийн үгэнд хууртвал, насаараа тахир дутуу болох юм байна.
-Дахин хагалгаанд орж, нүүрээ засуулах боломжтой юу?
-Болно. Гэхдээ ажилдаа хариуцлагагүй ханддаг, мэдлэггүй монгол эмчийн гараар орж, өөрийгөө дахин баллахыг хүсэхгүй байна. Хагалгаанд орсноосоо хойш тал эрүүгүй боллоо, тав зургаан шүдээ авахууллаа, хөл маань явж чадах уу, үгүй юу гэдэгтээ тулсан. Шинээр хагалгаанд орж, хиймэл эрүү суулгаж болно. Тэрийг нь Солонгос улсад хийдэг юм билээ. Энэ хагалгаа нь 13 гаруй сая төгрөгний үнэтэй. Одоохондоо манай гэрийхэнд ийм их мөнгө алга. 2009 оноос хойш эмчилгээнд ихээхэн мөнгө зарцууллаа. Тиймээс Д.Мягмар эмчээр эмчилгээний зардлаа гаргуулж, эмчилгээ хийлгэмээр байна. Зөвхөн эрүү нүүр гэлтгүй, хөлөө ч гэсэн үзүүлж, эмчлүүлмээр байна. Би өмгөөлөгч хөлсөлсөн байгаа. Хэрэв миний хохирлыг барагдуулахгүй бол шүүхэд хандана.
Нийслэл таймс сониноос Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмч(203.91.112.138) 2014 оны 05 сарын 22

тийм шүү,хагалгаанд орохын өмнө,орсныхоо дараа манайд байнга оношлогоонд ордог байсан,тэр тоолондоо шаналгаа зовиураа ярьдаг байсан,одоо бие нь яаж байгаа бол доо,би өөр газар ажиллаж байгаа болохоор наранзулаас сураг тасарчээ

0  |  0
Top