Сонгуулийн эрх зүйн хариуцлагаар зөвлөлдлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14


    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн эрх зүйн хариуцлагын чиглэлээр анх удаа зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүд, сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд, хууль хяналтын болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож, сонгуулийн үеийн булхай зөрчлийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг оновчтой болгох арга замын талаар саналаа солилцлоо. Зөвлөлдөх уулзалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нээж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал “УИХ-ын сонгуулийн тухай хуульд хариуцлагын асуудлыг хуульчилсан байдал”, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх хорооны гишүүн Д.Цэдэн-Иш “Сонгуулийн сурталчилгааны үед хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт”, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав “Сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх асуудлууд”, Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Ц.Амарсайхан “Сонгуулийн зөрчил, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх нь”, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Ө.Энхтөр “Сонгуулийн үеэр гардаг хэрэг зөрчил-цагдаагийн байгууллагын үүрэг”, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Сонгуулийн санхүүжилтийн журам ба банкны үйл ажиллагааны зохицуулалт, хариуцлага” сэдвээр илтгэл тавилаа. Зөвлөлдөх уулзалтаар яригдсан сонгуулийн эрх зүйн хариуцлагын талаарх саналыг нэгтгэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт шилжүүлэхээр болжээ.
Эх сурвалж. “Өглөөний сонин”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top