Цөөхүүлээ хөлжихгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Ерөнхий сайд зурагтаар ингэж ярьж байна гэнэ. “Монгол Улсын нэг иргэнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 орчим ам.доллар боллоо. Энэ тоо 2012 онд 5000 ам.доллар болж өснө” гэж. Паах, тийм их мөнгө хэнд байгаа юм бэ. Надад уу. Үгүй, надад байхгүй. Чамд байгаа юм уу. Харваас чамд байхгүй л байна даа. Тэгээд хэнд гэж. Хамраа дээш нь сөхөж, хажуу тийшээ ярвайн харж яваа тэр эрхэмд байгаа юм болов уу.

Өдрийн 20 мянган төгрөгийн төлбөр авдаг цэцэрлэгт хүүхдээ оруулж хүчирдэггүй, хажуу айлын эгчид тэр мөнгө байхгүй. Тэр эгч арга ядахдаа жаахан хүүгээ ганц ч төгрөгийн хураамж төлдөггүй, үнэгүй цэцэрлэг бараадуулж явна. Зүгээр ч нэг бараадуулаагүй юм шүү. “Танил дарга, танил багш байна уу” гэж нэлээд сурагласан. Ерөнхий сайдын яриад байгаа 5000 ам.доллар түүний хүртэх ёстой баялаг мөн ч юм шиг. Гэхдээ хүүгийнхээ цэцэрлэгийн төлбөрийг хийж чадахгүй байгааг бодоход тэр эгчийнх биш ч юм шиг. Зурагтаар гардаг  хүмүүс аягүй ойлгомжгүй зүйл ярих юм.

Сонин хэвлэлээс уншаад байх нь ээ, баячууд Монголын сургуулиудын чанаргүйг гайхаж, хүүхдээ гадаадад сургахаар явуулдаг гэсэн. Тэгэхдээ бүр жилд 20 мянган ам.долларын төлбөр авдаг сургуулийг нь сонгодог гэх юм билээ. Ингээд бодохоор Ерөнхий сайд худлаа ярьсан юм биш үү. Монголд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллараас хол давдаг болж таарлаа. Бүр 10, магадгүй 20 мянган ам.долларын тухай ярих байж. Ер нь нэг монгол хүнд ногдох баялгийн тухай ярьж байгаа хүмүүс зурагтаар гардаг нь тэндээ л юм байгаа биз. Тоондоо муу нь гэдэг нь бас тэндээ л биз. Хэдэн үг аятайхан холбоод олигтойхон бодож байгаад хэлчихгүй, зүгээр.

Баячуудын халаасан дахь мөнгийг тоолж суух завтай хүн байхгүй гэж бодоо юу. Яадаг юм бэ. Би тэдний хаусны зургийг сонин дээрээс харсан. Надад бол үлгэрийн ордон шиг санагдсан. Гэтэл тэд ганц ийм байшинтай бол бусдаасаа ичдэг гэсэн. Харин би сарын цалингаа бүх насаараа хураагаад ч ганц ийм хаус авч чадахгүй.

Би тэднийг хотын гудамжаар давхиж явахыг нь харсан. Тэд хоёр хөлөөрөө явдаггүй. Тэд дөрвөн хөлтэй унаа сэлгэдэг. “Ferrari”, “Benz”, “Mclearn”-ийн шинэ загваруудыг унадаг. Ноорхой хувцастай, майжгий гуталтай хүмүүс хөлхөлдсөн хотын гудамжинд тэд улам содон, өнгөлөг, гайхмаар харагддаг. Холливуудын одод, барууны баячуудын өмсдөг дээд зэрэглэлийн үнэтэй брэнд хувцаснуудыг тэд өмсдөг. Тэгснээ “Монголчууд барууныхантай эн зэрэгцэж очлоо” гэж сайрхан ярьдаг. Тэд ийм л хүмүүс. Тэд хэн юм бэ. Тэд бол Монголын баялгийг эзэмшдэг 200 гэр бүл. Тэдэнд ногдох Монголын баялаг даанч их, даанч гайхуулмаар. Харин тэдний цаана 2.6 сая жирийн монголчууд бий. Тэдгээр жирийн иргэдэд ногдох Монголын баялаг даанч өчүүхэн, даанч гомдмоор.

Хотын захын хороололд амьдардаг жаахан хүү автобусны билет авах мөнгөгүй учраас өдөр бүр кондуктарт нь чичлүүлдэг. Хааяа 400 төгрөгтэй болохоороо мөнгөө хэмнэхийн тулд сургууль руугаа алхчихдаг. Түүнд сольж өмсөх хувцас байхгүй. Тийм болохоор тэр сургуульдаа явахаасаа ичдэг. Аав, ээж нь үр хүүхдээсээ мөнгө харамладаг болохоор бяцхан хүү ингэдэг гэж бодож байна уу. Үгүй. Аав, ээжийнх нь сарын цалин хоолны мах худалдаж авахад арай ядан хүрэлцдэг. Тэд үүрийн 7 цагаас үдшийн 7 цаг хүртэл борви бохисхийлгүй ажилладаг. Тэгээд олж авсан өчүүхэн бага цалингаараа хоногийн хоолоо аргацаан амьдардаг. Хонины нэг килограмм махны үнэ 8100 төгрөг байснаа 100 төгрөгөөр хямдарсан тухай мэдээг сонсоод эдний гэр бүлийнхэн баярлаж ханаагүй. Тэд энэ 100 төгрөгийн үнэ цэнийг сайн мэднэ. Тэд үүнийг эх орныхоо баялгаас хүртэж байна гэж ойлгоно. Улс орон нь хөгжиж, чинээлэг болж байгаа нь энэ гэж бодно.

Гэтэл Монголын баялгийг эзэмшдэг 200 гэр бүлийнхэн гэр хороололд амьдардаг хүүгийнхээс тэс ондоо. Тэд зах дээр зарагддаг хонины махыг бохир, заваан гэж голдог. Өөрсдийгөө зугаацуулах гэж авсан нохойндоо ч тэр махнаас өгдөггүй. Гаднаас тусгай онгоцоор тусгай хүнс захиалж авчруулж иддэг. Тэдний нохой нь Монголд байдаг хэрнээ монгол мах иддэггүй. Тэд тусгай хүмүүс. Тэд гудамжаар алхахаас цэрвэдэг. Үнэтэй хувцас нь шороо болж, тансаг гутлынх нь ул халтартах вий гэж болгоомжилдог. Гэтэл сая, сая монголчууд тэдний цэрвэдэг бүхнийг хэрэглэж, тэдний айдаг бүхэнтэй нүүр тулж, тэдний зугтдаг бүхэнтэй уулзаж явна. Зурагтан дотроос “Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 ам.доллар боллоо” гэж ярих амархан. Харин хотын гудамжинд зогсож байгаад ингэж хэлэх хэцүү.

Одоо больё. Ингэж цөөхүүлээ хөлжихгүй. Ингээд зогсъё. Дахиж ийм байдлыг хүлээн зөвшөөрч амьдарч чадахгүй нь. Эх орныхоо баялгийг олонхоороо хүртье. Олонхоороо хөгжье. Гэр хороололд амьдардаг хүү автобусны мөнгө, солих хувцасандаа санаа зовохоо болиг. Аав, ээж нь хоногийн хоолоо аргацааж биш, хойчийн хөрөнгө оруулалтад санаа тавьдаг болог. Хажуу айлын эгч сургалтын орчин нөхцөл сайтай цэцэрлэгт танил тал бараадахгүйгээр хүүхдээ харуулдаг болгоё.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top