Сан-Франциско хотод Exit-Poll хийгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Сан-Франциско хотноо нээгдсэн Монгол Улсын Ерөнхий Консулын газрын байранд 6 сарын 10-ны Ням гарагт УИХ-ын сонгуулийн 33-р хэсэг ажиллан санал хураалтаа явуулж 8:00 pm цагт дуусаад дүнгээ гаргалаа. Санал хураалтанд оролцохоор урьдчилан бүртгүүдсэн Сан-Франциско Бэй Аэриа орчмын 108 иргэдээс 65 хүн (нийт бүртгүүлсэн сонгогчдын 60.2 %.) биечлэн ирж саналаа өгөв. Тус хэсэг дээр Ардчилсан намаас томилогдсон ажиглагч Ю.Ариунзаяат, олон нийтийн төлөөлөлөөр Бэй Аэриагийн Монголчуудын Холбоон тэргүүн Ц.Хишигбаяр, тэргүүлэгч Д.Цэрэндорж нар ажиллав. 

Санал хураалтын явцад буруу тэмдэглэгдэн хүчингүй болсон хуудас гараагүй бөгөөд саналын хайрцагийг ЕКГ-ын ажилтан, ажиглагч, олон нийтийн төлөөлөлийн өмнө нээн саналаа тэмдэглэн битүүмжилсэн нийт дугтуйг тоолж Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлж тусгай уутанд савлан санал хураалт амжилттай явагдаж дууссаныг мэдэгдэв.

Ирүүлсэн удирдамжын дагуу томилон ажилуулсан 2 хүн хариулахыг зөвшөөрсөн. Нийт Сан Франциско хотын 50 сонгогчоос EXIT POLL судалгаа авахад АН 29 (58%), МАН 10 (20%), ИЗНН 7, (14%), МАХН 4 (8%) -ыг тус тус дэмжсэнээ мэдэгдэн бусад нам эвсэлийг дэмжсэн сонгогч гараагүй болно.

Санал хураалтанд оролцохоор заагдсан хугацаандаа багтан (5 сарын 30-ны өдөрийн 6:00 pm цагаас өмнө) бүртгүүлэхээр имэйл шуудангаар хүсэлт гарган паспортын хуулбараа хавсарган явуулсан гэр бүлийн 7 гишүүдийн материал ЕКГ-ын хүлээн авагч имэйл хаяг дээр заагдсан хугацаанаас хоцорч ирсэн гэдэг шалтгаанаар санал хураалтанд оролцож чадаагүй болно. Мөн сонгуульд оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх тухай тодорхой мэдээлэл аваагүй иргэд энэ өдөр олноор ирж саналаа өгөх боломжгүй болсондоо харамсаж байсан юм. Миний бие ийм шалтгаанаар буцаж байгаа 5 залуугаас аль нам эвсэлийг дэмжихээр ирсэн талаар асуухад 4 нь АН-ыг дэмжих саналтай байсан талаар мэдэгдэж байв.

Гадаадад суугаа монгол иргэд УИХ-ын сонгуулийн санал хураалтанд оролцсон ирц тааруухан байгаа тухай мэдээ ирсээр байна. Сонгуульд оролцох дүрэм журам цаг хугацааны хувьд нилээд тулгамдуу гарсаны дээр зарим иргэд өөрсдөө идэвх санаачлага гарган иргэний эрхээ эдлэн үүргээ биелүүлэх талаар хангалтгүй хандсандаа дүгнэлт хийж байгаа бизээ. Мөн намуудын гаргасан мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж судлан хийх сонголтондоо хариуцлагатай хандан эртлэн ирж саналаа өгч байгаа сонгогчид бас олон байсан юм. Ийнхүү Америкийн баруун эрэгт төрийн төлөөлөл болсон консулын байран дээрээ хүрэлцэн ирж ирэх 4 жилд эх орноо удирдан залах УИХ-ын сонгуулдаа иргэд саналаа өгөх анхны ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөлөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top