Охиноо хүчирхийлсэн хойд эцэгт арван жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Энэ гарчгийг уншаад та гайхаж байгаа байх. Учир нь манай улсад бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдол байдаг ч эцэгтээ, ахдаа, цусан төрлийн хүндээ хүчиндүүлсэн хэрэг тэр бүр гардаггүй. Харин энэ хэрэг одоогоос гурван жилийн өмнө Өвөрхангай аймагт гарчээ. Найман настайгаасаа хойш эцэгтээ хүчиндүүлсэн гэх охин одоо 12 настай. Тэрээр бүтэн гурван жилийн турш эцэгтээ хүчиндүүлж, тамлан тарчлуулж ирсэн байна. Хэн нэгэнд хэлвэл ална гэж айлган сүрдүүлж байсан учир хэнд ч хэлэлгүй гурван жилийг ардаа орхисон аж.

            Мэргэжлийн эмч нар дүгнэлт гарган удаа дараа хүчирхийлснийг тогтоон, 2009 онд эрүү үүсгэн шалгасан ч хуулийн байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин 2010 оны зургаадугаар сард хэргийг дахин сөхөж, энэ сарын наймны өдөр давж заалдах шатны шүүх хурал болсон байна. Шүүхээс түүний эцэгт чанга дэглэмтэй хорих ангид арван жил ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Охин математик, IQ тэмцээний гурван алтан медальтай, онц сурлагатан сэргэлэн цовоо нэгэн байсан. Мөн эцэгтээ хүчиндүүлснээсээ хойш сэтгэл зүйн хүнд дарамттай байгаа төдийгүй, орон гэргүй, айлын хажуу өрөө хөлслөн амьдарч буй аж. Иймд хохирогчдын зүгээс эцэгт нь оноосон ялыг хөнгөн хэмээн үзэж байгаа аж. Түүний эцэгт тохирсон ялыг оноох, сэтгэл зүйн дарамтад байгаа охиныг нийгэмшүүлэх, түүнийг орон гэртэй болгох үүднээс “Ай Си Монголиа” ТББ, Герман улсын Элчин сайдын яам хамтран ажиллаж байгаа юм байна.

            Ер нь манай улсын хувьд хүчингийн хэргийг хаалттай хэлэлцдэг учир цагдаагийн байгууллагаас хүчингийн хэрэгтэй холбоотой мэдээллийг зарлаад байдаггүй. Мөн хүний нэр төр, нийгэмд айдас түгшээхгүй гэдэг утгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацдаггүй. Иймд оны эхний гурван сарын байдлаар гарсан хүчингийн 97 хэргийн хэдэн хувийг бага насны хүүхэд эзэлж байгааг мэдэх боломжгүй юм. Гэвч хүчингийн хэрэгт бага насны хүүхэд ихээхэн өртдөгийг өнгөрсөн онд гарсан хүчингийн хэргүүд гэрчилнэ.

            Баримт 1. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт бага насны охиныг орцонд нь хүчиндээд зугтсан хэрэг гарсан. Охины нүүр хавдаж, хөхөрсөн, бүх бие нь цус болсон байдалтай олдсон байна.

            Баримт 2. Мөн оны тавдугаар сард Хөвсгөл аймагт хичээлдээ явахаар гарсан наймхан настай охиныг хүчиндэн дур хүслээ хангаад амь насыг хохироож, барьж  явсан цүнхэндээ хийн жалганд хаясан онц ноцтой хэрэг гарсан.

            Баримт 3. Сургуулийн босго алхаад удаагүй зургаахан настай  охиныг ангид нь орж хүчиндсэн.

            Баримт 4. Гэртээ унтаж байсан 13 настай охиныг хөнжлөөр нь ороон авч яваад хүчиндэж, зэрлэгээр хөнөөсөн.

            Баримт 5. Гэртээ байсан эгч дүү болох тав, арван настай хоёр охины эгчийг нь хүчиндэж, хоолойг нь хэрчин амь насыг нь хөнөөсөн.

            Баримт 6. Гэрийнхээ гадаа тоглож байсан 8-10 насны гурван охиныг хүчирхийлсэн.

            Баримт 7. Оны өмнөхөн сургуульдаа явж байсан найман настай охиныг машиндаа чирж оруулан хүчиндээд хаясан. Ес эхэлж, жавар хурсан өдөр байсан учир охины хөл хөлдөж, шээж чадахаа байсан гээд сэтгэл өвдөм хэргүүдийг дурдаад байвал дуусахгүй.

            Эдгээр дурдсан хэргүүд тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан онц ноцтой хэргүүд юм. Үүний цаана илчлэгдээгүй гурван жилийн турш хойд эцэгтээ дарамтлуулсан охин шиг хэдэн хүүхэд байгааг бид мэдэхгүй. Хүүхэд хүчирхийлэгчид ихэвчлэн дур хүслээ хангах гэсэн гаж донтнууд байдаг. Тэд охидыг сургууль орох, гэртээ харих замд нь ангуучлан зогсдог байна. Гэтэл үл таних этгээдэд биш, хэн нэгэн хүслээ хангах гэсэн донтонд биш, өөрийн хойд эцэг, цусан төрлийнхөндөө хүчиндүүлж байгаа энэ цагт бяцхан охидоо хэрхэн хамгаалах вэ.

Эх сурвалж: “Нийслэл таймс”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
deity(202.179.10.66) 2013 оны 03 сарын 20

boowiig ni ta***ad hay hun bish nowsh yum bn uhwel taarchee

0  |  0
deity(202.179.10.66) 2013 оны 03 сарын 20

boowiig ni tasd

0  |  0
Top