Хүнд таалагдахын тулд...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Хэн нэгэн хэзээ ч бүтэшгүй зүйлсийг төвөггүй амжуулж чадахаа амлаж байвал сонгууль болж байгаа гэсэн үг. Өмнөх сонгуулиудаар үлгэрт байхаар амлалт мөрийн хөтөлбөрүүдтэй монголчууд танилцаж үзэж харж сонсож эхэлсэн. Улс төрчдийн хамгийн дуулгавартай цаг үе энэ бөлгөө. Шинэ цагийн үлгэрүүдэд гэхдээ иргэд төдийлөн итгэж найдаад байхаа больж байгаа нь үлгэр хэзээ ч бүрэн утгаараа биелэгдэшгүй нь харамсалтай. Үлгэрт багтсан амлалтууд дунд итгэхэд бэрх иэнээд хүрмээр зүйлс ч цохиж явах нь энүүхэнд. Өнгөрсөн удаагын сонгуулийн үеэр элэн хөшөөм амлалт мөрийн хөтөлбөрүүд нилээд олон байлаа. Жишээ татахад монголынхоо бүх малыг дохиололжуулах. Ингэснээр бэлчээрт яваа малд сүүлтэй сүүлгүй чоно ойртохгүй болох юм гэсэн. Хар ухаанаар бодоход малд аливаа халдлага ойртоход дохиолол ажиллаж малчинд мэдээлэгдэх юм шиг байгаа юм. Азаар ийм амлалт өгч байсан эрхэм гарч чадаагүйгээр 50 саяд дөхөөд байгаа монголын бүх малыг дохиололжуулж их хэмжээний мөнгө үрэгдэх аюулаас аюрагдсан хэрэг. Энэ бол ердөө сонгогчидод таалагдах гэсэн наад захын арга. Иргэдэд таалагдаж чадвал оноо авч зөөлөн суудалд залрах эхлэл тавигдаад ирнэ. Үүний тулд л айхтар сайн таалагдах ёстой. Юу гэж хэлж ямар арга хэрэглэх нь л хамгийн чухал гэж байгаа. Анхлан нэр дэвшигчид энэ аргад суралцатлаа удна. Тийм учраас л амьтны элэг доог болсон амлалт мөрийн хөтөлбөр барьж гүйн бүтэглгүйтнэ. Жил жилийн сонгуульд нэр дэвшигчид намын үндсэн мөрийн хөтөлбөрийн зэрэгцээ өөрсдийн гэсэн амлалтаа танилцуулж эхэлсэн. Зарим нэгнийхээс онцолвол АН-аас иргэдийн хуралд нэр дэвшигч нэгэн хадагтай гэр хорооллоос нохойг арчих талаар амлаж явна. Сонгуульд нохой ямар гэм хийсэн юм бүү мэд.Эрхэм нэр дэвшигчийн нүдэнд л лав өргөс болж харагдсан. Түүний амлалт мөрийн хөтөлбөр ёсоор гэр хороолол хоггүй, тогтой дээр нь нохойгүй болох ёстой. Айл бүр дор хаяж нэг нохойтой байгаа. Тэд гудманд гарч л харагдвал устгагдана гэсэн үг. Ийм сайхан уриа лоозон өргөсөн нэгэн хадагтай нэр дэвшин харайлгаж явна. Энэ мэтээс эхлээд гоё гоё дээр нь сонин хачнаар дүүрэн амлалт мөрийн хөтөлбөрийг сонгуулийн үеэр бөөнөөр нь харж болно. Хүнд таалагдахын тулд яахаас ч буцахгүй нөхөд гудмаар нэг гүйлдэж байна. Гэсэн ч хэрхэхээ ард түмэн мэдэх хойно доо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top