Ц.Буянзаяа: Би сайн дүр бүтээхийн төлөө л амьдарч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Зохиолч, сэтгүүлч Ц.Буянзаяа. Энэ эрхэм өдгөө Булган аймаг буюу төрсөн нутагтаа ИЗНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Түүнийг нутгийнхаа зон олны өмнөөс хатуухан дуугарах эр зориг, уйгагүй хөдөлмөр, үнэнч чанараас нь гадна их авъяас нь чимж яваа залуу. Тиймдээ ч Булганы нэр дэвшигчдээс толгой цохин манлайлж явна. Түүний бичсэн  өгүүллэг, шүлгийг уншихад сэтгэл хөдөлж огшоод явдаг нь ямархан чадвартай зохиолч вэ гэдгийг илтгэх байх. Түүний бичсэн олон зохиолын түүврээс “Алтан дэлхий минь уучлаарай” номыг онцолж зарим өгүүллэгийг нь дэлгэе.
Дүр
Би сайн дүр бүтээхийн төлөө л амьдарч байна. Амьдрал бол угаасаа л урлагийн тайз. Хэн сайн дүр бүтээсэн нь аз жаргалтай амьдардаг. Энэ бол урлагийн ч хууль, амьдралын ч хууль. Би сайхан амьдрахын тулд яруу найрагчийн дүрд тоглож, яруу найрагчийн дүр бүтээхийг хүссэн. Яг үнэндээ би дүрдээ бүрэн итгэчихсэн байсан л даа. Нэгэнт л яруу найрагч учраас би үгсийн шид рүү тэмүүлж, үгийн гайхамшигаар ертөнцийг эзэмдэх гэж бодсон. Харамсалтай нь энэ орчлонд ерөөсөө сайхан үг хэрэггүй, үнэн үг хэрэггүй юм билээ л дээ. Тиймээс яруу найрагч гэгдэж буй хүн бүхэн хичнээн сайн дүр бүтээсэн ч гагцхүү тэр аз жаргалтай амьдралыг найрагчийн дүр өгдөггүй юм билээ, өгөх ч үгүй юм билээ.
Дараа нь би багшийн дүр бүтээх гэж хичээсэн. Ертөнцөд өөрийн оюун, мэдлэгээ шавь нартай өгдөг багш хүн шиг тийм сайхан дүр хаа ч байхгүй гэдэгт итгэдэг. Тэгээд би багшийн дүрд тоглохыг тулд багшийн их сургуулийг ч төгссөн. Багш ч болсон. Аанай л энэ дүр маань мөн л аз жаргалыг надад бэлэглээгүй. Хэдэн зуун шавь нарт сэтгэл зүрхээн би өгсөн. Тэр хэдэн зуун шавь нар маань үнэн чанартаа хэдэн зуун мэрэгчин шавьж л байсан. Өөртөө ашигтай бүх л тохиолдлыг тэд овжноор ашиглаж багш минь, авралын гэгээн сахиус минь хэмээн мөргөхөөс ч буцдаггүй байсан. Бүх зүйл угаасаа л хэмжээ хязгаартай хойно багш, шавийг барилдлага ч тэгсгээд л дуусчихдаг. Нэгэнт л багш, шавийн барилдлага дууссан болохоор шавь нар маань эргээд намайг шавиа болгож үзэл санаагаа тулган хүлээлгэхийг цаг ямагт анзаарагддаг болсон. Ингээд л би багшийн дүрд тоглохоо нэгмөсөн орхисон билээ.
Би бол аз жаргалын эрэлчин. Амьдрал, хүмүүсийн дунд сайн дүр бүтээхийг эрмэлзэгч … Олон удаа тархиа гашилгасны эцэст би эд баялаг бол аз жаргалын ганц түлхүүр юм байна гэдэгт итгэх болсон. Сайн наймаачин болж сайхан амьдрахын төлөө зүтгэсэн. Мөнгөнд дурлаж, мөнгөнд шунасан мянга мянган хүмүүс энэ орчлонд амьдарч байгааг тэгэхэд л ойлгосон. Зөвхөн мөнгөний хэмжээ, мөнгөний үнэ цэнээр хорвоогийн бүх л зүйлийг хэмждэг бол аз жаргал гээч мөнгө л юм билээ. Гэвч мөнгө үнэний дэргэд ямар ч үнэ цэнэгүй учраас наймаачны дүрд тоглох минь надад жаргал биш зовлон болж байсан юм.
Эцэст нь би үнэний төлөө амьдарч аз жаргалыг олохсон гэж мөрөөддөг болсон. Мөрөөдлийнхөө үр дүнд би мөрдөн байцаагч болсон. Мөрдөн байцаагчийн дүрд тоглоно гэдэг эхэндээ надад үнэнхүү таалагдаж байсан юм. Үнэнээс худлыг салгаж, дарлууллагчдыг доромжлогчдоос хамгаалж, шударга бусыг нухчин дарж, шударгыг өмгөөлнө гэдэг миний хувьд үлгэрийн баатрын дүр бүтээж буй мэт л гайхамшигтай санагдаж байлаа. Гэлээ ч үнэн хэрэгтээ мөрдөн байцаагчийн дүр бол хамгийн өрөвдмөөр, бусдын эрх мэдэлд баригдсан арчаагүй дүр байсан юм. Эрх мэдэлтнүүдийн гарын үзүүрт хүүхэлдэй мэт аашлан гүйх дүр маань үнэндээ надад ямар ч утгагүй мэт санагддаг болсон. Ингээд л би мөрдөн байцаагчийн дүрээс сайн дураар татгалзсан.
Одоо би ямарч дүрд тоглож чадахаа больжээ. Хэчнээн хичээгээд ч надад сайн дүр олдохгүй нь. Гэтэл хүмүүс ямар гайхамшигтай дүрийг бүтээнэ вэ ? Эргэн тойронд минь худалч, хулгайч, луйварчин, дарга, янхан, удирдагч, эрдэмтэний дүрийг бүтээгч сая сая хүмүүс аз жаргалаа нэгэнт олчихсон, дүрдээ бүрэн хувирчихсан амьдарч байна. Би сайн дүр бүтээхийн төлөө л амьдарсан. Хичнээн хичээгээд ч би дүрээ олоогүй. Би энэ амьдралд дүрээ олоогүй хүн . Би энэ амьдралд дүрээ олж, дүрдээ тоглож чадаагүй хүн. Би дүргүй хүн. Даан ч ийм дүр нь хорвоод байхгүй.
                                                 
                                               Хүн чанар
Хүн чанар маань үргэлж намайг шоглож явдаг юм. Сэтгэлийн минь дотор уйдаж гансарсан хүн чанар маань хийх юмаа олж ядаад л намайг тийнхүү гоочилдог байх. Тэр яг л сармагчины монш гэсэн үг. Юм л болбол дүрсгүйтэн тонгочиж хэл амны бай болно. Миний хүн чанар их хачин л даа. Ерөөсөө зүгээр байж чаддаггүй юм. Би ч гэж би. Түүнийг номхотгож чадахгүй дураар нь гаргаж орхиод бусдын ад болно. Өчигдөр гэхэд л тун дажгүй царайлаг бүсгүйд хүн чанраасаа болоод арай л алгадуулчихсангүй. Түүнтэй би зөөврийн тэрэгний буудал дээр тааралдсан юм л даа. Уул нь бүсгүй хэрэндээ л их гоёж гоодсон байсан. Харамсалтай нь түүний өмд өгзөгөн дээрээ тун ч эвгүй саарал толбо болчихсон байсан юм. Мэдээж тэр хаа нэгтээ анзааралгүй суугаад л тийм болчихсон байлгүй. Би ч эхэндээ таг дуугүй л өнгөрөе гэж бодсон юм. Гэтэл гайтай хүн чанар амар заяа үзүүлэхгүй хэл ам таталдаад байхаар нь тэсгэлгүй хэлчихсэн юм. Амьхандаа түүнийг бусдын нүдэнд сайхан л харагдуулах гэж л тэр шүү дээ. Гайхалтай нь бүсгүй намайг, миний хүн чанрыг ерөөсөө ойлгосонгүй. Бараг л харцаараа хяргах шахам харснаа:
“ -Чамд ямар хамаатай юм бэ?” гэж хашгирах шахам хэлснээ надаас зугтах нь холгүй л гүйж одов. Тэр зөөврийн тэрэг ирэхийг ч хүлээж тэвчсэнгүй бололтой. Би яах вэ дээ. Мөнөөх муу хүн чанараа зүхсээр л хоцорсон юм. Энэ бол миний хүн чанрын надад тарьдаг гайгийн хамгийн энгийн жишээ л дээ. Яг үнэндээ би хүн чанраасаа болоод найз нөхөд, хамаатан садан, ах дүүс, айл хөршийнхөндөө ад болчихсон хүн. Энд нэг жишээ хэлье л дээ. Манай хөрш залуу байнга л архи дарс уудаг эр. Уухаараа хавь орчноо түйвээж орхино. Өглөө, орой, өдөр, шөнө ер ялгаа байхгүй. Юм л болбол эхнэрээ балбан, хүүхдүүдээ орилуулж гарна. Түүнийг нэг удаа тийнхүү эхнэр, хүүхдээ орилуулаад байхаар нь би тэссэнгүй гэрт нь орсон юм. Би ч гэж дээ. Миний нөгөө л гайтай хүн чанар нь тэр байхгүй юу? Тэгтэл ёстой хөгийн юм болдог юм байна. Нөхөртөө балбуулж байсан хөрш хүүхэн маань намайг харангуутаа л нүүр, амыг минь самардах нь холгүй дайрч давшилж гарлаа. Тэр хүүхний хэлж байгаагаар би тэднийхний муу муухайг л харах гэж орсон юм байх. Сайн сайхан үед нь шагайдаг ч үгүй гэнэ. Бушуухан л гарлаа. Хэлэх ч үг алга. Тэр өдрөөс хойш манай хөршийнхөн намайг ерөөсөө нэг нүдээрээ үзэхээ больсон. Хөрш залуу маань надтай эрүүл тааралдахаараа хоолойгоо засаад нэг сүрхий дүр эсгэнэ. Согтуудаа болохоор духаараа хялайж харан мөргөлдөх гэж байгаа бух шиг царайлна. Эхнэр нь болохоор хаа тааралдсан газраа тас намжир хаян нүдээ цэхэлзүүлнэ. Нэг иймэрхүү л дүр төрхтэй болцгоосон юм. Энэ мэтээр хавийхан маань намайг хүн чанраас минь болоод үзэхээ больжээ. Ах дүүс, хамаатан саднууд маань бүр сүүлдээ зугтдаг болсон. Миний хүн чанар тэднийг юунаас ч юм учиргүй айлгадаг бололтой юм билээ. Би яахав дээ хүн чанрынхаа үгэнд ороод л тэднийг сайн сайхан амьдрахын төлөө хүн хичээх хэрэгтэй, амар хялбар замаар явсан болгон хаа нэг тийшээ төөрдөг л гэж хэлдэг юм. Энэ үг маань л тэднийг учиргүй айлгадаг байх. Заримд нь болохоор тав, арван төгрөг ч юм уу зээлдүүлж орхино. Би бол яг өөрөө харамч хүн л дээ. Гэтэл гайтай юм шиг хүн чанар маань дотроос хатгаад өгүүлчихдэг юм. Тэгээд л гай болно. Эцэстээ мөнгө ч үгүй, ах дүү ч үгүй л хоцордог юм. Арга ядахдаа би биш хүн чанар маань л өгчихсөн юм гэж өөрийгөө тайвшруулдаг болсон.

* * *
Сүүлийн үед энэ хүн чанраасаа л холдох юмсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог боллоо. Харамсалтай нь ерөөсөө салж болдоггүй юм чинь л тэр байдаг юм байна. Хэзээ нэгэн цагт л тэр хүн чанар миний дотор үүр, үндсээ бөхөөс бөх барьж орхижээ. Эсвэл урьд насандаа хийсэн нүгэл хилэнц маань л намайг хүн чанар гээч юмтай учруулсан байх. Гудамжаар хөлхөгч мянга мянган хүмүүст хааяа би атаархдаг. Тэд хүн чанаргүй байгаа байх даа гэж бодохоос л яагаад ч юм атаархал төрдөг. Харин би үхэж байж л хүн чанраасаа салах байх. Тэр үед бас хэн нэгэн азгүй амьтанд миний хүн чанар очоод наалдчих байх даа. Тэгж бодохоор л ерөөсөө үхмээргүй санагддаг юм. Хүн чанар гээч энэ нэг юмтайгаа мөнхөд зууралдаж, бусдад түүнийг халдаахгүйн төлөө их л олон зүйлийг бүтээмээр бодол ч төрөх юм. Хачин юм шүү.

Б.Манлайбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top